Ц.Цогзолмаа: Эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын гүйцэтгэгчид удахгүй ажилдаа орно

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх  дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй энэхүү эмнэлэг, сургалтын цогцолбор 2020 онд бүрэн ашиглалтад орох юм. Энд баригдах эмнэлгийн амбулаториор өдөрт 600, жилд 180 гаруй мянган хүн үйлчлүүлж, 4300 орчим хүн  хэвтэн эмчлүүлэх бөгөөд ойролцоогоор 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэх хүчин чадалтай. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явц ямар байна вэ?       

-Барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах нэг хэрэг. Хамгийн гол нь өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухал. Энэ талаар Жайка байгууллага дэмжлэг үзүүлж энэ эмнэлэгт суурилуулах орчин үеийн өндөр шийдэлтэй техник тоног төхөөрөмдээр ажиллах эмч нарыг бэлтгэх талаар судалгаа хийж байна. Ямар мэргэжлийн эмч нарыг ямар хугацаагаар сургаж дадлагажуулах вэ гэх мэт асуудлыг одоо ярьж байна. Ингээд  2019 он гарангуут эмч нарыг сургах ажлыг эхэлнэ.

-Эмнэлэг, сургалтын цогцолборын барилгуудын заримыг нь Монголын тал барих юм билээ. Эдгээр барилгын ажлууд хэзээ эхлэх вэ?

-Эмнэлэг, номын сан, сургууль, оюутны байр гээд кампус маягаар цогцоороо төлөвлөгдсөн. Монгол Улсын Засгийн газрын хүлээж байгаа үүргийн дагуу дөрвөн барилгын тендер зарлагдаад  14 хоногийн өмнө гүйцэтгэгч компаниуд нь шалгарсан. Тэд одоо ажилдаа орно. Тэгэхээр өнөөдөр бидний танилцаж байгаа энэ барилгын ажлуудтай хамт дээрх дөрвөн барилгын ажлын бүтээн байгуулалт хийгдээд явна. Анх удаа иж бүрэн төлөвлөгдсөн кампус баригдсанаар оюутнуудын сурах орчин  сайжирна. Тэр тусмаа эмч хүн гэдэг хүний амь насыг хариуцдаг хариуцлагаатай мэргэжил. Энэ цогцолбор ашиглалтад орсноор өндөр мэдлэгтэй, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэгдэж гарах нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн төвшнөөс шат ахисан үр дүнг энэ цогцолбороосоо хүлээж байгаа. Тиймээс үйл ажиллагааны төвшинд, барилга байгууламж, техник технологийн түвшинд цогцоор нь шийдэж байж нааштай үр дүн гарна. Эмнэлэг, сургалтын цогцолбор ашиглалтад орсноор иргэдийн хувьд гадаадын улс орнуудад өндөр төлбөртэйгөөр эмчилгээ хийлгэдэг байдал багасч тэр их мөнгөний урсгал Монголдоо үлдэнэ. Тиймээс энэхүү эмнэлгийн цогцолборыг хурдан ашиглалтад ороосой гэсэн хүлээлт олон нийтэд байгаа.

-Цогцолборын барилгын хөрөнгө оруулалт Жайка байгууллагын зүгээс гацаж, бүтээн байгуулалтын ажил удааширч байна гэсэн мэдээлэл цацагдсан. Тийм асуудал үүссэн юм уу?

-Ямар нэг байдлаар гацаж удааширсан зүйл байхгүй. Ялангуяа Японы Засгийн газрын зүгээс санхүүжилт буцсан, хүлээгдсэн асуудал гараагүй. Монгол Улсын Засгийн газраас үлдсэн барилгуудын хөрөнгө оруулалтын асуудлыг энэ оноос эхлээд гурван жилийн хугацаанд шийдээд явна. 2018 онд л гэхэд 15 тэрбум төгрөг төлөвлөсөн.