Эрчим хүчний салбарын хариуцлагын асуудлыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс нэхэхгүй юм бол өөр хэнээс нэхэх юм бэ, Ерөнхий сайд аа

“Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдгийн адилаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн гомдлоор “Үндэсний шуудан” буюу манай сонины хамт олноос цөөнгүй сэтгүүлч цагдаад дуудагдаад удлаа.

Учрыг тодруулбал, манай сэтгүүлчид орон даяар тог цахилгаангүй болсон, өнгөрсөн зун бага насны хүүхдүүд тогонд цохиулж амиа алдсан, Багануурын цахилгаан станцын ажил сураг алдарсан, Тавантолгойн цахилгаан станцын асуудал хэрхэн бүдгэрсэн зэрэг сэдвийг салбарын сайдаас нь асууж бичсэнийхээ төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Гэхдээ бид, энэ бүх сэдвийг нэг дор биччихсэн юм биш. Аливаа нэг эмгэнэлт үйл явдал, осол гэмтэл цаг хугацааны дарааллаараа хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэдэв болдог тэр хүрээнд л бичсэн. Гэтэл Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэдгээр бичвэрүүдийг өөрийнх нь болоод салбарынх нь нэр хүндэд халдсан явдал гэж үзэж, Зөрчлийн тухай хуулиар шийдүүлэхээр гомдол гаргасан байх юм.

Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор хандаж, эрчим хүчний салбартай холбоотой хариуцлагын асуудлыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс нэхэхгүй юм бол өөр хэнээс нэхэх болж байна вэ гэдгийг асууя. Мөн УИХ-аас ч, шүүх, засаглалаас ч, Ерөнхийлөгчөөс ч давхар, давхар хамтад нь асууя. Хариулт авах хүртлээ, хэрэв Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн биш бол өөр хэн энэ хариуцлагыг хүлээх ёстой вэ гэдгийг Та бүхнийг тодруулах хүртэл сэдвийг үргэлжлүүлэн бичихээ илэрхийлж байна. Иймд асуудлыг тодорхой болгох үүднээс дараах сэдэвт хариулт хүсч буйгаа дэлгэрүүлье.

НЭГ: Өнгөрсөн зун цахилгааны холболт, ил задгай цахилгааны утсанд бүдэрч амиа алдсан хүүхдүүдийн төлөө хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Хоёр: Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт сураг алдарсан болоод яагаад чухам энэ бүтээн байгуулалт удааширсанд Эрчим хүчний яам өнөөдрийг хүртэл тодорхой хариулт өгөхгүй байна вэ?

Гурав: Орон даяар тог тасрахад нэр нь үл мэдэгдэх этгээдэд бурууг үүрүүлсэн тайлбар хийгээд зугтах нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн зөв үү?

Дөрөв: Амгалангийн цахилгаан станц дээр осол гарч, Баянзүрх дүүргийн иргэд өвлийн эхэн сард дулаангүй, цахилгаангүй байсан нь салбарын алдаа дутагдал мөн үү?

Тав: Улаанбаатар хотын утааны гол бүс гэгддэг байршилд баригдаж байгаа “Хүчит шонхор” цахилгаан станц яагаад цаг хугацаандаа ашиглалтад орсонгүй вэ. Яагаад энэ ажлыг урагшлуулсангүй вэ?

Зургаа: Өнгөрсөн хоёрдугаар сард Ц.Даваасүрэн сайд мэдээлэл хийх үеэрээ Оюутолгойг цахилгаан станц барихыг шаардсан гэж ойлгосон. Харин өнгөрсөн аравдугаар сард “Рио Тинто” Засгийн газартай таван зүйлээр тохиролцсоны дотор цахилгаан станцын асуудал багтсаныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлж байлаа. Гэтэл өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Улаанбаатарын ойролцоох цахилгаан станцуудаа өргөтгөх замаар Оюутолгойг хангана хэмээн ярьж явах нь зөв үү?

Энэ бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон тус яаманд хаяглаж, та бүхнээс хариултыг нь нэхэж буй асуулт. Дашрамд нь, тус яамны албан ёсны вэб сайтад “Эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангахад оршино” гэж тунхагласан байдгийг дайя. Бид энэ хүрээнд л асуудлыг хөндөж бичсэн. Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ сэдвийг өөрт нь хамаатуулж болохгүй гэж гомдол гаргаж буй нь хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, эрх мэдлээрээ өөрийн эрх ашгийг хамгаалсан увайгүй үйлдэл мөн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа эцэст нь тэмдэглэе ээ. Тиймээс энэ асуудлын хүрээнд бусад хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дэмжлэгийг авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Ж.БАЯР