Лаос Улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

ЗГХК-ын хуралдааныг Эрүүл мэндийн сайд, Комиссын монголын хэсгийн дарга, Д.Сарангэрэл, Лаос Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонг нар ахалж оролцжээ. Тус хуралдаанаар Монгол, Лаосын харилцааны өнөөгийн байдал, ЗГХК-ын 10 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг хэлэлцэн дүгнэж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон аж. Талууд Монгол, Лаосын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг тэмдэглэжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа. Түүнээс гадна хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын санамж бичгийг үзэглэлээ. Монгол Улс Лаос Улсад “Найрамдал” эмнэлгийг 1985 онд барьж өгсөн байдаг. Энэ эмнэлэг өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Мөн бид эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг харилцан туршлага солилцох, бие биенээ дэмжих тэр дундаа оюутнуудыг сургах зэрэг олон үйл ажиллагааг тусгасан санамж бичгийг баталлаа. Түүнээс гадна Лаос Улс манай улсад модон эдлэл экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд, жимс жимсгэнэ, хатаасан жимс цай, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх, манай улс мах махан бүтээгдэхүүн, хивс нийлүүлэх зэрэг олон үйл ажиллагааг тусгасан протоколыг бид баталсан” гэлээ.

Монгол Улсад хөдөө аж ахуйн зориулалтаар 10 мянган га газар түрээсээр ашиглуулах тухай Монгол, Лаосын Засгийн газар хоорондын тохиролцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын сонирхсон аж ахуйн нэгжүүдийг оролцуулах тухай хэлэлцсэн байна. Мөн Монгол, Лаосын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зам, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэж үзжээ. Манай улсаас гүн хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн Лаос Улсад нийлүүлэхтэй холбогдуулж Хүнсний хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол байгуулах саналыг тавьсан байна. Комиссын ээлжит 12 дугаар хуралдааныг 2020 онд Вьентьян хотноо зохион байгуулахаар тохиролцов.

Б.НОМИН