“Ард”-ын өдөрлөгөөр “Ард шоп” мэндэллээ

Эгнээндээ 15 компанийг нэгтгэдэг “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нээлттэй өдөрлөг өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Тус өдөрлөгт 500 гаруй хүн оролцож, санхүүгийн зах зээлд нэвтэрч буй шинэ үйлчилгээтэй танилцаж байв.

“Ард санхүүгийн нэгдэл” хувьцаа эзэмшигчиддээ компанийн санхүү, үйл ажиллагаа болон  хувьцааны данс нээх, зээл, хадгаламж даатгалын нийт хөрөнгийн хэмжээний талаарх сүүлийн үеийн мэдээллээ хүргэсэн юм. Тус компанийн хувьд хаалттай хүрээнд маш олон компанийн хувьцааг эзэмшдэг. Энэ жил тэд “Гөү Пэй” төвлөрсөн бус крипто түрийвч, “Digital Exchange Mongolia” буюу Монголын анхны цахим арилжааны бирж, “Эм И Си Партнерс” онлайн худалдааны платформ зэрэг технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийгээд буй. Мөн мобайл банкны  цоо шинэ хувилбарыг хүргэх гэнэ. Энэхүү хувилбартаа орчин үеийн бүхий л технологийн шийдлийг агуулсан бүтээгдэхүүнийг байршуулжээ. Ингэснээр санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг доороос авах аж. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн санхүүгийн байдал өмнөх жилтэй харьцуулахад маш сайн гарсан.

Нийт хөрөнгө нь өнгөрсөн  есдүгээр сарын сүүлээр 54.6 тэрбум төгрөгт хүрч өссөн байна. Нийт ашгийн хэмжээ 3.5 тэрбум төгрөгт хүрчээ. Орлого нь 210 хувиар давсан бөгөөд балансын хувьд нэг жилийн хугацаанд 13 тэрбум төгрөгөөр тэлсэн байна. Ингэснээр компанийн үнэлгээ 54.6 тэрбум төгрөгт хүрчээ. Өдөрлөгийн талаар “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Б.Тамир “Ард санхүүгийн нэгдэл анх удаа  нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Мөн нь бид хувьцаа эзэмшигчдийн хурлаа нээлттэй хийж байсан. Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг нэлээн том хэмжээнд зохион байгуулж байлаа. Саяхан манай “Ард даатгал” амжилттайгаар  хувьцаат компани болсон. 1300 гаруй шинэ хувьцаа эзэмшигч манай компанид нэгдсэн. “Хөрөнгө оруулагч үндэстэн” буюу “Жинст Увс”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Ард даатгал” компани өнөөдөр таван мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг өсгөж байна. Эдгээр хувьцаа эзэмшигчиддээ компанийн талаарх болон тэдний мөнгө хэрхэн өсч байгаа талаар танилцуулж байна. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчид компанийнхаа шийдвэр гаргалтад оролцох ёстой. Тиймээс “Ард даатгал” компанийн ээлжит бус хувьцаа эзэмшигчдийнхээ хурал болж,   дүрэмдээ өөрчлөлт оруулан ТУЗ-ийн  хараат бус гишүүдийг  сонголоо. Мөн хувьцаа эзэмшигчдийнхээ дундаас үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн  бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор үзэсгэлэн гаргасан. Зөвхөн хувьцаа эзэмшигчид биш хөрөнгө оруулалт сонирхдог хүмүүс олон ирсэн байна. 500 гаруй хүмүүс манай нээлттэй өдөрлөгт оролцлоо” гэв.  

Өдөрлөгийн үеэр онлайн худалдааны талаар томоохон хэлэлцүүлэг болов. Энэ талаар хэлэлцүүлэгт оролцогчид “Европын орнуудад иргэд нь дэлгүүрээс өөрийн биеэр очиж худалдан авалт хийхээ больсон. Захиалга өгөөд л хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлээ өдөр тутамдаа хүргүүлээд авчихдаг болсон. Ингэснээр агаарын бохирдол ч багасаж байгаа. Учир нь иргэд нь машин унаж дэлгүүр хэсэх шаардлагагүй болсон. Гэтэл Монголд хүн бүр дэлгүүрээс өөрийн биеэр худалдан авалт хийдэг. Үүнийг дагаад замын түгжрэлээс эхлээд маш олон хүндрэлүүд үүсдэг. Үүнийг тодорхой хэмжээнд шийдэх хэрэгтэй. Монголд онлайн худалдааг найдвартай, өргөн хүрээнд хөгжүүлэх шаардлагатай” гэж ярьж байлаа. Тэгвэл  “Ард санхүүгийн нэгдэл”  Монголын хамгийн анхны цахим худалдааны цогц шийдэл бүхий интернет захыг олон улсын туршлагад нийцүүлэн  хөгжүүлж байгаа юм байна. Энэ талаар “Ardshop.mn” вэб сайтын бизнес хөгжил хариуцсан газрын захирал Э.Золзаяагаас тодруулахад “Бид дөнгөж системээ сайжруулаад явж байна. Монголдоо үйлдвэрлэл явуулж байгаа үндэсний үйлдвэрүүдийг илүү дэмжиж байгаа. Одоогийн байдлаар 30 гаруй үйлдвэрлэгч  бидэнтэй нэгдээд байна. Гар урлал, оёмол, нэхмэл бүтээгдэхүүнээс эхлээд маш олон барааг “Ard shop”-оос захиалж авах боломжтой. Манай цахим хуудсанд үйлдвэрлэгч ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр дэлгүүрээ нээх боломжийг бид бүрдүүлсэн. Гол нь манай онлайн дэлгүүрийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний зураг танилцуулга байршуулах нь чухал юм. Үүн дээр бид үйл ажиллагаатай холбоотой тодорхой шимтгэлүүдийг тухайн газартайгаа тохирч авна. Цахим худалдаа эрхлэгчдээс ялгарч буй бидний давуу тал нь худалдан авагч, борлуулагч, хүргэлтийг холбосон цогц системийг бий болгосноороо онцлогтой. Худалдан авагч захиалсан бараагаа хаана явж буйг кодоор нь хянах боломжтой.  Улмаар орон нутагт тухайн бараа бүтээгдэхүүнийг хүргэхийг зорьж байна. Тодруулбал, 90 жилийн түүхтэй “Монгол шуудан” компанитай хамтарч, түгээлтийн бааз, техникийг нь ашиглаад 21 аймагт бараа, бүтээгдэхүүнээ хүргэхээр зорьж ажиллаж байна” гэсэн юм. Харин “Ард санхүүгийн нэгдэл”-ийн бас нэгэн охин компани болох “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Ц.Должин “Манайд хувийн тэтгэврийн сангийн талаарх хууль эрхзүйн орчин огт бүрдээгүй гэхэд болно. Гэсэн хэдий ч бид энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийсээр байна. Харилцагчдынхаа хүсэл зорилгод нийцүүлэн эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалтай хослуулж эхэллээ. Өмнө нь тогтмол өгөөжийг хадгаламж хэлбэрээр явуулдаг байсан бол одоо хөрөнгө оруулалтын өгөөжийг хуваарилах замаар сангийн хэлбэр рүү үйлчилгээгээ дөхүүлсэн. Өнөөдөр бид тухайн харилцагчид золгүй зүйл тохиолдвол яах вэ гэдгийг танилцуулж байна. Амьдрах чадвараа алдсан тохиолдолд  “Ард лайф” тэтгэврийн сангаас гэр бүлийн гишүүдэд нь нэмэлт мөнгө олгохоор болж байгаа юм. Зөвхөн улсын тэтгэврийн даатгалд мөнгө хийгээд явах биш хувийн тэтгэврийн даатгалын санд хөрөнгөө оруулбал насныхаа эцэст өндөр тэтгэвэр авна гэдгийг хүмүүс нэг үеэ бодвол ойлгодог болсон. Урт хугацаанд  хувийн тэтгэврийн санд сар тутамд 32 мянган төгрөг байршууллаа гэхэд тэтгэвэрт  гарахдаа дор хаяж 500 мянган төгрөг авах боломж бүрдэнэ. Манай “Ард лайф” тэтгэврийн сан 1300 орчим харилцагчтай болоод байна” гэлээ. 

Энэ үеэр тус компанийн хувьцаа эзэмшигч, хөгжмийн зохиолч Б.Наранзун “Би асар болгоомжтой хүн. Нэг шийдвэр гаргахын тулд нэлээд удна. Өнгөрсөн зун шийдвэрээ гаргаж “Ард даатгал”-ын хувьцааг худалдаж авсан. “Ард” гэдэг айл хоёр жилийн өмнөөс миний анхаарлыг татсан. Монголын санхүүгийн хэрэглэгчдэд мэдлэг олгох тал дээр идэвхитэй ажилладаг учраас ямар ч мангар хүн анхан шатны мэдлэгтэй болдог. Нөгөөтэйгүүр шинэлэг санхүүгийн зах зээл рүү идэвхитэй ордог. Ийм компаниудаа ашгаас гадна дэмжих учиртай. Тиймээс би хувьцаа эзэмшигч болсон” хэмээн ярилаа. Дашрамд дуулгахад, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэгж хувьцааны ханш 2500 төгрөгөөс жилийн дотор 3000 төгрөгт хүрч өсчээ. Цаашид энэ дүн улам өснө гэдгийг “Ард”-ынхан дуулгаж байлаа.