Сүмочдын цалин нэмэгджээ

Японы сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал “Кокүгикан” ордонд боллоо. Хурлаар бөхчүүдийн цалинг нэмсэн байна. Сүмочдын цалин хамгийн сүүлд 2001 онд нэмэгдэж байжээ.


Сүмогийн ертөнцөд 700 гаруй бөх байдаг ч жюүрёо, макүүчи зиндааны цолтой бөхчүүд л цалин авдаг. Холбооноос цолгүй бөхчүүдийн башёд оролцсон хөлс, шагналыг 10 хувиар нэмсэн байна. Ёкозүнагийн сарын цалин хоёр сая 820 мянган иенээс гурван сая болсон. Тэгвэл озэкигийн цалин 2.5 сая болж 160 мянгаар, сэкивакэ, комүсүби цолтных 1.8 сая болж 110 мянгаар, маэгаширагийнх 1.4 сая болж 91 мянгаар, жюүрёогийнх 1.1 сая болж 64 мянган иенээр тус тус нэмэгджээ. Дашрамд сонирхуулахад, 2018 оны сүүлчийн башёд комүсүби Такакэйшёо 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлсэн юм. Тэрбээр 21 насандаа эзэн хааны цомыг хүртсэн цөөн сүмочийн нэг болсон бол Монголоос их аварга Хакүхо М.Даваажаргал 21 нас, Асашёорюү Д.Дагвадорж 22 насандаа түрүүлж байжээ. Дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил есөн даваа авсан бол Ичиножёо А.Ичинноров, Таканоива А.Баасандорж, Чиёошома Г.Мөнхсайхан нар зургаан даваа, есөн унаатайгаар башёг өндөрлүүлэв.