Жон Керри Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри Массачусетс мужийн Харвардын их сургуульд болсон арга хэмжээний үеэр үг хэлэхдээ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар бодож үзнэ гэж мэдэгджээ.

2004 оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жон Керри Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Тэрбээр сонгогчдын 59.03 сая саналыг авч, 62.04 сая санал авсан Жорж Бушид ялагдсан юм. Жон Керри 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс 2017 оны нэгдүгээр сарын 20-ны хооронд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. 2015 онд “Foreign Policy” сэтгүүлийн захиалгаар гадаад бодлого судалдаг улстөрчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр Керри сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн үр дүнтэй ажилласан Төрийн нарийн бичгийн даргаар тодорсон байна. Керри АНУ-ын Колорадо мужийн Аурора хотод төрж, Массачусетс болон Нью Хампшир сургуулиудыг төгсчээ. Мөн Иелийн их сургуулийг улс төр судлалаар дүүргэсэн байна. 1968-1969 онд Вьетнамын дайнд оролцож байжээ. 1970 оноос улс төрийн замналаа эхлүүлж, Вьетнамын дайныг шүүмжилж, олонд танигджээ. Улмаар 1972 онд Конгрессын сонгуульд оролцсон ч ялагдал хүлээсэн байна. Үүний дараа тэрээр Бостоны хуулийн сургуульд оржээ.
Улмаар хуулийн чиглэлээр ажиллаж байгаад, 1982 онд Массачусетс мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөж, 29 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Тэрээр 1982-1986 онд мужийн захирагчаар ажиллаж байгаад, 1986 онд сенатын сонгуульд өрсөлдөж мөн ялалт байгуулж чаджээ. Ингээд 2013 он хүртэл сенатын гишүүнээр тасралтгүй сонгогдсон, Нэгдсэн улсын нэр хүндтэй улстөрчдийн нэг юм. Энэ хугацаанд тэрээр Сенатын бичил бизнесийн хороо, Гадаад хэргийн хорооны даргаар тус тус ажиллаж байсан.

Ц.ДАВААСАМБУУ