Хүүхдүүдийн амь насыг хотын дарга Су.Батболд та огцорч төл

“Бүхнийг хүүхдийн төлөө” гэх уриатай Монгол Улсад, “Аз жаргалтай Улаанбаатар”-т хүүхдүүд тоглож яваад цаг бусаар амиа алдсаар байна. Тэдний амь, бяцхан зүрхийг гэнэтийн осол гэхээсээ хариуцлагагүйн шуурга, ёс зүйгүй удирдлагуудын албан тушаалтайгаа зууралдсан унхиагүй байдал авч одсон гэвэл илүүтэй ононо.

Учир нь албан тушаалд томилогдох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, донор орнуудаас санхүүжилт авахдаа “Бүгдийг хүүхдийн сайн сайхны төлөө зориулна” гэдэг ч хүүхэд, багачуудын тоглож, наадах, алхах, гүйх зам, талбай битгий хэл амьсгалах агаарыг эрүүл, аюулгүй, стандартад нийцсэн байлгахад хуруугаа ч хөдөлгөдөггүй дарга нар хамгийн хариуцлагатай, сэтгэлтэй хандах ёстой салбаруудыг удирдаж байна.

Жишээ нь, Уулзалт бүхэнд шахуу ““Аз жаргалтай Улаанбаатар”-ыг би бүтээнэ, бий болгоно” гэж цээжээ дэлдэж харагддаг Су.Батболд та Улаанбаатарыг ядаж хүүхдэд аюулгүй хот болгочихоод ингэж хэлээч. Хүүхдэд аюулгүй хот бий болгож чадаагүйнхээ төлөө та ямар хариуцлага хүлээх вэ.

Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг хариуцаж буй Ц.Даваасүрэн сайд та, таны хариуцаж буй салбарын ажилтнуудын хайнга, хариуцлагагүй, хэнэггүй байдлаас болж хоёрын хоёр бяцхан хүүхэд алтан амиа алдчихаад байхад тоосон ч шинжгүй ширээ, сандалтайгаа зууралдсаар л суух уу.

Тоглож яваад цахилгаанд цохиулан амиа алдсан хүү, охин хоёрт та ядаж эмгэнэл илэрхийлсэн үү. Дараагийн хүүхэд тоглож яваад эндэх вий гэж урьдчилан сэргийлэх ямар нэг ажил эхлүүлсэн үү. Нийслэл хийгээд орон нутгийн бүх цахилгааны шон, монтажийг шалгаж, нягтал гэдэг үүрэг даалгаврыг ажилтнууддаа өгч, их аян эхлүүлэх сэтгэл байгаагүйнхээ төлөө та ямар хариуцлага хүлээх вэ.

Хүүхдийн төлөө гэсэн уриатай олон зуун төр, хувийн байгууллагууд, хүүхдийн элч нэртэй алдар цуутнууд, хүүхдийн нэрээр гаднынхнаас төсөв, хөрөнгө татагчид та бүхэн хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалаагүйнхээ төлөө л өдгөө хашиж буй албан тушаалаа дараагийн хариуцлагатай нэгэнд хүлээлгэн өгөх ёстой. Ядаж хэн нэг нь үлдсэн хүүхдүүдийг дараа дараагийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дорвитойхон арга хэмжээ авахыг бусдадаа үлгэрлэж, олон нийтийг уриалж, шалбархай утас, салсан төмөр, таггүй траншей, ухсан нүх, эвдэрхий зам, хүүхдэд аюултай бүхнийг цэгцэлж эхэлж болох л  байсан. Гэвч хэн нь ч тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ бяцхан үрс амиа алдсан харамсалтай үйл явдлуудыг баяр наадмын олон өдөрт Монголын ард түмэн мартсан гэж санаж суугаа бололтой. Үгүй шүү.

Хариуцсан ажлаа хийж чаддаггүй юмаа гэхэд хариуцлагаа ухамсарлаж чаддаггүй сайд, дарга нарыг сэтгэлтэй, чихтэй болтол нь сануулна.

2018.06.08
Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн шинэ эцсийн ойролцоох тогтоол усанд хүүхдүүд шумбаж байгаад хоёр хүүхэд живсэн байдаг. Аврах тусгай ангийнхан тогтоол усанд живсэн хоёр хүүхдийг гаргахад нэг нь амиа алдсан байдалтай олдсон байна. 11 настай Н хүүд эмнэлгийн тусламж үзүүлснээр амийг нь аварч чадсан юм.

2018.06.13
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн Сансрын хөлөг нэртэй тоглоом агаарт хөөрч байхдаа эвдэрч, дотор нь сууж явсан дөрвөн хүүхэд хүнд бэртэж, гэмтэн ГССҮТ-д хүргэгдсэн.

2018.06.18
Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр 11 настай хүүгийн толгой дээр унаж, хүү газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, хүү эмээгээсээ “Хөлбөмбөг тоглочихоод, удахгүй ороод ирье” гэж гуйж гараад удалгүй амиа алдсан байна. Хамт тоглож байсан хүүхдүүд “Тус талбайн хөлбөмбөгийн хаалга байнга унадаг байсан бөгөөд унахаар нь буцааж босгоод тоглодог байсан” гэсэн байдаг.

2018.06.25
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ойролцоох “Эко шинэс” хэмээх эмийн сангийн төмөр хаалганы дээгүүр татсан шалбархай утас цахилгаан дамжуулсны улмаас хаалганд хүрсэн есөн настай А гэх хүү цахилгаанд цохиулж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан.

2018.07.05
Налайх дүүргийн VI хороонд байрлах амралтын газрын хойно унасан байсан шонгийн модны тогтой утсанд долоон настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барав.

2018.07.20
Сүхбаатар аймгийн Халзан сум Хатавч багийн “Сэнжит хад” гэдэг газар 7-11 насны ах, дүү хоёр  борооны тогтоол усанд тоглож байгаад живж, амиа алдав.  
2018.07.22
Өмнөговь аймгийн Ханбогд сумын аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т байрлах Жавхлант багийн “Хөөвөр хороолол” гэдэг газар тус сумын 30 настай, эмэгтэй иргэн Э, 10 настай эрэгтэй Г нар ухсан нүхний усанд унаж, 10 настай хүү амиа алдсан.

2018.08.08
Хамгийн сүүлд буюу энэ сарын 8-нд “Хурд” группийн барьж буй “Хүннү” хорооллын барилгын талбайд тросс нь тасарсан өргөгч кран унахдаа тус газарт туслах ажиллаж байсан 17 настай хүүгийн толгойн тус газар цохиж, хүү газар дээрээ амиа алдсан.

Тэд бол алтан амиараа томчуудын ялангуяа сайд, дарга нарын алдаа, дутуу бодлого, дулимаг хууль тогтоомж, хариуцсан ажилдаа хэрхэн хариуцлагагүй хандаж буйг бусдадаа сөхөж, сэрэмжлүүлээд нартаас буцсан бяцхан зүрхнүүд. Энэ ч үүднээс зөвхөн дээрх хүүхдүүдийн төлөө хотын мээр Су.Батболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарыг хүүхдүүдийн өмнө хариуцлагагүй явж ирснийх нь төлөө яасан ч өршөөж, өнгөрөөж болохгүй. Энэ нийтлэлийг бичиж буй цаг дор ч, маргааш ч, нөгөөдөр ч сэтгэл сэртхийлгэсэн аймаар мэдээ ахин сонсмооргүй байна. Сандал ширээтэйгээ үхтэл зууралдах та бүхэнд хариуцсан салбарынхаа хүүхдэд аюулгүй байдлыг хангачих хангалттай хугацаа өнгөрсөн ч тийм зүйл болсонгүй. Хүүхдийн амь эрсэдсээр байтал ямарч ажил өрнүүлэхгүй байгаагийнхаа төлөө Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Аз жаргалтай” хотын мээр Су.Батболд та хоёр хамгийн түрүүнд бусдадаа үлгэрлэж, хариуцлага хүлээ, алдрай үрсийн алтан амийг албан тушаалаасаа огцорч төл.