Эмэгтэйчүүд Оросын цомд зодоглоно

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээн ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод эхэллээ.

Уг тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаярын удирдлага дор найман тамирчин оролцохоор хойд хөршид хөл тавьжээ. Бүрэлдэхүүнд 50 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг, 53 кг-д Э.Сумъяа, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар багтав. Сонирхуулахад, тус тэмцээнд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн 2014, гавьяат тамирчин П.Орхон 2015, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 2016, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2016, 2017, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 2016, 2017, Э.Сумъяа 2017 онд тус тус түрүүлж байв. Энэ жилийн тэмцээнд гадаадаас Монгол, Беларусийн тамирчид оролцож байна. Беларусиас 2016 оны олимпийн мөнгөн медальт  Мария Мамашук, 2013 оны Европын аварга Ирина Курочкина иржээ. Тэмцээний аваргууд эмэгтэй бөхийн дүрстэй матрёшка бэлгэнд авна. Энэхүү шаазан матрёшкаг 24 карат алтаар чимэглэсэн гэнэ.