СЭТГЭЛИЙН ОРОН ЗАЙ

Сүхбаатарын талбайн зүүгээр хойш урагш өнгөрөх бүрийд залуу насны дурсамж сэдэрдэг гэхэд болно. Сургуульд орохоор зорьж хөдөөнөөс хэзээ мөдгүй ирэх намайг харуулдаж миний цаашдын насны хань минь жаран жилийн тэртээх намрын яг л энэ өдрүүдэд хөшөөний зүүн талын энэ сандлуудын аль нэгэн дээр цөөнгүй удаа ирж хүлээж суудаг байсан гэдэг.

Хотод түрүүлж ирэхдээ өөрийнхөө байрлах айлын хаягийг надад хэлэлгүй ирсэндээ гэмшиж гэхүү дээ өөрийгөө ингэж шийтгэж сууж л дээ. Хэзээ явахаа  хэлэлгүй гэнэт алга болсон тэр бүсгүйн энэ ойлгомжгүй  алхам нь бас тэрүүхэндээ далд учиртай байсан шиг. Хэрвээ энэ залуу үнэхээр л над сэтгэлтэй байгаад хамт амьдаръя гэж бодож байгаа бол манай гэрээс миний буусан айлын хаягийг асууж сураглаад ирэх биз гэж намайгаа битүүхэн сорьж, хотын одоогийн гудамж замаар бол “хэвтээ цагдаа” маягийн  жижигхэн тээг тавьж үлдээсэн шиг байгаа юм. Гэрийнхнээс нь би тэр болгон  асууж зүрхлэхгүй, харин нэг үдэш жижүүртэй, ажлынхаа гадаа сууж байтал тэр жил арав төгсч байсан дүү банди нь хүрч ирж  надтай мэндлээд хэдэн үг сольсноо ах аа та хотод очоод эгчийн хаягийг мэдэх үү гэж байна. Би учраа хэллээ. Хоёр эр хүн  учир ойлголцож тэр хүү эгчийнхээ бичиж үлдээсэн хаягийг над өгснөөр их сургуулийн элсэлтийн шалгалтыг яаж давна даа гэхээс илүү зовоож байсан бүлхийг минь авч хаяснаар би хотод очоод хаашаа зүглэх чигтэй болж билээ. Хаягаар нь төвөггүй эрж олоод намайг тэр айлын хашааны хаалгаар орж очихыг олж хармагцаа мань хүн харин бишүүрхсэн хүүхэд шиг юмны цаагуур гүйж орж байсныг нь би тод санадаг юм.

Нэг нь их сургуулийн оюутан, нөгөө нь шар дэлгүүрт данс тооцооны ажилтан гээд халх буриад хоёр нийлж айл болж байгаа нь энэ. Хань маань Дамбын Дэнсмаа, Дорнодын Баян-Уул сумын уугуул. Бурхантай ч зүйрлэхэд буруудахгүй ухаантай хадам эх, ахгүй над төрсөн ахтай ч зүйрлэмгүй ачлалтай хадам ах гээд хадмын талынхан, сайн сэтгэлт ахан дүүс анд нөхдийн ач тус нөмөр нөөлгөөр манайх айл болсон. Хуучин циркийн урд, засгийн газрын ажилчдын хашаанд сангаас гэр авч  өгч хадам ах маань биднийг орох оронтой болгосон юм. Ирэх хавар нь анхны охин минь мэндэллээ. Хөдөөнөөс Ажаа (намайг үрчилсэн эх Ж.Халтар) маань ирж хүүхэд харлаа. Жил өнжөөд л нэг бүл нэмдэг, тэр бүгдийг асрах газар, цэцэрлэгийн хажуугаар Ажаа минь л хүн хийсэн дээ. Шинэхэн ханилсан бид хоёрт цаг хугацаа өнгөрөх дутам ханийн амьдралын амт шимт, халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж сурах хичээх, үр хүүхдээ арчилж өсгөхийн урамд хөтлөгдөж хэн алин маань  ажил хичээлээсээ яарч ар гэрийн зүг зүтгэдэг, миний хувьд сургууль гэр хоёр ойрхон, хань минь л тэртээ хол дэлгүүрээс яаж амжиж ирж очиж ажлаа амжуулж завсарт нь нялх нярай хүүхдээ хөхүүлж байсныг одоо ч ойлгоход бэрх. Ажлаа өдөр нь амжуулахгүй, шөнөжин сампин тачигнуулж хонох үе зөндөө, урьд нь санхүүгийн сургуульд сурч байгаад өвчний учир гарчихсан, үндсэндээ оройн долоогийн хэмжээний дульхан цэнэгээр яаж тэр хэдэн худалдагчийн  данс тооцоог алдаа мадаггүй барьж байсныг нь бодохдоо ханиараа бахархдаг байсан. Дандаа л яарч явна. Нэг зун манайх хүүхдүүдээ агаарт гаргах гэж гурван буудал тийш айлын хашаанд гэрээрээ гарсан. Эхнэр маань аанай л хүүхдээ хөхүүлэх гэж хүний дугуй унаж өдөр яарч ирэхэд нь би сургууль руу гарч байсан болохоор нэг сүрхий эр хүн болоод авгайгаа ардаа суулгаж аваад засмалаар ороод урагшаа жийж гарлаа. Гай болж нэг эрлийз бүдүүн үнээ зам хөндлөн хөшилдөөд зогсчихдог, урдуур нь мушгих гэтэл цаанаас нь машин гараад ирэхэд нь гишгээд орхитол онх бууж миний дороос дугуй, дээрээс зэгсэн бадируун биетэй авгай маань дарж унаад  хорчигор эр миний бие гэмтэж бэртээгүй нь их юм, ёолж ёхолсоор босч ирэв. Азаар харин авгай мэнд, дугуй бүтэн. Тэр маань дугуйгаа унаж аваад үг дуугүй алга болж өгөв. Уурласан болов уу, гэхдээ уураа тэр бүр илчлэхгүй, хожим хойно юү ч болоогүй юм шиг тайван учирлахаар нь наад хүн галзуураагүй л бол хүлээж авахаас өөр аргагүй болж, энэ маягаар хань минь хэзээний түргэлүү намайгаа засч залж ирсэн хүн дээ. Эднийхэн ер нь ийм даацтай сэтгэлтэй амгаландуу улс. Ээжийн нөлөө их л дээ,   хар залуугаасаа нөхрөөсөө бэлэвсэрч үлдсэн тэр эрэлхэг дайчин тэвчээртэй бүсгүй гэрэлт хорвоогийн зуу шахам жилийг туулж өнгөрүүлэхдээ хилс баривчилгаа, хирдхийлгэсэн нугалаа, дайн дажны хөлд өртсөн гээд үзээгүй зовлон гэж бараг үгүй, бас ч үр хүүхэд нь өсч өндийгөөд сайн цагийн эхийг захадсан гээд жаргах цагтаа жаргаж, энэ хүний амьдрал тэр аяараа буриад зоны туулж өнгөрүүлсэн түүх  гэж хэлж болно. Хал үзэж өссөн зургаан хүүхэд нь бусдын дайтай ажил амьдрал зохиож, зөвхөн гар хөдөлгөж ам тосдоно гэсэн хатуу зарчимд хөтлөгдөж ирсэн болхоор энэ хорь хорин нэгдүгээр зууны өнгөнд Дамбын Бадамжавынхан гэж дуудуулж ирсэн буриад омгийнхон, түүний дотор миний өрх толгойлсон гэр бүлийн амьдрал өнгөрсөн жар гаруй жилийн дотор  төрдөө нэртэй, түмэндээ жишигтэй, төвшин амгалан явж ирсэн нууц тайлагдана.

Ингэж  тоочиж байгаагийн учир ойлгомжтой, жаран жил хажууд минь байж бараг тал бие минь болж Гүнсэнгийнх гэдэг айлыг авч явсан насны хань минь одоо нэгэнт байхгүй, бурханы оронд заларсан цагаас хойш бүтэн жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Би гэдэг хүн хэдий юухан хээхэн бичиж олон түмэнтэй санал бодлоо  хуваалцдаг мэргэжлийн атлаа амьдралд тохиолдсон  аймшигт мэдээг бусдад хүргэхээс бэргэж, тэрхэн үед цахим бичүүр рүү зүглэхээс хамар шархирч нулимс бүрхээд  ухаан санаанд ч юм орж ирэх төлөвгүй болохоор нь энд тэнд мэдээлж эмгэнэл сэлт нийтлүүлэхээс цааргалж үлдсэн байдаг. Одоо жилийн нь ой дээр ханиа дурсч цөөн үг хэлж сэтгэл засах гэсэндээ  жаргал зовлон тоочсон энэ хэдэн мөрийг хэлхэж сууна. Амьд хүн аргатай гэгчээр би яахав төрийн түшиг, түмний ивээл, хэдэн хүүхдийн өргөмжөөр болж бүтэж л сууна. Хүүхдүүд минь намайг арчилж тойлох гэж хол ойроос зүтгэж сарвайх тоолонд энэ их ачлал, үр хүүхдийн сайхан сэтгэлийг хань минь надаас түрүү амсах учиртай байсан хүн дээ гэж бодохоос  сэтгэл хямардаг. Төрүүлж өсгөсөн энэ хэд маань ямар хүмүүс болж аав ээжийнхээ ачийг аль хэр хариулах бол гэдгийн зах сэжүүрээс хүүхдүүд маань ээжийгээ амьдад эрхбиш харуулж амжсан болов уу гэж боддог. Хавар нь ээжийнхээ биеийг муудаж эхлэхээс л хэн нь ч санаачилсан юм бэ, хүүхдүүд над ч хэлэлгүй хоорондоо ярилцаад биднээс гапий ч  гаргуулалгүй Зуслангийн байшинг маань хөлсний хүнээр элбэлцүүлээд гуравхан хоногт сэмбийтэл засаад тавьчихсан. Дараа нь бас л тэр маягаараа өвлийн байрыг сэмбийлгэж дуустал ээж нь хэвтэрт орсон доо. Юу ч гэсэн хүүхдүүдийнхээ ид хавыг зах зухаас нь мэдэрсэн болов уу. Оршуулгын ажил дээр хүүхдүүд надаас эрхбиш үг сонссон л байх, ах дүү түмтэй хамсарч  өөрсдөө хөөцөлдөөд л хоёрхон  хоногийн дотор бүх юмаа ян тан болгоод хамгийн сайхан тохижсон оршуулгын газарт орчин үеийн жишгээр ёс төртэй сайхан оршуулсныг ах дүүс тэнд хуран цугларсан зон олон харсан л байх. Ууган хүүгээр нь үг хэлүүлдэг юм бил үү гэж бодож байснаа би өөрөө хэлье гэж шийдсэн.

Нас бие гүйцсэн үеэс энэ хүнтэй жаран жил хамт хоолоо хувааж идсэн хүн хорвоод надаас өөр байхгүйн учир эцсийн замд нь үдэх үгийг надаас өөр хэн ч хэлэх билээ гэж бодсоных. Буяны ажилд гүйцэтгэсэн миний оролцоо гэвэл үндсэндээ энэ л байх.

Хань минь эзгүйрээд жил тойрлоо. Жил гэдэг нэг бодлын ахархан, нөгөө талын барагдашгүй хугацаа юм. Сэтгэлийн орон зайд хань минь байсаар л байх, байхдаа бодох дурсах тоолонд урьд амьд сэрүүнд нь гүйцэд ухаарч амжаагүй өөр өөр учиг сэжигээр сэргээгдэж сэтгэлд хадагдаж үлддэг юм байна. Амьддаа бие биенээ хайрла гэгчээр амьдад нь хажуудахиа харж үнэлж цэгнэж баймаар юм байна шүү дээ. Хүний сайн үхсэн хойноо гэдэг үг  ч эндээс сурвалжтай байж мэдэх. Сайн хүн гэж хэн байхав гэсэн тодорхойлолтыг би ханиасаа, үр хүүхдүүд нь ээжээсээ энэ хугацаанд бүр сайн лавшруулан ойлгож  мэдэрч авч байх шиг санагдлаа. Олон түмний мэдрэмж бүхнээс илүү. Танай хүн ховорхон хүн, түмд нэр нүүртэй сайн хүн байсаан гэдгийг хол ойрынхон бэлэн хэлээд өгч байх шиг санагдсан. Бидний хүнд өдрүүдэд  орж гарсан хүмүүсийн тоо алдагдсан. Огт санаандгүй хүмүүс хичнээн гэж санана. Онцгой хүмүүс ч байна. Талийгаачийн шарилыг эмнэлэг рүү аваад явсан дор манай өөдөөс харсан хаалганы гэр бүлийн хоёр орж ирсэн, казах залуус л даа, нарийндаа гэвэл бид айлсаад удаагүй байгаа улс. Алтантээл, Ира гээд хөөрхөн ааштай хос залуус хоёр  хөөрхөн хүүхэдтэй, хөгшин маань ээжтэй нь  гадаа ярьж суусаар анх танилцсан улс. Орж ирүүтээ л бид харамсч байна гээд бүсгүй нулимсаа барьж чадахгүй уйлчихдаг юм. Хөгшний биеийг чилээрхэх үеэс л хоёр хүүхэд  Өлгий рүү аавдаа хэл хүргэж элдэв ховор жигүүртэн амьтны мах захиж авчруулж тусалж байсан улс.   Бид ямар урьд өмний танил, удаан нөхөрлөсөн андууд биш, халуун хайлган сэтгэлтэй энэ хүүхдүүд, тэдний аав ээжид бид үнэхээр их баярласан, бас өрөвддөг, одоо  ч энд дурсахдаа нүдний аньсага чийгтэж  л байна. Хүн хүнээ таньж мэднэ, хүн ёсоор  ойлгоно гэдэг заавал тэгэж хугацаа шаарддаггүй  гэдгийг энэ казах омгийнхон хэлээд өгч байгаа,  ойлголцол дотнослын эхийг талийгаач минь тавилцсан, ганц энэ биш он жилийн уртад манай гэр бүлийн амьдрал энэ л жишгээр хөллөж амьсгалж ирсэн юм шүү дээ гэж бодохоос сэтгэл уясана.

Хань минь ямартай ч  олонтой л хүн байсан. Орсон гарсанд ундтай устай. Манай нутгийнханд бол надаас илүү л гэхээс нэр хүндээр дутуу байгаагүй. Ямар ч байсан эзгүй хойгуур нутгаас ойр дотны хэн нэгэн ороод гарлаа гэхэд манай хүн өр тавьж байгаа болов уу л гэхээс өөрөөр сэтгэл зовж үзээгүй л юм даг. Намайг өсгөсөн төрүүлсэн хоёр ээж маань хорвоогийн жамаар өтөлж хөгширч өвчин эмгэг тусч хоёул манайд бидний өргөмжид байж цуварч нас барсан. Төрүүлсэн эх Л. Думаа хуучнаар бол нарийнтаж хоолой руу нь юм орохоо байж хүний гарт орж удаан зовж өнгөрсөн. Хөдөөнөөс ирсэн дүү нар, хажуугаар нь Ажаа маань дэргэд нь байж амыг нь цавлаж арчиж цэвэрлэж тусалдаг, харин  хань маань отгон хүүгээ төрүүлэх гээд тулгар гэдэстэй гэртээ байсан болохоор эцэж турж өвчиндөө шаналж зовсон хадам эхийгээ өвчнөөс нь бага ч гэсэн сатааруулах гэж  өдөр бүр дэргэд нь хэсэг зуур очиж сууж   өөрийнх нь туулсан амьдралаас асууж яриулж, бас өөрсдийн амьдрал, үзсэн харснаа сонин болгож хуучилж ярьж өгөхөд цаад хүн их дуртай, тэр чинээгээр бас ч өвчнөөс нь бага ч гэсэн хөнгөлж зөөллөж өгдөг байсан байх. Тэгээд урьд нь удаа дараа хүндрэлтэй төрдөг байсан бэрийгээ гэнэтхэн нэг шөнө өвдөж эмнэлэгт очоод  зоволгүй дорхноо төрчихлөө гэдгийг сонсоод  хадам нь баярлахдаа өвчнөө ч  мартаж өндийн сууж “Тэгнээ миний хүүхэн сайхан сэтгэлтэй хүн зовохгүй төрнө гэж би бүр бодоод дотроо залбираад байсан юм гээд нулимс унагаж байсан юм даг. Хүсэл залбирал нь санаснаар биелсэнд ч сэтгэл амарсан уу, хадам нь хоёр хоногийн дараа л хорвоог орхисон доо. Хүмүүний зураг тавилан ийм л байдаг байна гэдгийг эндээс бид мэдэрч, үнэн сэтгэлээс  хэн алиныхаа төлөө санаа зовсон хоёр хүний харилцан барилдлагыг ийнхүү нүдээр үзэж биширцгээсэн билээ.Үрчилсэн эх Ажаа маань хожуу, тэгэхдээ бараг гэнэтхэн шахам өвдөөд л эмнэлэгт хэд хоноод нас барсан.  Хань минь Ажаатайгаа бас их дотно, биеийг нь эвгүйрхээд хөл нь хөрч гээд заримдаа хөлийг нь өвөртөө хийгээд дулаацуулж өгч байгаа харагддаг сан. Ийм бэр хэр олон байдгийг мэдэхгүй, тэжээсэн ганц үр нь гэх би л лав Ажаагийн хөлийг тэврээд сууж байгаагүй л байх.  Ханийн өрөвч өглөгч, өр нимгэн сэтгэлийг ингээд  тоочъё гэвэл захгүй юм нурших болно.  Хээлтэй юмуу хөхүүл жингэрийг хэзээний л олоод харчихсан, хоол аваачиж өгч байж сэтгэл амардаг, тагтаа хооллуулах гэж цонхны гадна тавцанд будаа цацдаг байснаа  өвчин тараах аюултай гэсэн шүүмжлэлд өртөж байлаа. Хүүхдүүд нь дууриагаад бага охин маань нэг удаа сая гөлөглөсөн жингэр хараад гуанзнаас хуушуур аваачиж өгч буянаа барлаа гэж эмээдээ зэмлүүлсэн байдаг. Хүүгийнхээ урилгаар Энэтхэгт очоод байхдаа Делийн гудамжинд гараа тоссон ядууст тав гурван зоос сарвайж яваад огт задгайгүй болсон үед нялх нойтон олон хүүхэд үүрсэн чирсэн, өөрөө эцэнхий туранхай ч гэж туйлгүй, нүд ам, хацар самсаа нь хонхойж ширгэсэн нэг хөөрхийлөлтэй бүсгүйтэй тааралдаад өгөх юм байхгүй өнгөрсөндөө туйлаас харамсч энд нутагтаа ирсэн хойноо ч байн байн үглэж дурсч суудаг сан.   Намайг хэдэн жил Москвад алба хашихад хөгшин маань ЭСЯ-ны худалдааны төлөөлөгчийн газрын зочид буудалд жижүүр хийдэг байлаа. Олон хүүхэдтэй айл гээд Москвагйн радиогоос манайд хоёр тусдаа байр олгосон байсан, тэгээд эмчлүүлж яваа, буудлын хөлс төлөх мөнгөгүй, ядарсан зүдэрсэн гээд байсгээд л зочид буудлаасаа таних танихгүй хүмүүсийг бүр хоёр гурваар нь авчирч байрлуулдаг байсан гээд энэ жишгийн юм яривал зөндөө л юм тоочих болно. Бид хоёр хоёул ааваасаа эрт өнчирч хагас өнчин өссөн болоод ч тэр үү, нас ахиад ч тэгсэн үү,  сүүлдээ хэний маань ч нулимс их ойрхон болсон санагддаг. Заавал үхэл хагацалд биш, хөндлөнгийн хүн баясах, ухаандаа телевизээр “Зүүд биш байгаа даа” гэхчлэн нэвтрүүлгээр  амьдралд гэнэтийн аз жаргал тохиох, үхлийн ирмэг дээрээс  хэн нэгнийг аврагдахад бид хоёр заримдаа хоёр биенээсээ нуугаад нулимсаа арчиж суух бол энүүхэнд. Амьтны ертөнц харж суухад арслан ирвэс зэрэг араатан бусад амьтан руу дайрах, барьж идэхээр завдахыг хөгшин маань үзэж чадахгүй, хүүе бушуу унтраа л гэдэг сэн. Энэ бүхнийг би сайны жишээ болгож  байгаа юм биш, сэтгэлээ барьж чадахгүй  сул тал ч гэж хэлэх хүн хэлэх л  байх.

Хөгшин маань надаас хол давуу урлаг спортын мэдрэмжтэй, залуудаа гар бөмбөг, ширээний теннис тоглоод хөлсөө гаргаж ажлын алжаалаа тайлчихдаг, бүр нэг үе шар дэлгүүрийн хүүхнүүдийг уруу татаж нөхөрлөл байгуулаад завгүй дээрээ бүр завгүй улс болчихсон бужигнаж харагддаг сан. Товчоор хэлэхэд идэвхгүй, гэрийн эзэгтэй байхыг хэзээ ч хүсдэггүй байсан. Захиалсан сонинууд ирэхэд надтай урцалдаж шахам уншиж гарчигладаг, телевизийн мэдээ, урлаг спортын сувгийг орой бүр бүрсгэж амждаг байсан гээд улс орны амьдрал, дэлхий ертөнцийн сонин хачнаас тэгтлээ хоцордоггүй. Даахгүй нохой булуу хураана гэж өөрийгөө шоолон барин сониноос эмчийн зөвлөгөө, хүүхдийн хүмүүжлийн сэдвээр хайчилбар бэлдэж үдэж хадаж авсан нь заримдаа өөрт төдийгүй өрөөл бусдад тус болдог байсан, одоо ч хүүхдүүд хааяа сөхөж харж амьтан хүнд уншиж өгч байгаа харагддаг.

Миний бичсэн тэрлэснийг унших сонсох дуртай, заримдаа бүр чи сайхан уншдаг, унш би сонсъё гэж намайг хөөргөж байгаад уншуулна.  Болжээ болж гэх юмуу  миний өвгөн ч бичжээ бичиж гэхчлэн хааяа олзуурхахад  нь би оосойно.   Миний бага сага бүтээлийн анхны редактор байсан гэх үү дээ. Бид хоёр ингэж л суудаг сан. Тэр минь аль ч намын гишүүн байгаагүй, гэхдээ улс төр нийгмийн амьдралаас зай бариагүй, тэрүүхэн хэмжээндээ үе тэнгийхэн ойр дотны хөгшчүүлтэйгээ санал бодлоо хуваалцдаг, зарим үед ятгахдаа ятгаж, маргахдаа маргадаг ч байсныг үгүйсгэхгүй. Хүүхдийг хүний өөрийн гэхгүй, буруу зөрүү гишгэсэн хавь ойрын хүүхдүүдийн хажуугаар дуугай өнгөрч тэвчдэггүй, тэглээ гээд тэдэнтэй өстөн болоогүйг хавийн хүүхдүүд хэлэх л байх. Хурал цуглаан, нийтийн ажилд бусдаас түрүүлж л гарна, тэртээ хойно биеэ  тааруухан байхад л оффшорчдыг эсэргүүцсэн цуглаанд  оролцоно гээд хүүхдүүдийнхээ машинд суучихаж  байсан даа. Намайг голдог ч байсан уу, тэр болгон нийтийн ажил төрөлд гар барь гэхгүй, ямар сайндаа би СӨХ-ийн хуралд хааяа очихдоо юу хэлэх, ямар санал тавих гэхчлэн хөгшнөөсөө чиглэл авдаг байсан гээд л бод. Өнөөдөр гэхэд өнөр бүлд маань, үр хүүхдийн хэн нэгний амьдралд, ер нь нийгмийн зүгээс их бага асуудал тулгараад ирэхэд хүүхдүүд  миний амыг харна, би өөрийн толгой доторхийг шүүрдэхээс гадна хөгшин минь байсан бол энэ асуудалд яаж хандах байсан бол гэж заавал эргэцүүлж бодно. Хань минь ийм л жишгийн байр суурийг өрх гэртээ төдийгүй хавь ойрынхондоо үлдээж дээ гэж бодохоос бахархал төрдөг.  Хан-Уул дүүргийн нутагт буурь засаад манайх хагас зууныг ардаа орхиод нилээн хэдэн жил болж байгаа. 120 мянгатын энэ байр хэдийгээр миний нэр дээр ирсэн ч намайг эзгүйд жирэмсэн авгай маань дарга дээр ороод л шинэ байрны түлхүүр авчихсан сууж байсан шүү дээ, би орсон бол ажилд ороод гуравхан жил болж байсан жулдрай бандид хичнээн нэр төр олж боломжийн ажиллаж байсан ч гээд тэр дор нь байрны түлхүүр гардуулна гэдэг бол тэр үедээ, тэгээд тэр том байгууллагад зүүдлэхийн гарз байсан  гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Ингэхлээр зөв санаатай зөв ажил үйлтэй эгэл жирийн эх хүний үг ямар үнэтэй, тэрний минь нүүрийн буян ямар хүчтэй байсны бэлэн жишээ энэ мөнөөс мөн гэлтэй.

Манайх долоон хүүхэдтэй, цөм аль эрт туурга тусгаарлаж өнөр өтгөн айл өрх болцгоож түрүүч нь тэтгэврийн хүмүүс болоод жаран жилийн өмнө  хоёрхон хүний үүсгэсэн гал голомт одоо гурван тивд арав гаруй айл өрхийн жараад халуун ам бүл болон аж төрж байна. Хөвгүүдийн дээд талын хоёр нь төр улсдаа ажил зүтгэлээ үнэлүүлж хүртсэн Алтан гадас одонгоо зүүцгээн аавтайгаа ижилсүүлж  зургаа татуулсан  байгаа. Охидын хоёр нь гадаадад аж төрж, хоёр нь эндээ гээд тэдний хэн аль нь хувиа хүнд өгөхгүй л аж төрж ажил амьдрал залгуулж явна. Тэдний маань ач зээ нар гээд цэцэрлэг сургуулийн насныхан бас нэг багаахан анги дүүргэлт хийчих хэмжээний болоод байна уу даа. Сурлага хүмүүжил нь гайгүй л юм шиг дуулддаг. Энэ бүхэнд ээжийн, эмээгийн гавьяаг үнэлж барахгүй гэж шуудхан хэлчихэж болно. Өөрөө хэзээний шударга шулуун зантай. Үүгээрээ тулгуурлаж үр хүүхэд ач зээ нартаа шаардлага тавьж ирсэн. Хүүхдийн хэн  нь билээ  нэг нь багадаа нэг газраас хүүхдийн тоглоомон сэлэм олж ирснийг анх хаанаас авсан газарт нь харж байж буцааж аваачиж тавиулж байсан гэдэг. Манайх хүүхдийн багаас л талхны мөнгө,  талхнаас үлдсэн хэд гурван төгрөгөө нэг их нууж далдлаад байдаггүй, ил задгай орхидог байсан. Тэгээд сургачих дээр хүүхдүүд мөнгө дур мэдэж авахгүй, мөнгөнд шунахгүй болох гээд цаашдын хүмүүжлийн олон юмны эх болж өгдөг юм шиг санагддаг. Хуурч худал хэлж болохгүй, хулгай хийж болохгүй гэж байнга үглэж дуулж байхын оронд багаас нь л энэ мэт харахад ялимгүй ч хүүхдийн өдөр дутмын амьдралын бодит үйл ажиллагаагаар дамжуулж биечлэн ойлгуулж мэдрүүлэх илүү үр дүнтэй байх шиг. Зах зээлийн нийгмийн энэ үед бол энэ маань бүр ч амин чухал шаардагдаж байгаа юм биш үү. Хичнээн эрдэм боловсрол эзэмшиж ямар ч өндөр албан тушаалд очлоо гээд  унаган хүмүүжилд нь сэв суусан байсан бол дорхноо шуналд хөтлөгдөж өөрөө өөрийгөө  шорон гянданд хөтөлж оруулж байгаа жишээг бид өнөөгийн амьдралаас хангалттай харж болохоор байна.  Ингэхлээр хөгшний минь барьдаг гол зарчим, манай хүүхдүүдийн унаган хүмүүжил өнөөгийн нийгэмд, цаашдын ирээдүй хойчид ч чиг баримжаа алдаагүй байгаа юм гэх итгэл төрүүлдэг гээд хэлчихэд өөрсдийгөө хэт дөвийлгөсөн болохгүй болов уу. Хөгшний минь нийгэмч сэтгэл зүтгэл, хүүхдүүдийн маань төлөв төвшин хүмүүжлийг үнэлж хавь ойрынхон, хороо дүүргийн хамт олны төлөөлөл, нам олон нийтийн зүгээс манайхыг удаа дараа өргөмжилж “Тэнгэрлэг гэр бүл”, “Эрхэмсэг гэр бүл” гэхчлэн цол гуншин хүртээж өргөмжлөл батламжаа ирүүлсэн байдаг. Хөгшинд маань ч  төрийн бус байгууллагаас хүндэтгэл үзүүлж “Энэрэлт ээж” гэж гоёмсог тэмдэг алдарт эхийн одонгуудын нь хажууд зүүж өгч л байсан. Энэ бүхэн айлын гоёл биш л дээ, үр хүүхдүүдийг маань, өнөөгийн ач зээ нар, ирээдүй хойчийнхны хүмүүжилд нэгэн зүйл хөшүүрэг гэсэн үүднээс бид хүндэтгэн хоймортоо залж байдаг юм.

Хань минь өнгөт хорвоод мэндлээд ная гаруй нас сүүдэр зооглох зуураа өнөр бүлдээ ийм л биет болон биет бус арвин их өв бүрэлдүүлж ирээдүйн сайн сайхны эх үүсвэр бүхнийг  тарьж үлдээгээд   хорвоог орхиж тэнгэрийн орондоо заларсан даа. Өвгөн минь надаас хойш ядарна даа гэж хэлдэг байсан. Би ч түүнийхээ гарыг харж сурчихсан арчаагүй амьтан, хөргөгчид байгаа юмаа авч идэж мэдэхгүй, өдрийн цайнаар ил байгаа юухан хээхнээр аргацааж яваад хөгшиндөө зэмлүүлдэг байсан хүн шүү дээ. Тэгээд хань минь хүүхдүүдээсээ дутуугүй миний төлөө л санааширч амьсгал хураасан болов уу гэж санаа зовох үе байдаг. Нас барснаас нь хойш  өглөө бүр хэдэн хөөрхөн хөх бух шувуу нисэлдэн ирж урд цонхны торон хашлага дамжин хөөцөлдөж шулганаж байснаа намайг орноосоо босон өндиймөгц дэрхийн нисч хаашаа ч юм алга болдогсон.  Талийгаач минь хангайн хүн сэн, хар багаасаа энэ шувууг энхрийлэн хайрлаж эрхэлж хөөцөлдөж өссөн гэдэг. Хань минь тэгээд тэнгэрт морилсон үеэсээ газарт үлдсэн намайгаа түр ч гэсэн сатааруулах гэж тэр бяцхан шувуухайнуудыг тэнгэрийн элчээр зарж илгээв үү дээ гэж уймарч суусан удаа бий. Өвчин нь хүндрээд найдлага тасрах тийш хандаж байсан үеэр хань минь нэг өглөө над руу эгцлэн харснаа -Би яахав өвгөөн? гэж сулхан дуугарсан асуулт нь надаас нууцхан унагасан дусал нулимснаас  өөр хариу сонсоогүй, тэгээд энэ бол ханийн минь наддаа хандсан бараг  сүүлчийн асуулт, хорвоо ер нь над ийм хүнд асуулт хэзээ ч тавьж байгаагүй санагддаг. Одоо ч үүнийг дурсахад  нүдээр ус гүйж  л сууна. Энэ бол миний сул тал гэдгээ мэдэж байгаа ч хүний сэтгэлийн орон зай гэдэг барагтай юмыг хаяж гээдэггүй сав юм байна. Сэдрэх аян шалтгаа ч олж яддагүй бололтой. Өдөр нь санаандгүй явснаа гаднаас орж ирэхээр гэрийн хаалга түлхэх зуур ч юмуу ялигүй юмнаас сэтгэл гэнэт сэдрэх сэмрэх бол энүүхэнд. Хүүхдүүдийн эзгүйд гэртээ орох нэг л хэсэгтээ хэцүү байдагсан, насан турш өмнөөс угтаж дасал болсон дулаан уур амьсгал, тос даасан өнгө, ханийн минь юутай ч зүйрлэшгүй урин дөлгөөн харц, энэ бүхэнтэй зэрэгцээд өрнөдөг өдрийн дуулсан үзсэнээ сонин болгож хөөрөлдөх халуун яриа хөөрөө гэхчлэн юу эс билээ тэр бүхэн эзэнтэйгээ хамт үүрд биднийгээ орхиж дээ. Тэгэхдээ сэтгэлээ барьж тайвшруулж ухаж бодвол энэ бүхэн амьдралын өнгөц тусгал, бодитоор авч үзвээс энэ хэр над ч хүүхдүүдэд маань ч дутаж гуцах зүйл төдий л үгүй, бүх юм болж бүтэж, эхийгээ орлож үлдсэн хүүхдүүдийн минь халуун өргөмж, хамгийн гол нь хэдэн хүүхдүүд минь өөр өөр ааш зантай ч хоорондоо эв найртай, бие биенийхээ гачаал зовлонг түргэн мэдэрч чадах ядахаараа харилцан тус дэм болцгоож байгаагий нь харахад сэтгэл баясч эдэндээ харагдаж ганц хоног ч гэсэн  аав  нь амьдрах хүсэлд хөтлөгдөж явна гэдгээ тэнгэрт байгаа хайрт ханьдаа дуулгая даа.  Хань минь түргэн сайн төрөл олж  хүний ертөнцдөө амгалан жаргаарай. Ум сайн  амгалан болтугай!

Ханиа  дурссан Лувсандоогийн Гүнсэн (СГЗ, сэтгүүлч)