Д.Хаянхярваа: Засгийн газар сургамж аваасай гэж хүсч байна

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг УИХ-д өргөн барьж, өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн билээ.

Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг дэмжсэн юм. Хуралдааны дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас байр суурийг нь тодруулахад “Парламент хуралдаж Засгийн газарт итгэл үзүүлж, цааш нь ажиллуулъя гэдэг шийдвэр гаргалаа. Энэ асуудлыг хэлэлцэхэд олон зүйл ярьсан. Олон нийт ч их зүйл ойлгосон байх. Засгийн газрын хувьд том сургамж авч үлдээсэй гэж хүсч байна. Бидний энэ арга хэмжээ зүгээр нэг үйлдэл байгаагүй. Хамгийн гол нь парламентын ёс устах гэж байсан аюулыг бид зайлуулж чадсан. Хоёрдугаарт, Засгийн эрхийн төлөө ард түмнийг элдэв хөдөлгөөнд уриалан дуудаж, үймээн гаргах асуудлыг бид зогсоож чадсан. Энэ хоёр том зүйлийг зогсоож чадсанаараа Засгийн газарт өгсөн сануулга үр дүнтэй боллоо гэж бодож байна. Ерөнхий сайд занасан, зүхсэн байдлаар хариуцлага тооцох зэргээ ярьж байна. Надад айгаад байх зүйл байхгүй. Яагаад гэвэл би хуулийн өмнө очиход ямар ч айх асуудал байхгүй. Намын хариуцлагаа тооцвол тооцно биз. Үүнд би гоншгонохгүй гэдгийг хэлье. Том намын дарга ухаан зарж ажиллах байх. Үнэхээр энэ хүний толгой ажилладаггүй бол цаашдаа ямар үйлдэл гарахыг ард түмэн харах байх. Одоо Засгийн газар нь ажлаа хийг,  Их хурал нь ажлаа хийг” гэсэн юм.