О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 10 дахь жилдээ боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн цомын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд боллоо.

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нь “Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны дэлхийн цомын хүрэл, “Бангкок-1998”, “Бусан-2002” Азийн наадмын алт, мөнгө, 1997 оны Азийн аварга болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгины алтан гранпри, Тусгаар тогтнолын цом, Александр Медведь, Дан Колов, Борис Будаев, Лайпциг, Акрополис, Рожу Кулоны олон улсын тэмцээний аварга, “Монгол говь”-ийн тав, Монгол Улсын зургаан удаагийн аварга болсон шилдэг тамирчин билээ. Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 1996 оноос хойш төрсөн эрэгтэй тамирчид 57, 61, 65, 70 жинд өрсөлдсөн бөгөөд 19 байгууллагын 117 тамирчин зодоглосон. Тэмцээний эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид алт, мөнгө, хүрэл цом, диплом, мөнгөн шагнал хүртжээ.