Монголын анхны шоколадан урлалын үзэсгэлэнгээр...

Гадаадын орнуудад шоколадаар хийсэн урлагийн гайхалтай бүтээл, хүний дүрст баримлуудын үзэсгэлэн сүр дуулиантайгаар нээлтээ хийдэг.

Манай улсад энэ төрлийн үзэсгэлэн зохион байгуулагдах нь байтугай шоколадыг зөвхөн амттан болгон идэхээс өөрөөр төдийлөн ашигладаггүй. Баримал, бүтээл хийж тусгайлсан үзэсгэлэн дэлгэж байсан тохиолдол ч байхгүй билээ. Тэгвэл тогооч Н.Зөнбилэг шоколадан материал ашиглан бүтээл урлал хийх оролдлогоо гурван жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд “Шоколад 150” үзэсгэлэнгээ MN арт галерейд гаргаад байна. Тэрбээр тогооч хүн юу хийж чаддагийг бусдад харуулахын зэрэгцээ нийгэмд бага ч гэсэн гэрэл гэгээтэй, эерэг зүйл байдаг юм шүү гэдгийг мэдрүүлэхийг хүссэн тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Шоколадаар урласан бүтээлээрээ анх удаа үзэсгэлэн гаргасан бөгөөд Монголд энэ төрлийн бүтээлийг мөн анх дэлгэж байгаагаараа онцлогтой юм. Үзэсгэлэнд шоколадаар зурсан зураг, шоколадаар хийсэн баримал бүтээлүүдээ дэлгэсэн байна. Бүтээлүүдээ урлахдаа гурван сар хагасын хугацаанд нийт 300 кг шоколад зарцуулсан бөгөөд дан хүнсэнд хэрэглэж болох түүхий эд материалыг нэмэлт чимэглэлээр ашигласан гэнэ. Үзэсгэлэн энэ сарын 6-ныг дуустал үргэлжлэх бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй.

М.ДУЛАМСҮРЭН