Гүржийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Саломе Зурабишвили

Гүржид өнгөрсөн аравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Энэ удаагийн сонгууль Гүрж Улс 1991 онд хуучин ЗХУ-аас салж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш явагдсан долоо дахь сонгууль юм.

Гүржүүд улсынхаа төрийн тэргүүнийг зургаан жилийн хугацаатай сонгодог. Гэхдээ тус улс Үндсэн хуульдаа  нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь бүх ард түмний санал хураалтаар явагдаж байгаа сүүлчийн сонгууль болж байгаа юм. Харин дараагийн удаад улсынхаа төрийн тэргүүнийг Гүржийн парламентын гишүүдийн саналаар сонгож байх юм. Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшсэн  66 настай улстөрч, дипломатч Саломе Зурабишвили ялалт байгуулж, Гүрж Улс түүхэндээ анх удаа эмэгтэй Төрийн тэргүүнтэй болсон. Саломе Зурабишвили нь 2004-2006 онд Гүржийн Гадаад хэргийн сайд, Гүрж Улсаас Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гүржийн олон улсын бодлого, стратегийн газарт ажиллаж байсан хашир туршлагатай дипломатч, улстөрч. Тэрбээр Парисын улс төрийн шинжлэх ухааны сургууль, Америкийн Колумбийн их сургуулийг дүүргэсэн, олон жил Францын Гадаад хэргийн яаманд ажиллаж, энэ улсыг төлөөлөн НАТО, Европын холбоонд өндөр алба хашиж байсан.

Зурабишвилигийн эцэг эх нь 1921 онд Гүржийг улс төрийн шалтгаанаар орхин Францад очиж суурьшсан цагаач гэр бүл юм.  Харин 2003 онд Зурабишвили Франц Улсыг төлөөлөн Гүржид Элчингээр ирж ажиллан, 2004 онд тухайн үеийн Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили түүнийг Гадаад хэргийн сайдаар томилсноор эцэг өвгөдийнхөө түүхэн эх орондоо эргэн ирж, Гүржийн иргэншилтэй болж Гүржид ажиллах болсон байна. Зурабишвили Гадаад хэргийн сайдаар жил гаруйн хугацаанд л ажиллаж байжээ. 2005 оны аравдугаар сард тэрбээр сайдаасаа огцорч, Саакашвилигийн сөрөг хүчин рүү шилжжээ.  2010 оныг хүртэл Зурабишвили “Гүржийн зам” сөрөг хүчний намыг тэргүүлж байгаад дараа нь НҮБ-ын Иран дахь нөхцөл байдлыг судлах шинжээчдийн багт оржээ. 2016 оны парламентын сонгуулиар Тбилисийн нэгэн мажоритари тойрогт бие даагчаар өрсөлдөж, эрх баригч намынхны дэмжлэгтэйгээр парламентад орж иржээ. Түүний хувьд Гүржийн Ерөнхийлөгч болох оролдлогыг анх удаа хийгээгүй. Тэрбээр 2013 онд ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг хүссэн боловч давхар иргэншилтэйн улмаас бүртгэхээс татгалзаж байсан аж. Зурабишвили Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа   Михаил Саакашвилигийн бариулсан Ерөнхийлөгчийн ордонд ажиллах бодолгүй байгаагаа мэдэгдсэн билээ.  Мөн тэрбээр ОХУ-тай хамтарч ажиллах цаг нь болоогүй хэмээгээд Европын холбооны бодлогыг баримталж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Үүнээс үүдэж  Гүржийн зарим улстөрчид болон сөрөг хүчин нь түүнийг барууныг дэмжигч Ерөнхийлөгч гэж шүүмжлээд буй юм. Хувийн амьдралын тухайд Зурабишвили хоёр удаа гэрлэсэн. Эхний нөхөр Горжестан Гугушвилитэйгээ 22 настай байхдаа Ромд танилцаж байжээ. Тэд хүү, охин хоёртой. Гугушвилигээс салаад Саломе хүүхдүүдтэйгээ Африк явж, гурван жил ажилласан байна. Хоёр дахь нөхөр нь Гүржийн алдарт гүн ухаанч, нийтлэлч Жанри Кашия. Жанри Кашия 2012 онд 72 настайдаа нас барсан юм.

Эх сурвалж: https://fabwoman.ng/salome-zurabishvili-biography-profiles-fabwoman/

Ц.ДАВААСАМБУУ