Тариалан эрхлэгчдийг тоног төхөөрөмжийн түрээсээр дэмжинэ

ОХУ-аас газар тариалан эрхлэх зориулалттай 21 төрлийн 196 ширхэг техник, тоног төхөөрөмж өнгөрсөн долоо хоногт ирсэн.

Өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэрэг 10 мянган ам.долларын өртөг бүхий техник, тоног төхөөрөмжийг Хөгжлийн банк болон ОХУ-ын “Внешэконом” банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд манайд нийлүүлж байгаа юм. Тус тоног төхөөрөмжийг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулж, аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 4.62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгохоор болсон байна.  Өнгөрсөн жилийн тухайд тус сангаас үр ариутгах бодисын  20 хувь, бордооны 10 хувь, үрийн буудайн 40 хувь, шатахууныг 100 хувиар хангаж байжээ. Харин үрийн шинэчлэлд ОХУ-аас 8000 тонн элит үр авч, тариаланчдадаа олгосон бөгөөд энэ намар ургацаа хураах юм байна.

Ийнхүү буудай, үр тариа тарьдаг компаниудын үйл ажиллагааг улсаас дэмжсэний хүчинд 100 хувь механикжсан байдаг. Харин төмс, ногоо тариалдаг компани, иргэдийн хувьд 50-60 хувь нь л механикжсан байдаг гэнэ. Хүнсний ногоонд механикжилтын төвшин 20-30 хувь гэсэн дүн гарчээ. Ихэнх ажил нь гар ажиллагаагаар явагддаг. Ямартай ч Швейцарийн хөгжлийн агентлагаар санхүүждэг “Монгол ногоо” төслийн хүрээнд “Загвар нэвтрүүлэх төв” байгуулж, хүнсний ногоо тариалдаг бага оврын техникүүдээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд түрээслэдэг тухай холбогдох албаны хүн мэдээлсэн юм. Хүнсний ногоог бага талбайд тариалдаг учраас өндөр үнэтэй техник худалдаж авч чаддаггүй байна. Энэ чиглэлээр Польш Улсын Засгийн газрын зээлээр 3.2 сая еврогийн өртдөг бүхий төмс, хүнсний ногооны бага оврын техникүүдийг оруулж ирэхээр болжээ. Санхүүжилт нь ороод ирвэл 100 хувь мөнгийг нь төлж авах биш, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулж, 20-30 хувийн урьдчилгаа төлөөд үлдсэн 70 хувийг нь таван жилд цувуулаад хүүгүй төлөөд явах боломжтой бөгөөд бага талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг ногоочид техник авах боломжтой болж байгаа юм.

Энэ жил Засгийн газраас долоо аймаг, 60 сум, 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон. Тус бүс нутагт цаг агаарын төлөв байдалтай уялдуулан энэ жилийн хаврын тариалалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 3-наас эхлүүлж, зургадугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийжээ. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байна. Энэ сарын 20-ноос намрын ургацын баланс гарна гэдгийг холбогдох яамнаас мэдээлж буй.

ОХУ-аас орж ирсэн тариалалт эрхлэх зориулалттай 21 төрлийн 196 ширхэг техник, тоног төхөөрөмж түрээсээр авахыг хүсвэл дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.  

Дамжуулах түрээсийн үйлчилгээ авахыг хүсэгчид тавих шалгуур үзүүлэлтүүд:
Сүүлийн хоёроос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
Урьдчилгаа төлбөр
Түрээсийн зүйлийг дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгуулах санхүүгийн чадвартай байх
Үндсэн түрээсийн хөтөлбөр, хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх

Бүрдүүлэх материалын жагсаалт:
Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг хүссэн албан хүсэлт
Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг зөвшөөрсөн тухай эрх бүхий удирдлагын шийдвэр, тогтоол
Тухайн аж ахуйн нэгж, иргэний талаарх тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт
Удирдах албан тушаалтан, хариуцсан этгээдийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
Урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай нотлох санхүүгийн баримт
Нэмэлт барьцаа болгон барьцаалуулах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
Гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгалд хамрагдах үүргийг зөвшөөрсөн, мөн тоног төхөөрөмжийн сервес, үйлчилгээний зардлыг хариуцахыг зөвшөөрсөн тухай албан бичиг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй тухай тодорхойлолт
Түрээсийн төлбөрийг хэрхэн гүйцэтгэх талаарх төлөвлөгөө, төлбөрийн чадвартайг нотлох баримт