Сирийн дүрвэгсдэд зарцуулах төсвөө нэмэгдүүлэхийг уриалав

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли Сирийн дүрвэгч 33 мянган иргэний гэр болоод буй Иракийн хагас автономит күрд үндэстнүүдийн Домиз лагерьт өнгөрсөн саруудад ажилласан байна.

Найман жилийн өмнө эхэлсэн Сирийн иргэний дайны уршгаар 1.8 сая хүн төрөлх нутгаасаа дайжин, гаднын орнуудад цагаачлаад байгааг Анжелина Жоли дурдахын зэрэгцээ “Дэлхий нийт энэ хэрэгт анхаарлаа хандуулаасай” гэж хүссэн юм. 2011 онд одоогийн Домиз лагерь нь саравч, майхантай жижиг тосгон байсан бол одоо байшин, дэлгүүр, хоолны газруудтай суурин болсон аж.

Жоли “Сирийн дүрвэгсдэд зориулсан НҮБ-ын төлөөлөгчийн газрын төсөв 2017 оноос хойш багасаж, агентлаг нь шаардлагатай төсвийнхөө 50 хувийг л хүлээж авсан. Ирж буй тусламжууд жил ирэх тусам багассаар байна. Түүнчлэн дүрвэгсдийн гэр бүл эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийг хангалттай авч чадахгүйд хүрсэн. Охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж, ихэнх хүүхэд сургуульд явж чадахгүй байгаа бөгөөд бид дүрвэгсдэд хөрөнгө оруулах боломжоо дэмий зүйлд үрэн таран хийж байна. Хүүхэд, эмэгтэйчүүд, залуу гэр бүлүүд асар ихээр өртөж, зовж, шаналж байгаа Сирийн дүрвэгсдийн асуудалд дэлхий дахин хангалттай хөрөнгө оруулж чадахгүй байна” гэсэн юм. Мөн тэрбээр Сирийн дайнд нөхрөө алдаж, хүүхдүүдээ өсгөж буй өрх толгойлсон хоёр эмэгтэйтэй уулзахад тэд өдөр өнгөрөх тусам амьдралын түвшин нь улам дордож, хүүхдүүдээ өсгөх, тэжээхэд хэцүү болж байгаагаа ярьсныг чухалчилж байлаа.

Анжелина Жоли Иракийн хойд хэсэгт байрлах томоохон хот Мосулд мөн очсон байна. Тус хотыг “Исламийн улс” бүлэглэлийн дайчид гурван жил эзэмшсэний дараа өнгөрсөн жил Иракийн хүч буцаан авчээ. Жоли “Мосулын ихэнх хэсэг хэвийн байдалдаа орж байгаа ч сэргээн засварлалтын явц удаан байна. Энэ бол НҮБ-ын дүрвэгсдийн төлөөлөгчийн газартай ажиллаж байх хугацаанд харсан хамгийн аймшигтай сүйрэл. Хүмүүс бүх зүйлээ алджээ. Тэд туйлдаа хүрсэн байна. Энэ хотыг сэргээн засварлах ажил үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Олон улсын нийгэмлэгүүд Мосул хотыг бүү мартаасай гэж хүсэж байна” гэсэн юм. Жоли 2011 оноос хойш НҮБ-ын дүрвэгсдийн төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж Ирак, Камбож, Кени улсуудад очсон. Тэр Ирак руу тав дахь удаагаа очиж байгаа билээ.

https://www.globalcitizen.org/en/content/angelina-jolie-syria-refugees-jordan/