Олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн мөрдөхөд иргэд харилцагчдын үүрэг чухал

Монгол улсад нийт 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр банкуудын гадаад дахь банкуудтай тогтоосон хамтын ажиллагаа, дансны харилцаан дээр суурилан сард 12-15 мянган ширхэг буюу 600 орчим сая ам. долларын дүн бүхий хил дамнасан гүйлгээ дамжиж байна.

Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 51-75 хувийг тогтмол эзэлж байгаа үзүүлэлт бөгөөд эдийн засгийн үндсэн цусны эргэлт гэгддэг гадаад худалдааны төлбөр тооцоо болон гадаадын хөрөнгө оруулалтын дамжуулах үндсэн суваг юм.  

2010 оны үеэс арилжааны банкуудын хил дамнасан гүйлгээг гүйцэтгэх чадвар буюу дотоодын банкуудын корреспондент банкны сүлжээ ихээхэн доройтох үзэгдэл ажиглагдах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор арилжааны банкуудын хил дамнасан гүйлгээ хүлээн авах, илгээхэд шаардагдах цаг хугацаа болон зардал ихээхэн нэмэгдэх, цаашилбал хил дамнасан гүйлгээ хүлээн авч, илгээж огт чадахгүй нөхцөл байдалд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ тохиолдолд арилжааны банкны корреспондент банкны сүлжээн дээр суурилан гүйцэтгэгддэг валют арилжаа, олон улсын зээллэг, төлбөрийн картын төлбөр тооцоо зэрэг нь саатах сөрөг үр дагаварыг дагуулна.   юм. 

Олон улсын томоохон банкууд Монгол улсын арилжааны банкуудад үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, зарим тохиолдолд бизнес харилцаагаа бүрмөсөн таслах болсон шалтгаанаа ихэвчлэн дотоодын банкуудын харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хангалтгүй, улс орны эрсдлийн түвшинг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн эсвэл аль аль нь гэсэн шалтгааныг дурьдсан байдаг.  Улс орны эрсдлийн хувьд улсын зээлжих зэрэглэл, авлигын төсөөллийн индекс, засаг төрийн тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлс голчлон нөлөөлдөг бол арилжааны банкуудын хувьд гадаад харилцаагаа хадгалах, харилцагчдын хил дамнасан гүйлгээг саадгүй гүйцэтгэхийн тулд харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаагаа сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг сайжруулахын тулд  арилжааны банкууд болон зохицуулагч байгууллагын зүгээс холбогдох дүрэм журмын сайжруулалтыг хийж гүйцэтгэх нь чухал боловч тэдгээрийн үр дүнтэй хэрэгжилтэд банкны харилцагч иргэд байгууллагуудын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна. 

Олонх тохиолдолд олон улсад мөрдөгдөж байгаа бөгөөд манай улсын банк санхүүгийн байгууллагуудаас шаардагдаж байгаа стандарт шаардлагуудыг банкны салбар болон түүний зохицуулагч байгууллага зохих түвшинд хэрэгжүүлж явдаг боловч тэдгээрийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх шатанд харилцагчдын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч байдаг. ДЭЛГЭРҮҮЛЭХ Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад олон улсад хүчтэйгээр өрнөж байгаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх чиглэлийн хүрээнд аливаа гэм хэргээс үүсч бий болсон хууль бус мөнгөн хөрөнгийг дэлхийн санхүүгийн систем рүү оруулахгүй байх үүднээс гүйлгээний болон тухайн гүйлгээтэй холбоотой харилцагчийн талаар маш их хэмжээний нэмэлт мэдээлэл шаардах болсон.  Учир нь эдгээр шаардлагуудыг хэрэгжүүлэлгүйгээр бохир мөнгийг санхүүгийн систем рүү нийлүүлсэн банк, санхүүгийн байгууллага нь олон улсын түвшинд нэр хүндээ бүрэн алдах, тэрбумаар тоологдох хэмжээний торгуульд орох, цаашлаад үйл ажиллагаа эрхлэх лицензээ алдах хүртэл эрсдэлд ордог байна. Тиймээс харилцагчдын хувьд нийт эдийн засгийн хил дамнасан гүйлгээг саадгүй, түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой байх үүднээс банк, санхүүгийн байгууллагуудаас шаардаж байгаа нэмэлт мэдээллийг түргэн шуурхай гарган өгч хамтран ажиллах нь маш чухал хувь нэмэр болох юм.                 

СЭЗИС-ийн магистрант Б.Цолмон