Эдийн засгийн өнгийг тодорхойлогчид ашгаа ахиулжээ

Эдийн засгийн өсөлтийг дагаад санхүүгийн бүхий л салбарт сэргэлт ажиглагдаж эхэллээ. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй компаниуд энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагнаж байгаа.

“Говь”, “Сүү”, “Тавантолгой”, “АПУ” зэрэг Монголын эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилтийн нүүр царай болсон компаниудын ихэнх нь  ашигтай ажиллажээ. Зарим нь өмнөх жилийнхээ ашгийг энэ оны эхний хагас жилд олж чадсан байна. Хөрөнгийн зах зээл хөгжихийн хамгийн том шалгуур нь компаниуд сайн засаглалтай, ил тод, нээлттэй, олсон ашгаа хувьцаа эзэмшигчидтэйгээ хуваах явдал байдаг. Энэ жишиг манайд жилээс жилд сайжирч байгааг дээрх компаниудын тайлан илтгэнэ. Ингээд эдийн засагт хувь нэмэрээ оруулж буй дөрвөн компанийн эхний хагас жилийн тайланг сийрүүлэн хүргэе.

“АПУ” компани гаднаас авсан 36.8 тэрбум төгрөгийн зээлээ төлжээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй шингэн хүнсний салбарт томоохон орон зайг эзэлдэг “АПУ”  болон “MBC” компаниуд өнгөрсөн жил нэгдсэн. Ингэснээр тус компанийн үйл ажиллагаа улам өргөжсөн юм.

Экспортын хувьд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон, БНСУ зэрэг орнууд руу бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг. Энэ оны хагас жилийн байдлаар “АПУ” ХК нь 278 нэр төрлийн 65 сая литр бүтээгдэхүүнийг борлуулж, 201 тэрбум төгрөгийн орлого олж, 33.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Улсын төсөвт 120 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна. Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85 хувиар өсч, бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 хувиар нэмэгджээ. Компанийн эхний хагас жилийн борлуулалтын орлого болон цэвэр ашгийн хэмжээ ийнхүү нэмэгдсэн нь өнгөрсөн онд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсантай холбоотой бөгөөд цаашид 2019 онд төлж дуусах валютын зээлийг хугацаанаас нь өмнө дуусгах, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зэргээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Түүнчлэн энэ оны хоёрдугаар улиралд  Кредит Суиссе-с авсан 15.3 сая доллар буюу 36.8 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө барагдуулсан. Сүүлийн хагас жилд үлдсэн зээлийг төлөх төлөвлөгөөтай ажиллаж байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэллээ.

“АПУ” компанийн зах зээл дэх хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг бөгөөд энэ оны эхний улирлын  байдлаар нийт 7264 мянган ширхэг буюу 4.7  тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр дөрөв дахин, үнийн дүнгээр найм дахин өссөн үзүүлэлт юм. Хувьцааны ханш нь 633 төгрөг байна. “АПУ” компанийн хувьцаа Монголын хөрөнгийн биржээс тогтоодог идэвхитэй арилжигдсан 20 үнэт цаасны  гуравдугаарт эрэмбэлэгджээ. Тус компани 2006-2017 онд буюу нийтдээ 11 жилийн хугацаанд 38.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Өнгөрсөн онд “АПУ” компани нийт 10.6 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа 10 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ.

“Сүү” ХК 7.05 тэрбум төгрөгийг бонд эзэмшичдийнхээ дансанд байршуулсан байна

Оны эхний хагас жилд “Сүү” ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өсч, 35 тэрбум төгрөгт хүрчээ. Харин цэвэр ашгийн хэмжээ 8.3 хувиар өсч, 2.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.  “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Манай компани таван аймгийн газар нутгийн 30 гаруй чиглэлээс 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээс сүү татан авдаг. Сүүний гарц татардаг өвлийн цагт сүү бэлтгэн нийлүүлэгчдээс долоон тонн сүү авахын тулд 250 гаруй малчид, фермерийн гадаах зэлэн дээр очдог байсан. Харин “Макс Агро” цогцолбор ферм ашиглалтанд орсноор нэг дороос энэ хэмжээний шингэн сүүг авдаг болж байна. Улаанбаатар хотын есөн дүүрэг, аймгийн төвүүд, томоохон суурин газруудад 3000 гаруй цэгт хүрэн түгээлтээ хийж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар “Сүү” ХК 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалж байна” гэлээ. Тус компани шинэ техник, технологи нэвтрүүлснээс гадна 2017 онд олон нийтэд санал болгон худалдсан, хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнийн дүнтэй компанийн өрийн хэрэгсэл болох “Сүү бонд”-ийн эргэн төлөлтийг хийсэн юм. Сүүний татан авалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51.4 хувиар нэмэгдсэн нь түүхий эдийн нийлүүлэлт нь хүртээмж багатай, улирлын хамааралтай үйлдвэрлэлийн хувьд чухал үзүүлэлт болжээ. “Сүү” ХК “Сүү бонд”-ын эргэн төлөлтийг хийж, 7.05 тэрбум төгрөгийг бонд эзэмшичдийнхээ дансанд байршуулсан байна.

Жижиг “Тавантолгой”-н борлуулалтын үйл ажиллагааг хоёр сарын хугацаатай боожээ
 
Монголын эдийн засагт нүүрсний салбар жин дардаг. Экспортын татварын орлогын голыг нугалдаг Тавантолгойн бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг гурван гол компани бий. Орон нутгийн өмчит тодотголтой “Тавантолгой” ХК, “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд юм. Монгол Улсаас гадаад зах зээлд нүүрс борлуулж эхэлсэн үүх түүхийг ярьвал орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийг онцгойлж ярих хэрэгтэй юм. Учир нь Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” компанийн уурхай 2004 оноос нүүрс экспортлох ажлыг эхлүүлснээр Монгол Улсын гадаадад нүүрс борлуулах гараа эхэлсэн байдаг. Тэрчлэн Монголын эдийн засагт онцгой хувь нэмэртэй салбарыг манлайлан түүчээлсэн түүх тэднийх. Мөн тус компани нь Тавантолгой ордын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудаас дотоодын зах зээлд нүүрс худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ ялгардаг. Монголын хөрөнгийн бирж дээрх  зах зээлийн үнэлгээ нь 580 тэрбум төгрөг, улсад жилд 120 сая ам.долларын татвар төлдөг юм. “Тавантолгой” компани 197.5 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нүүрсээ уурхайн аман дээрээс шууд борлуулж байна.

Энэ оны эхний хагас жилд “Тавантолгой” компанийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64 хувиар буурч, 90.5 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 66 буурч, 19.3 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй гарчээ. Учир нь тус компани энэ онд дөрвөн сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байсан боловч өнгөрсөн тавдугаар сараас хойш Сангийн яам болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, борлуулалтын үйл ажиллагааг хоёр сарын хугацаатай зогсоосон байна. Нүүрсний ханш өндөр өсөлттэй байгаа өнөө үед борлуулалтын үйл ажиллагааг зогсоосон нь компанид төдийгүй улсад нэн хохиролтой байгаа тул үүссэн асуудлыг яарал­тай шийдвэрлэж, үйл ажиллагааны хязгаар­лалтыг зогсоох талаар идэвхтэй ажиллаж байгаа талаар компанийн удирдла­гын зүгээс тайлбар­лалаа.  Хэрэв тухайн хугацаанд үйл ажиллагаа хэвийн үргэлж­лүүлж байсан бол нэг сая тонн нүүрс олборлон бор­луулж, 108.8 тэрбум төг­рөгийн борлуу­лал­тын ор­логотой, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашиг­тай ажил­лаж улсад 36 орчим тэр­бум төгрөгийн татва­рын орло­го бүрдүүлэх боломжтой байсан гэдгийг мөн хэлэв.

Үндсэн үйлдвэрлэлийн тоо хэмжээ бага байгаа­тай холбоотойгоор борлуу­лалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 2.8 дахин буурчээ. Харин нэг тонн нүүрсэнд ногдох борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн нь дэлхийн зах зээл дээр эрэлт өссөнтэй холбоотой аж. Ногдол ашгийн тухайд, тус компани  2011 оноос эхлэн нэгж хувьцааг 100 дахин хувааж, 52665200 ширхэг хувьцаатай болсон байна. Тавантолгой компани өнөөдрийн байдлаар 317574 ширхэг буюу 3.3 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр буурсан ч мөнгөн дүнгээр 44.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нэгж хувьцааны үнэ эхний хагас жилийн төгсгөлд 9655 төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.

“МИК Холдинг” компанийн борлуулалтын орлого 115.7 тэрбум төгрөгт хүрэв

Хөрөнгөөр баталгааж­сан үнэт цаас гарган дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр борлуулах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, хүн амыг орон сууцаар хангах зорилгоор “МИК Холдинг” ХК байгуулагдаж байв. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг анхдагч зах зээл буюу банкуудаас худалдан авч тэдгээр зээлийн хөрөнгөөр баталгаажуулан үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулагчдад борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Тус компани 2015 онд IPO хийн, 37.2 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээлээс босгож, хувьцааны бүртгэлийн нэгдүгээр ангилалд бүртгэгдэж байжээ. “МИК Холдинг” ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувиар өсч, 115.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин цэвэр ашгийн хэмжээ 17 хувиар буурч, 30.8 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй гарчээ. Тус компани цаашид ипотекийн зээлээр баталгаажсан бондын багцыг худалдан авах ажиллагааг үргэлжлүүлэн шинэ төрлийн барьцаат үнэт цаас гаргах, олон улсын банк санхүүгийн байгууллагуудыг хувьцаа эзэмшигчдийн бүтцэд оруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.