“Бид нэг тэнгэртэй”

УИХ-аас 2016 онд батлан гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн 32 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний “Бие даан амьдрах эрх”-ийг хангах талаар тодорхой заасан байдаг.

Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхэд “Тэгш Нийгэм Холбоо” ТББ, Монголын Бие даан амьдрах эрхийн төвүүдийн үндэсний холбоо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг тохиолдуулан “Бид нэг тэнгэртэй” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр BlueМon төвийн “Norphei Art” галерейд нээгдлээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн ажилтан н.Ням-Очирын нэг өдрөөр төлөөлүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийтлэг тохиолддог бэрхшээлийг олон нийтэд ойлгуулахад чиглэж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм ойлгож мэдэхгүйн улмаас, эсвэл тэдний эрхийг хангах дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлээгүйн улмаас саад бэрхшээл үүсээд байна. Уг нь асуудлыг зөв ойлгож чадвал өөрчлөлт хийхэд амархан гэдгийг энэ үзэсгэлэнгээр дамжуулж өгүүлэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн зургууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хууль, дүрэм, журмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ээлтэй орчинг бүрдүүлэхэд нь туслаж чадвал тэд бусдын нэгэн адил үр дүнтэй ажиллаж, амьдарч чаддаг юм шүү. Тэд үндсэн эрхээ бүрэн эдэлж чадсанаар аз жаргалтай сайхан амьдардаг юм шүү гэдгийг илтгэн харуулах гэнэ.

М.СҮРЭН