БНСУ-ын Засгийн газраас хүүхэд бүрт тэтгэмж олгоно

БНСУ-ын төрөлтийн төвшин энэ жил түүхэн доод хэмжээнд хүрч буурах төлөвтэй байгаа талаар “Theguardian” мэдээлжээ. Энэ оны байдлаар нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 0.96 байгаа нь анх удаа нэгээс доош болон буурч буй тохиолдол юм.

Харин энэ тоо өнгөрсөн 2016 онд  1.25 байсан нь арван жилийн өмнөх үеийн 1.08 гэсэн тооноос ахисан үзүүлэлт ч хангалтгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2.1 байхад тус улсын хүн амын тоог цөөрөхгүй тогтмол байх боломжтой гэж үздэг. Өнгөрсөн жил 360 мянга орчим хүүхэд шинээр мэндэлсэн нь мөн л хангалтгүй үзүүлэлт юм. 2030 онд 65 ба түүнээс дээш насны хүн Өмнөд Солонгосын хүн амын 25 хувьд хүрч, дараа дараагийн жилүүдэд нэмэгдсээр 2060 он гэхэд хүн амын 60 хувь нь 65-аас дээш насныхан болж хувирна. Ингэвэл  хөдөлмөрийн чадвартай 100 хүнд тэтгэврийн насны 80 хүн ногддог болно. Үүнийг дагаад тэтгэврийн насны хүмүүсийн амьдралын төвшнийг унагахгүй байх, эмнэлэг болон асаргааны үйлчилгээгээр хангах нь том асуудал болж хувирах төдийгүй эдийн засгийн хөгжил зогсонги байдалд орж, унаж эхлэхээр байгаа юм. Иймээс Өмнөд Солонгосын Засгийн газраас төрөлтийн тоог нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэг­жүүлж эхлэхээс өөр аргагүй байгаа юм.

Иймд тус улсын Засгийн газраас 2006 оноос эхлэн хүүхдийн цэцэрлэгийг үнэ төлбөргүй болгох, төрсөн эхчүүдийн амрах болон хүүхэд харах хугацааг уртасгах, олон хүүхэдтэй өнөр өтгөн аз жаргалтай гэр бүлийг сурталчилсан нэвтрүүлэг, кино зурагт хуудас гаргах зэрэгт  улсын болон орон нутгийн төсвөөс жил болгон олон тэрбум ам.доллар зарцуулах болсон. Өнгөрсөн 2016 оноос аавуудад хүүхэд харах тусгай амралт өгдөг болох хууль батлахаар яригдаж байсан ч одоог нэгдсэн нэг шийдэлд хүрээгүй байна.  Мөн хүүхдүүдийн их дээд сургуулийн төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс даадаг болгох тухай яригдаж байгаа.  Гэсэн хэдий ч нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо эрх баригчдын хүсч байгаагаар өсөхгүй байгаа нь том асуудал болж хувираад байгаа тул  БНСУ-д ирэх оны аравдугаар сараас эхлэн амаржсан эхэд 2.5 сая  воны нэг удаагийн тэтгэмж олгох тухай яригдаж байгаа ажээ.

Мөн амьдралын төвшнөөс шалтгаалан  зургаан нас хүртэл сар бүр олгодог 100 мянган воны тэтгэмжийг  ирэх оны нэг сараас  амьдралын төвшин үл харгалзан зургаан нас хүртэлх бүх хүүхдэд олгохоор болжээ. Түүнчлэн ирэх  2019 оны есдүгээр сараас зургаан нас хүртэл олгодог байсан хүүхдийн тэтгэмжийг есөн нас хүртэлх бүх хүүхдэд олгохоор болж байгаа юм. Гэхдээ энэхүү хууль нь зөвхөн өөрийн улсын иргэнээс гадна Солонгосын  иргэншилтэй бүх хүнд хамааралтай юм байна. Тус улсын Засгийн газар өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрөлтийг дэмжих хүчин чармайлтын хүрээнд хүүхдийн мөнгө олгож, эцэг эхчүүдийн амрах хугацааг сунгаж, үргүйдлийг эмчлэхэд 70 гаруй тэрбум орчим вон зарцуулжээ. Түүнчлэн гэрлэсэн таван эмэгтэй тутмын нэг нь хүүхэд болон гэр бүлээ халамжлахын тулд ажлаа орхихоос өөр аргагүйд хүрдэг нь төрөлтийн төвшин буурахад ихээхэн нөлөөлдөг байна. Статистикийн мэдээллээс үзэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар хүүхэд болон гэр бүлдээ анхаарал тавихын тулд ажлаасаа сайн дураараа гарсан эмэгтэйчүүдийн тоо 1.84 саяд хүрсэн нь гэрлэсэн нийт эмэгтэйчүүдийн 20.5 хувийг эзэлж байна. Үүнээс гадна салсан эмэгтэйчүүдийн 34 орчим хувь нь карьераа үргэлжлүүлэхийн тулд гэж хариулжээ. Хэдийгээр БНСУ дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өсч байгаа ч гэрлэх болон хүүхэдтэй  болох үедээ ажлаа орхидог байна. Иймээс тус улсын Засгийн газраас гэр бүлтэй холбоотойгоор ажил үүргээ орхигдуулсан эмэгтэйчүүдийг дэмжихийн тулд сүүлийн жилүүдэд олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

Ц.ДАВААСАМБУУ