Дэлхийн улс орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ

Польшийн Катовица хотод өнгөрсөн ням гарагт НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын бага хурал эхэллээ.

Энэ удаагийн бага хурал энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. Бага хуралд оролцогч дэлхийн 200-аад улс орны 30 мянга гаруй төлөөлөгч Парисын уур амьсгалын гэрээг дагаж мөрдөх “замын зураг” боловсруулж, байгаль орчныг хамгаалах асуудлаарх ажлын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн 2015 онд байгуулсан Парисын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээ, гэрээний биелэлт, цаашдын үйл ажиллагаа, зорилго чиглэлийн талаар хэлэлцэх юм байна. Парисын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээг дэлхийн улс орнууд 2015 оны арванхоёрдугаар сарын 12-нд баталж, улмаар 2016 оны дөрөвдүгээр сард дэлхийн цаг уурын дулаарлыг таслан зогсоох, байгаль цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт албан ёсоор нэгдсэн юм. 2020 онд хугацаа нь дуусгавар болох дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Киотогийн протоколыг орлох Парисын хэлэлцээр нь  улс орнуудыг агаарт ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээгээ бууруулах, дулаарлыг зогсоож, аж үйлдвэрлэл үсрэнгүй хөгжсөн үеийнхээс цельсийн 1.5-2 градусаас хэтрүүлэхгүй байлгах үүрэг амлалт тусгасан олон улсын чухал ач холбогдол бүхий баримт юм. Польш Улс НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хурлыг гурав дахь удаагаа хүлээн авч, зохион байгуулж байгаа юм. Өмнө нь 2008 онд Польшийн Познань хотод, 2013 онд нийслэл Варшав хотноо зохион байгуулж байсан бол энэ удаад  Катовица хотноо болж байна. Олон улсын бага хурлыг зохион байгуулахад Польш Улс 70 сая ам.доллар зориулж байгаа аж.

Ц.ДАВААСАМБУУ