НАСА нарыг судлах сансрын хөлөг хөөргөлөө

НАСА өчигдөр АНУ-ын орон нутгийн цагаар 03 цаг 31 минутад сансрыг судлах хөлөг эх дэлхийгээс хөөргөлөө. “Delta IV Heavy” хөөрснөөс хойш 40 орчим минутын дараа тойрог замд нэвтэрсэн аж.

Төхөөрөмжийн гадаргууг 10 сантиметр зузаан дулаан тусгаарлагч нүүрстөрөгчийн хөвөн бүрхүүлтэй бүтээсэн нь целсийн 1400 хэмд тэсвэртэй байх боломжийг бүрдүүлсэн байна.

НАСА нарны аймгийн нууцлаг шуургуудыг илрүүлэх замаар дэлхийг хам­гаалахын тулд 1.5 тэрбум ам.дол­ларын өртөгтэй сансрын хөлөг бүтээсэн нь энэ юм. “Parker Solar Probe” нэртэй уг хөлөг нь манай дэлхийн зэргэлдээ гараг Сугартай ойрхон өнгөрч, дараа нь нарыг тойрон эргэх юм. Энэ үедээ нарны халуун атмосферт шумбан орж мэдээлэл цуглуулах даалгавартай аж. Энэ бол хүн төрөлтхний түүхэнд хамгийн өндөр хурдтай аялах хөлөг гэдгээрээ онцлог. Төхөөрөмж нь суудлын машины хэлбэртэй ба түүнийг тээгч “Delta IV Heavy” пуужин нь 72 метр урт, 15 метр өргөн, 600 гаруй тонн шатахуунтай ажээ.

Тус хөлөг нь ирэх есдүгээр сарын сүүлчээр Сугар гарагийн дэргэдүүр анх удаа нисэж, арваннэгдүгээр сард нарны ойролцоо хүрээд анхны мэдээллээ арванхоёрдугаар сард эх дэлхий рүүгээ илгээх ёстой юм байна. Нийтдээ долоон жил үргэлжлэх аяллын хугацаанд уг хөлөг Сугар гарагийн хажуугаар дахин зургаан удаа өнгөрөх гэнэ.

Дэлхий дээрх амьдралын гол эрчим хүчний эх үүсвэр болдог нар нь тайлагдаагүй олон нууцтай. Түүний нэг нь нар үзэгдэх гадарга (фотосфер гэдэг) дээрээ цельсийн 5.500 хэм халуун байдаг ч нарыг тойрсон титэм (corona) хэмээх давхарга үүнээс 500 гаруй дахин халуун буюу цельсийн гурван сая хэм байдаг явдал юм. “Parker Solar Probe” хөлгийн зорилго нь энэ үзэгдлийн шалтгааныг тайлбарлахад хэрэгтэй мэдээлэл цуглуулах юм. Цаашлаад наран дээр дэгддэг соронзон шуурга юунаас болж үүсдгийг судлах гэнэ.