Хэнтий аймгийн 27 мянган иргэн УИХ-д төлөөлөлгүй байх уу

Улс төрийн нөхцөл байдал, эрх баригчдын зөрчлөөс үүдэн хэсэгтээ анхаарлын төвөөс гараад байсан Хэнтийн нөхөн сонгуулийн тогтоолыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болголоо.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаа хийж, УИХ-ын нөхөн сонгууль явуулах тухай 62 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон юм. Ингэснээр өнгөрсөн аравдугаар сарын 7-нд явуулахаар тогтсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан нөхөн сонгуулийн тогтоолыг УИХ хуульд нийцүүлэн дахин гаргах шаардлага үүсэв.

Асуудлыг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгуулан эцэстээ өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан байдаг. Үүний дараа УИХ өнгөрсөн зургадугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай тогтоолыг гаргасан юм. Ингэхдээ нөхөн сонгуулийг өнгөрсөн аравдугаар 7-нд явуулахаар тогтож, зардлыг 228 сая төгрөгөөр тооцож байв. Улмаар нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, батламжаа гардан, намын Бага хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулахын даваан дээр нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэх маргаан үүссэн. Тодруулбал, тогтоол гарснаас нэг сарын дараа Үндсэн хуулийн Цэцэд дөрвөн иргэн УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол, мэдээлэл гаргасан нь нөхөн сонгуулийн тов өдийг хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлох эхлэл болсон гэхэд болно. Иргэдийн гомдол гаргасан нэг үндэслэл нь нөхөн сонгууль явуулах товыг тогтоохдоо нэр дэвшигч болон нам эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг хамт гаргаагүйтэй холбоотой байв. Учир нь, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч болон нам эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг санал хураалт авах өдрөөс 120 хоногийн өмнө тогтоосон байхаар заасан. Харин нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолд улсаас зарцуулах зардлыг тогтоосон ч нэр дэвшигч болон нам, эвслээс зарцуулах мөнгөний дээд хэмжээг тогтоогоогүй нь ийнхүү асуудал үүсгэхэд хүргэжээ. Улмаар өнгөрсөн наймдугаар сард Үндэсний аудитын газраас нөхөн сонгуульд нам, эвсэл тус бүр 102 сая, нэр дэвшигч 92  сая хүртэлх төгрөг зарцуулахаар тогтоож байлаа.

Гомдол гаргасан өөр нэг үндэслэл нь Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь төрийн албан хаагч байж болохгүй гэсэн зохицуулалттай холбоотой байв. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, улмаар тухайн сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхаар заасан байдаг. Уг нь энэхүү зохицуулалт зөвхөн ээлжит сонгуульд хамааралтай байх нь зүй боловч хуульдаа үүнийг тодорхой тусгаагүйгээс нөхөн сонгуульд төрийн албан хаагч өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж гомдол гаргасан иргэд үзжээ. Үүний дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, Дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэж байв. Гэсэн ч УИХ аравдугаар сард Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа маргааныг дахин хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн нь энэ.

Нөхөн сонгууль явуулахгүй байх магадлалтай

Харин одоо УИХ сонгуулийн хуулиа өөрчилж нөхөн сонгууль явуулах тухай тогтоолоо хуульд нийцүүлэн гаргах шаардлага үүслээ. Гэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх үү, эвсэл хэлэлцэхээр бэлтгэж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулиа яаралтай батлах уу гэсэн хоёр сонголт УИХ-д бий. Харин Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөс илүүтэй шинэчлэн батлахыг илүүд үзэж буйгаа УИХ-ын гишүүд өмнө нь хэлж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Цэцийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр “УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо Сонгуулийн тухай хуулийн хүрээнд ажилласан. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай. Тухайн нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар тусгайлан заасан зүйл байхгүй нь бие даагч болон нэг хэсэг хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн тал бий. Гэхдээ нэг, хоёр хүний эрх ашгаас илүү тухайн тойргийн 10 мянга гаруй сонгогчийн эрх ашгийн төлөө асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Харин Сонгуулийн тухай хуульд л асуудал байгаа юм. Одоо Сонгуулийн тухай хуулийг гурав задалж, шинээр хуулийн төсөл боловсруулж байгаа. Ирэх арванхоёрдугаар сард чуулганаар хэлэлцэх байх” гэсэн юм.

Хууль тогтоогчид 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийг гурав задалж, УИХ Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн тусдаа хуультай болохоор зэхэж байгаа. Харин эдгээр хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэж амжих эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ удаагийн парламентын хугацаанд Хэнтий аймгийн гурван сумын 27 мянган иргэн УИХ-д төлөөлөлтэй байх эсэх нь ч эргэлзээтэй байна. Учир нь, одоо хэлэлцэхээр бэлтгэж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн 85.3-т “Орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт шинээр оруулжээ. Хэрвээ УИХ нөхөн сонгуулийг ирэх оны долдугаар сард товлоод, дараа нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталбал, шинэ төслийн 85.3-т заасанчлан Хэнтий аймагт нөхөн сонгууль болохгүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, ирэх оны зургадугаар сард багтаан нөхөн сонгууль явуулахгүй бол хуулийн дагуу нөхөн сонгууль явуулах боломжгүй болно. Гэхдээ одоогоор энэ хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй бөгөөд хууль тогтоогчид аль ч сонголтыг хийсэн 27 мянган иргэн УИХ-д төлөөлөлгүй байх учиргүй билээ.

Б.ЦЭНД-АЮУШ