О.Хангал 55, Л.Сосорбарам 63 байраараа чансаагаа ахиулав

Японы Осака хотноо болж өндөрлөсөн “Их дуулга” ангиллын тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос чансааг шинэчлэн зарлажээ. Шинэ чансаагаар эрэгтэй долоон жингийн гуравт, эмэгтэй долоон жингийн тавд нь Японы жүдоч тэргүүлж байна.

Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд долдугаар байр эзэлсэн спортын мастер О.Хангалын чансаа 55 байраар 86 дугаарт эрэмбэлэгдэх болсон нь хамгийн том үсрэлт юм. Түүнчлэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрвөн байраар урагшилж 19, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр нэг байраар урагшилж жиндээ гуравдугаарт эрэмбэтэй боллоо. Түүнчлэн 66 кг-д Ё.Басхүү Осакагийн “Их дуулга”-аас хүрэл медаль авснаараа чансаагаа 18 байраар ахиулж 33 дугаарт жагсчээ. Харин Г.Хэрлэн, Н.Дагвасүрэн нарынх тус бүр нэг байраар ухарсныг эс тооцвол бусдад нь өөрчлөлт гарсангүй. Эмэгтэйчүүдийн хамгийн бага жинг М.Уранцэцэг, Дарья Белодид нар ээлжлэн тэргүүлж байсан бол нутагтаа болсон тэмцээнд түрүүлсэн Фүна Тонаки шинэ чансаагаар жингийнхнээ манлайлах болов.

Харин Урнаа гавьяат дэд байраа хадгалж үлдсэн бол Белодид гурав руу ухарлаа. Түүнчлэн Казахстаны Г.Отгонцэцэгийн чансаа есдүгээр байр хүртэл буурсан байна. Багагүй хугацаанд 52 кг-ыг тэргүүлсэн франц жүдоч тэргүүн байраа шинэхэн дэлхийн аварга Абэ Үтад алджээ. Энэ жинд манай Л.Сосорбарам чансаагаа 63 байраар ахиулж 76 дугаарт эрэмбэлэгдсэн нь эмэгтэйчүүд дундаа хамгийн том дэвшил болов. Дашрамд сонирхуулахад, эрэгтэйчүүдийн хүнд жингүүдийг эс тооцвол эрэгтэй, эмэгтэй бүх жингийн шилдэг 10-т Японы 2-3 жүдоч багтаж байна.