Гэмтлийн эмнэлгийн “согтуу” шөнө

Дух руугаа өшиглүүлснээс болж сохрох эрсдэлд орсон нэгэн, архины шилээр цохиулсан залуу, эхнэр нөхөр хамтдаа архидаж нэгнээ бэртээсэн хэргүүд ар, араасаа цувсаар үүрээр нэг намжив.

Нэвт салхилах хүйтэн коридор, өвдөлтдөө шаналан үе үе ёолж байгаад намдах өвчтөн, хүмүүсийн хурхирах чимээг анирдан бодолд дарагдах сахиураас бусдаар чимээгүй шөнө Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Хүзүү, нуруу нугасны гэмтэл согогийн тасагт өнгөрнө. Харин хүлээн авах тасагт байдал эсрэгээрээ. Эмч нар шөнийн турш амь тэмцэн ажиллаж, шуурхай оношлон, эрэмбэлэн ялгаж тасгууд руу шилжүүлж буй дүр зураг үргэлжилнэ. Хүүхдийн уйлах чимээ, хөлчүү залуус, санаатай болон санаандгүй байдлаар шархдаж, түлэгдсэн өвчтөнүүд бас бие биенээ хөөргөсөн таахалзсан эрчүүдийн хөлчүү дуу Хүлээн авах тасагт үл тасарна. Гэмтлийн эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг нийт 16 эмч, 19 сувилагч, дөрвөн гипсний техникч, нэг хөтөч сувилагч болон туслах сувилагчийн бүрэлдэнхүүтэй ажилладаг. Харин биднийг энд хоносон шөнийн ээлжинд дөрвөн эмч, тасгийн хоёр жижүүр зэрэг нийт 10 хүн хонож ажилласан юм.

“Аятайхан байх юм бол виза чинь гарна шүү,бацаанаа”  хэмээн орилох согтуу залуугийн өөдөөс “Бид Монголдоо байна аа. Аль эсвэл цалин багатай зовж байхаар явчихдаг ч юм бил үү” гэх эмч сувилагч хоёрын хоорондоо ярилцах дүр зураг биднийг ирэхэд угтав. Шөнийн ээлжинд гарч буй эмч Х.Батдэлгэрэх “Би хавсарсан гэмтлийн эмч. Энэ сард хүлээн авах тасагт ажиллана. Өдрийн ээлжид долоо хоног дараалж гардаг. Хүлээн авах тасагт гурав хоногтоо 16.00 цаг ээлжинд гарч 56 цаг амардаг. Манай оройн ээлж 16.30 цагт жигдэрсэн. Өглөөний 07.00 цаг хүртэл нийт 296 хүн яаралтай тусламж үзүүллээ” гэв. Энэ сарын 11-ний өглөөний дүн мэдээгээр өчигдөр Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 88 хүн гипс хийлгэж, 70 хүн согтуу үйлчлүүлж, ил болон далд шархтай 114 хүн өвчтөн үйлчлүүлэв. Хэвтэн эмчлүүлэхээр 38 хүн ирсэн ба энэ ээлжийнхэн 449 хүнд анхан шатны болон шаардлагатай тусламж үзүүлжээ. Үүнээс гадна ГССҮТ, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэмт халдагад хохирч шууд хүргэгдэж ирсэн, бүртгэл хийлгээгүй иргэдийг харьяа дүүргийн цагдаагийн холбогдох шатанд мэдээллэж ажилладаг. Тухайлбал, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагаар ирсэн өвчтөний учир шалтгааныг тодруулж, цагдаагийн 102 утсанд мэдээллэсэн эсэхийг лавлаж дамжуулж өгөх үүрэг давхар хүлээдэг аж.  
Шархны өрөөнд оёдол тавиулахаар тусламж эрсэн хүмүүсийн дийлэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн байлаа. Найз нөхөд, ажлын хамт олноороо дарвиж, хоорондоо зодолдон, нэгнийгээ шархдуулсан хүмүүсийн  ихэнх нь согтуу байсан бөгөөд дөрвөн сартай жирэмсэн эмэгтэй нөхөртөө уурлахдаа гараа шилэнд цохисон гэнэ. Шалтгаан нь өнөөх л архи. Энэ өдөр “Sunrise 2018” хөгжмийн фестиваль болсон учир энэ шөнийн гол дүр согтуу залуус байлаа. Бие биенээ хөөргөн, цусаар будагдсан нэгнээ шоолох, гипсдүүлсэн гарныхаа зургийг даран хөгжилдөх хөлчүү залуус, энд тэнд ална тална гэх дуу нь хадсан 20-25 насны залуу үеийнхэн даанч хайран санагдав. “Эмч ээ, оёдол нь сорвигүй эдгэх болов уу” хэмээн уйлж, хөмсгөө оёулж буй сурагч охиныг барны зөөгч  хүргэж иржээ. Тасралтгүй уйлах охиныг зовнингуй ширтэх сувилагч  “Аав ээж чинь ийм сайхан охин төрүүлж байхад, ингэж явах ямар хэрэгтэй юм бэ. Одоо уйлаад яахав дээ дүү минь” хэмээн аргадна. Дух руугаа өшиглүүлснээс болж сохрох эрсдэлд орсон нэгэн, архины шилээр цохиулсан залуу, эхнэр нөхөр хамтдаа архидаж нэгнээ бэртээсэн хэргүүд ар, араасаа цувсаар үүрээр нэг намжив. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумаас ирсэн иргэн Б Төв аймгийн Заамарт айлын гадаа машинаасаа буухдаа алт ухаж байсан найман метр гүн нүхэнд унажээ. Уг газар ямар ч тэмдэглэгээ байгаагүй ба өвс ногоо их ургасан учраас харагдах орчин хязгаарлагдмал байсан бөгөөд иргэн хүний эрүүл мэнд хохирсон нь тухайн газарт тэмдэглэгээ хийх ёстой байсан талаар гэрийнхэн нь нилээд бухимдалтай байлаа. Өглөөний 07.50 цагийн үед Нийслэлийн яаралтай тусламжийн төв буюу 103 утасны дуудлагаар 44 настай залуу ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ирэхдээ зүрх нь зогссон байлаа. Гэрийнхнийх нь ярьж буйгаар архи ууж гарч яваад,  толгойндоо бэртэл авч, бинтээр боогоод хоносон гэнэ. Үүрээр сэрж, боолтоо шалгаж 06.00 цагийн үед хүрэн шар өнгийн зүйлээр бөөлжсөн ба эргэж унтаад сэрэхгүй болохоор нь 103 дууджээ. Гэнэтийн болсон хэрэгт гаднын нөлөө байж магадгүй хэмээн гэр бүлийнхэн нь шүүх эмнэлэг дуудсан юм. Цагдаагийн өрөөний гадна итгэж ядан уйлах ар гэрийхэн нь үнэхээр сэтгэл өвтгөм. Савнаасаа бусдыг дийлдэг сархдын балаг Гэмтлийн эмнэлэгт ийнхүү нэмж ачаалал байв.  

Могойнд хатгуулж ирэх хүүхдүүдийн тоо олширчээ

Монгол Улсын хүн амын 15.2 хувь нь 0-16 насны хүүхэд байдаг. Энэ нь бусад оронтой харьцуулбал өндөр үзүүлэлт. ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт, энэ сарын 11-ний өглөөний дүн мэдээгээр 0-16 насны 77 хүүхэд яаралтай тусламж авчээ. Тодруулбал, 7-13 насны дөрвөн хүүхэд мориноос унасны улмаас хэвтэж эмчлүүлэхээр болов. Мөн найман сартай хүүхэд буцалсан усанд түлэгдэж, халуун цай татсан, байшингаас үсэрсэн, хоёр настай хүүхэд орноос унасан зэрэг гэмтэл бэртэлтэй байв. Эцэг эхчүүд баяр ёслол, амралт зугаалгаар явахдаа аль эсвэл гудамж талбай, гэртээ ганц хором л анхаарал сарнихад хүүхдийн эрүүл мэнд хохирч талаар эмч ярьж байлаа. Түүнчлэн согтуудаа хүүхдээ зодох, иртэй зүйлээр зүсэх, хүчирхийллийн хэргүүд их гарч буй талаар ч эмч нар хэлэв. Тэдний зүгээс хүүхдийг зориулалтын тоглоомын талбайд тоглуулах, автомашины ослоос сэргийлэн зориулалтын суудалд суулгах, гудамж талбай, байрны гадна гэмтэж болохуйц эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх болон зугаалгаар явахдаа ууланд шавьж, могойнд хатгуулахаас болгоомжлохыг анхааруулж байсан юм. Сүүлийн өдрүүдэд могойнд хатгуулсан хүүхдүүд их ирж байгаа бөгөөд тавдугаар сараас эхэлж Төв аймаг, Сүхбаатар, Дорнод болон говийн аймгуудаас хүүхдүүд ирж байгаа гэнэ. Эцэг эхчүүд мориноос унасан хүүхдээ эмнэлэгт хүргэхээсээ өмнө дур мэдэн бариачид очсоноор савх, шилбэ, дунд чөмөг, бугуйг хэт чанга боосноор тэндээ удаан дарагдлын хам шинж үүсч, олон удаагийн мэс ажилбар хийдэг тухай эмч нар анхааруулсан юм.

Эрүүл мэндийн салбарыг дан ганц эмчээр төсөөлхийн аргагүй юм. Тэдний ард олон чадварлаг сувилагч, асрагч бий. Өвдөлтийг нь мартуулахын тулд өвчтөнөөс янз бүрийн асуулт асууж, аргалж байгаа эвлэгхэн сувилагч бүсгүй ажилдаа дадсан гэж жигтэйхэн. ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн ажилтны бусад эмнэлгийн ажилтнаас ялгарах онцгой чадвар нь бүгдийг хийж чаддагт оршино. Хүүхдийн эмч зөвхөн хүүхдэд, түлэнхийнх түлэнхийдээ гэсэн тогтсон ойлголт байдаггүй бөгөөд үхэл амьдралын заагт хүргэгдсэн өвчтөнг аврахын төлөө бүгд нэгэн зэрэг ханцуй шамлан орж буй нь бахдам байлаа. Сувилагч Э.Баянзул “Би хүлээн авах тасагт хоёр дахь жилдээ ажиллаж байна. Ажлынхаа анхны өдөр туршлагагүй учраас маш их сандарч, айж байсан. Өдөр болгон цус, шарх хардаг ч гэлээ дасна гэж байдаггүй. Бид өвчтөний шархыг цэвэрлэж, заримдаа хөнгөн оёдлоо өөрсдөө тавих ч тохиолдол бий. Архиныхаа ааг оомгийг гаргаж ядсан хүмүүс ирж, биднийг цохих, дарамтлах явдал цөөнгүй. Өдөр бүр хүнд нөхцөлд ажилладаг ч би ажилдаа дуртай” гэсэн бол сувилагч Н.Цэрэндулам “Би 28 жил эрүүл мэндийн салбарт ажилласан. Бидний ажил мэргэжлийн онцлогийг ойлгоё гэвэл нэг өдөр хангалтгүй. Доод тал нь нэг сар бидний дунд ажиллаж байж зөвхөн захаас нь ойлгоно. Хүлээн авах тасаг халуун цэгт өрнөдөг учраас үр дүн нь нүдэнд илт байдаг. Амиа хорлохоор завдсан үхэл амьдралын зааг дээрх өвчтөн ирэхэд бид амь насыг нь аврахын төлөө цустай дотуур хувцсыг нь хүртэл цэвэрлэдэг. Ар гэрт амьдрал орхигдож, цалин хөлс багатай байдаг ч гэлээ “Баярлалаа” гээд гарах өвчтөнөө хараад сэтгэл сэргэдэг” гэсэн юм. Мөн тэр “Ажлаа хийж байхад зүрх шимшрэх үе цөөнгүй тохионо. Хүний сайхан охин хөлөө тайруулж байхад сэтгэл өвдөхгүй хүн байхгүй, дагаад л уйлна шүү дээ” хэмээн нулимсаа арчин суув. Уг нь эмнэлгийн шалан  дээр тодорхой зааварчилж, чиг заасан зураг байдаг ч түүнийг олж харах хүмүүс цөөхөн юм. Ид ажлын үеэр хүн болгонд хариулаад байх цаг зав эмч, сувилагч нарт үнэндээ алга. Гэмтлийн эмнэлэгт хоносон нэг шөнө хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээ, нэгнийхээ урдуур дайрч орох шунаг зан бас л харуусам төрхийн нэг байлаа. Эмч нар хамгийн хүнд өвчтөнөөсөө эхэлж үзэх гэхэд “Та нар хүнд суртал гаргалаа” гэх бөгөөд нинжин сэтгэл, эрүүл ухамсар тэндээс олж харсангүй. Нэг эмчид дунджаар 100-гаад хүн ногдож байхад бүгд л зэрэг үзүүлэх гэж бухимдацгааж, ачаалал үүсгэсээр байлаа.