Г.Занданшатар: ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зарим сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-гийн зээлийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд шийдвэрлэж байна.

Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх хуулийн зохицуулалтын дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Хоёрдугаарт, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нь Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Засгийн газар танхимын буюу кабинетын зарчмаар ажиллана гэсэн заалтыг зөрчсөн. Мөн 24.4-т Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэснийг тус тус зөрчиж, УИХ-ын гишүүдийн гаргасан Засгийн газрыг огцруулах тухай саналд гарын үсгээ зурсан. Ер нь гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж, цаашид ажил шуурхай зохион байгуулах шаардлага, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг албан үүргээс нь огцруулж, чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр хүргүүлж байна. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр дээрх хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв. Түүнчлэн Ч.Улаан болон дээрх чөлөөлөгдсөн сайд нарыг орлох дараагийн сайд нарыг ойрын хугацаанд томилох шаардлагатай гэдгийг онцолж байв.

МАН-ын хувьд ЖДҮХС-гийн зээлийг хууль бусаар авсан асуудалд нэр холбогдсон гишүүддээ ямар хариуцлага хүлээлгэх талаар тодруулахад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн бус байгууллагууд өөрийн дүрэмтэй. Бага хурал, Удирдах зөвлөл зэрэг шийдвэр гаргах өөрийн бүтэцтэй. Тиймээс өөрийн дэг, журмаараа шийднэ. Зарим сайт, нийгмийн сүлжээгээр сайд нарын нэрийг холбогдуулж, гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл цацсан. Холбогдсон сайд нар дор бүрнээ няцаалт хийж, хамааралгүй бөгөөд холбогдолгүй болохоо мэдэгдсэн байгаа. Үүнд нугалаа, завхрал гарч болохгүй. Асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, үнэн, мөн нь тогтоогдох байх” гэлээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарын байр суурийг тодрууллаа.

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар: Чөлөөлөгдөх өргөдлөө сайн дурын үндсэн дээр өгсөн

-ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон учир ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө сайн дурын үндсэн дээр өгсөн. Миний хамаарал бүхий аж ахуйн нэгж ЖДҮХС-гийн зээлд хамрагдсан. Уг зээлд хууль журмынх нь дагуу хамрагдаж, төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Авсан зээлээ бүрэн төлсөн. Нэг үгээр хэлбэл Монголын төртэй тооцоо нийлсэн гэж хэлж болно. Хэдийгээр Монгол Улсын хуулийг зөрчөөгүй ч улстөрчийн хувьд, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хийж байгаа шударга ёсны тэмцэл, Монгол Улсад олон жил бугшсан улс төр, эдийн засгийн нам дамжсан бүлэглэлүүдийн эсрэг хийх тэмцэлд дэмжлэг болох үүднээс ийм алхам хийж байна. Цаашдаа УИХ-ын гишүүний хувьд сонгогчдынхоо итгэлийг хүлээж, Монгол Улсад шударга зөв нийгэм байгуулахын төлөө сонгогч, иргэд хамт олонтойгоо хамтарч тэмцэнэ. Зам, тээврийн салбарт ажил сайн явж байсан. Би анх удаа салбарын бус асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байгаа хүн байх. Тиймээс УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэх болов уу.

Манай гэр бүлийн хүн авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, 30 гаруй ажлын байр бий болгож, 20 гаруй хүүхэд асрах сувилал байгуулчихсан, ажиллаж байна. Ер нь энэ дуулиан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн талаар буруу, зөрүү мэдээлэл өгөх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг харлуулах, хууль бус мэт хардлага, давалгаа их явлаа. Би чуулганы хуралдаанд “ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс төлсөн. Харин үнэ тогтворжуулах, бондын мөнгө, Хөгжлийн банк, Монгол Улсын төрөөс хөнгөлөлттэй зээл авсан бусад улстөрчид, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хөндөж тавих цаг болсон” гэж хэлсэн. Банк бус санхүүгийн байгууллагын тухайд миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүгд тодорхой байгаа. ББСБ-ын хөрөнгийн доод хэмжээ нэг тэрбум төгрөг байх ёстой. Өнөөдөр энэ аж ахуйн нэгжийн тайлан нэг тэрбум төгрөгөөс хэтрээгүй байгаа. Анх байгуулагдсан тэр хэмжээндээ байна. Манай гэр бүлийн хүн тухайн ББСБ-ын 25 хувийг эзэмшдэг боловч өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Засгийн газрын гишүүн танхимынхаа эсрэг санал өгөх нь байдаг л үзэгдэл

-Улс төр гэдэг улстөрчдөөс ёс зүйтэй байхыг шаарддаг. Өнөөдөр хэн нэгэн хүнтэй холбож хэн нэгэн хүний дохио зангаагаар асуудалд хандсан гэхээсээ илүүтэй би улстөрчийнхөө хувьд, хувь хүнийхээ тэр тусмаа ёс зүй дээр суурилсан шийдвэрээ гаргасан. Үүнээсээ ямар нэгэн байдлаар буцах, булзах шаардлага надад байхгүй. Тийм ч учраас би кноп дарахад өөрийнхөө гарын үсгээ баталгаажуулсан. Энэ бол миний улстөрчийн шийдвэр. Мэдээж Ерөнхий сайд “Ажлаа өгөх үү” гэдэг шийдвэр гаргахад ёс зүйн хувьд ямар ч асуудалгүй гэдгээ сая орж уулзаад хэллээ. Засгийн газрын гишүүн танхимынхаа эсрэг санал өгөх нь байдаг л үзэгдэл. Ерөнхий сайд ч гэсэн Шадар сайд байхдаа өөрийнхөө танхимын эсрэг гарын үсгээ зурж л байсан. Мөн өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл ХХААХҮ-ийн сайдаасаа болилоо гэж л байсан. Энэ бол улс төрд байдаг үйл явц. Энэ шийдвэр аль талаасаа ямар байсан гэдгийг цаг хугацаа шалгаад өгнө. Би улстөрчийнхөө хувьд  өөрийнхөө гаргасан шийдвэр, ёс зүйн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч, зарчмынхаа хувьд  ч  ямар нэгэн байдлаар засаг үлдчихлээ намайг аваад үлдээч ээ гэдэг үг хэлэхгүй. Шийдвэр гарчихсан байхад чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлага байхгүй.

Би энэ намд 1988 онд элссэн. Үндсэндээ 30 жил болж байгаа гишүүн. Намыг улстөрчид бүрдүүлдэг. Тиймээс улстөрчдийн төлөвшлөөс парламентын төлөвшил тогтдог юм. Тийм болохоор УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд насны босго тавих, ажил мэргэжлийн хувьд туршлагатай байх, ёс зүйн хувьд төлөвшсөн байх, хувь хүнийхээ хувьд алдаа гаргаад байхгүй байх зэрэг шаардлагыг тавих ёстой. Ийм хууль эрхзүйн өөрчлөлтийг хийх ёстой гэдгийг илэрхийлсээр ирсэн. Ийм зүйлүүд байхгүй учраас өнөөдөр хувь гишүүн ёс зүйн алдаа гаргаж байна. Ажлын туршлагагүйгээс үүдэж элдэв асуудал үүссээр байна. Парламент хууль баталж, ард иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллах ёстой болохоос байнга томилгоо хэлэлцэж, савлагаатай ажиллаж болохгүй. Боловсролын салбар гэдэг үнэхээр том салбар. Би бүтэн нэг жилийн хугацаанд энэ салбарын төлөө нойр хоолгүй ажилласан. Боловсролын салбарт хийсэн нэг жилийнхээ ажилд үнэхээрийн сэтгэл хангалуун байгаа. Тодорхой  цаг хугацааны дараа хийсэн ажлын үр дүнгүүд гарч эхэлнэ. Үүнд би эргэлзэхгүй байна.

Б.НОМИН