Украин болзошгүй довтолгоонд бэлдэж эхэлжээ

Украины 10 мужид тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зарлиг ёсоор дайны байдал зарлаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор дайны байдал зарласан бүс нутгуудад батлан хамгаалах тусгай штабыг байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Украины Ерөнхийлөгч сэтгүүлчдэд  өгсөн мэдээлэлдээ тус улсад ОХУ-тай өргөн хүрээтэй дайн хийх аюул тулгараад байгааг онцолжээ. Мөн тэрбээр “Оросын байлдааны техникүүд үүний дотор танкуудыг Украины хилийн ойролцоо татан төвлөрүүлээд байгааг тагнуулын албаны мэдээлэл баталж буйг онцлоод, Азовын тэнгист болсон сөргөлдөөний дараа өргөн хүрээтэй хуурай газрын болзошгүй довтолгоонд Украины зэвсэгт хүчний зүгээс цохилт өгөх бэлтгэлээ хангах ёстой” гэжээ. Мөн тэрбээр “Украины хилийн дагууд байрлаж байгаа Оросын цэргийн ангиудын тоо ч нэмэгдсэн. Цэргийн сургуулилттай үүнийг холбон тайлбарлах боломжгүй” гэдгийг онцолсон байна.  Дээд Рад дайны байдал зарлах тухай хуулийн төслийг шинэчилсэн хувилбараар баталсан. Энэ дагуу энэ сарын 28-ны өдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаагаар Украины Винница, Луганск, Донецк, Николаевск, Одесс, Сумск, Харьков, Чернигов Запорож, Херсон муж, Азовын тэнгис, Керчийн хоолойн Украинд харьяалагддаг гэсэн 10 хэсэгт  дайны байдал зарлаад байгаа юм. Үүнээс гадна Петр Порошенко Керчийн хоолойд болсон асуудалтай холбогдуулан Азовын тэнгис рүү хөлөг онгоц илгээхийг НАТО-гоос хүсчээ. Тэрбээр Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө, НАТО-гийн хөлөг онгоцнууд Украины аюулгүй байдлыг хангаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

НАТО энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, Украиныг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм. Украины Ерөн­хийлөгч Петр Порошенко ирэх онд болох сонгуулийн өмнө өөрийн нэр хүндийг бэхжүүлэхийн тулд энэ өдөөн хатгалгыг зохион байгуулсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг буруутгасан билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-46381166

Ц.ДАВААСАМБУУ