Хасагдах шатанд өрсөлдөх 16 багийн 12 нь тодорчээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолт өндөрлөлөө.

Энэ тойргийн дараа шөвгийн 16-д өрсөлдөх багуудын 12 нь тодорчээ. Тодруулбал, Голландын “Аякс”, Испанийн “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, “Шальке”, “Боруссия Дортмунд”, Италийн “Ювентус”, “Рома”, Английн “Манчестер Сити”, “Манчестер Юнайтед”, Португалийн “Порту”. Тэгвэл хасагдах шатанд үлдэх сүүлийн дөрвөн багийн хувь заяа ирэх сарын 11, 12-нд болох зургадугаар тойргийн дараа тодорхой болно. Ингээд тавдугаар тойргийн үр дүнг тоймлон хүргэе.

А хэсэг
Ердөө хоёр дахь  минутад л Коке эхний гоолыг оруулснаар “Атлетико Мадрид” багийн түүхэнд аваргуудын лиг дэх хамгийн хурдан гоолын эзэн болсон юм. Ийнхүү Диего Симоны удирдсан баг зургаан жилийн хугацаанд тав дахь удаагаа хасагдах шатанд өрсөлдөх боллоо. Испанийн клуб 2013-14 оны улирлаас хойш хаалгандаа гоол алдаагүй тоглолтын тоо 32-т хүрчээ. Германы “Боруссия Дортмунд” клуб ч мөн адил сүүлийн зургаан жилийн хугацаанд тав дахь удаагаа хасагдах шатанд шалгарав. Тэд аваргуудын лигийн хүрээнд талбайдаа хийсэн сүүлийн гурван тоглолтод хаалгандаа гоол алдсангүй. Харин “Брюгги”-гийн хувьд Германы багийн талбайд хийсэн 13 тоглолтод хожиж үзээгүй хар цувралаа үргэлжлүүлэв. Тэд гурав тэнцээд 10 хожигдсон үзүүлэлттэй. Тус багийн хувьд тэнцэхэд л евролигт өрсөлдөх эрхээ авах байсан.
Атлетико Мадрид-12 оноо
Бор.Дортмунд-10 оноо
Клуб Брюгги-5 оноо
Монако-1 оноо

В хэсэг
Католоны “Барселона”-гийн залуус 12 жил дараалан хэсгээ тэргүүллээ. Харин Нидерландын “ПСВ Эйндховен” аваргуудын лигт хийсэн сүүлийн 13 тоглолтод хожиж чадаагүй хар цувралтай үлдлээ (тав тэнцэж, найм хожигдсон). Тэд сүүлийн таван тоглолтод багадаа хоёр гоол хаалгандаа алдсан юм. Тэгвэл нөгөө талд Кристиан Эриксений цор ганц гоолын ачаар Английн “Тоттенхэм” өрсөлдөгчөө буулган авч, хасагдах шатанд өрсөлдөх боломжоо хадгалж үлдэв. Лондоны клуб 2017 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаа аваргуудын лигт дараалсан ялалт авсан нь энэ. Энэ хэсгээс хоёрдугаар байраар ямар баг шалгарах нь сүүлчийн тойргоос шалтгаална.
Барселона-13 оноо
Тоттенхэм-7 оноо
Интер-7 оноо
ПСВ Эйндховен-1 оноо

С хэсэг
Францын аварга “ПСЖ” эхний хагаст хоёр гоол хийснийхээ ачаар хүссэн үр дүндээ хүрлээ. Бразил довтлогч Неймар энэ тоглолтод гоол оруулснаар аваргуудын лигт 31 гоолтой болж, Какаг ардаа орхив. Мөн тэд 95 тоглолтод 50 дахь хожлоо авсан нь “Реал Мадрид” (88), “Барселона” (93)-гийн дараа орох үзүүлэлт. Харин тун хүнд байдалд орсон “Ливерпүүл” аваргуудын лигийн хэсгийн шатанд айлын талбайд хийсэн бүх тоглолтод хожигдсон. Энэ нь тус багийн хувьд анх удаа болж буй үзүүлэлт. Түүнчлэн Европын цом, Аваргуудын лигт айлын талбайд дөрөв дараалан ялагдсан нь тус клубын түүхэнд анх удаа болж байгаа үзэгдэл ажээ. Энэ хэсгийн эхний гурван багт бүгдэд нь хэсгээс шалгарах боломж бий. Марек Хамшикийн гайхалтай тоглолтын ачаар Италийн “Наполи” клуб ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлж эхэлсэн. Гэхдээ тэд дараагийн шатанд шалгарах эсэх нь сүүлчийн тойргоос хамаарна. Хамшик энэ тоглолтод эхний гоолыг оруулж, дараа нь гоолын дамжуулалт өгсөн нь 2011 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаа болсон зүйл. “Наполи” хэсгийн шатанд гэртээ хийсэн сүүлийн 15 тоглолтод 10 ялж, гурав тэнцээд, хоёр удаа хожигдсон байна.
Наполи-9 оноо
ПСЖ-8 оноо
Ливерпүүл-6 оноо
Белград-4 оноо

D хэсэг
ОХУ-ын “Локомотив Москва” клуб 2004 оны хоёрдугаар сард “Монако”-г ялснаас хойш аваргуудын лигт анхны ялалтаа байгууллаа. Тухайн үед одоогийн дасгалжуулагч Юри Семин бас удирдаж байв. Тус тоглолтын хоёр дахь гоолыг Владислав Игнатьев оруулсан юм. Игнатьев энэ гоолоо оруулахдаа 31 нас, 312 хоногтой байсан нь тус багаас аваргуудын лигт гоол оруулсан хамгийн ахмад тоглогчийн нэг болжээ. Түүний өмнө 34 нас, 10 хоногтой гоолдсон Жефферсон Фарфан бий. Тэгвэл “Порту” гурван жил дараалан аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарав. Түүнчлэн аваргуудын лигт дөрөв дараалан ялалт байгуулсан нь 1996 оны аравдугаар сараас хойш анхны тохиолдол юм.
Порту-13 оноо
Шальке 04-8 оноо
Галатасарай-4 оноо
Локомотив-3 оноо

Е хэсэг
Сербийн Душан Тадичийн таван минутын дотор оруулсан хоёр гоолын ачаар Нидерландын “Аякс” клуб 2005-2006 оны улирлаас хойш анх удаа аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөх тийзээ авлаа. Грекийн клубээс 68 дахь минутад хорват эр Марко Ливая бөмбөгийг гараараа хааж, улаан хуудас авснаар хүн дутуу үлдсэн тул тоог тэнцүүлэх боломж гарсангүй. “Аякс” өрсөлдөгчөө ялснаар “Бенфика” клуб Германы аваргуудыг хоёр гоолын зөрүүгээр ялах шаардлага тулгарсан. Гэвч Роббен, Левандовски, Рибери нар грекчүүдэд ийм боломж өгсөнгүй. Левандовски аваргуудын лигт 51 гоолтой болж, Рибери 2015 оны гуравдугаар сараас хойш анхны гоолоо оруулав. Харин энэ хэсгээс “Бенфика” евролигт өрсөлдөх юм. Тэгвэл Грекийн баг аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын хэсгийн шатанд оноо аваагүй цорын ганц баг болжээ. “Бавари Мюнхен”-ий Левандовскигийн хувьд дээрх тэмцээнд 50 ба түүнээс олон гоол оруулсан долоо дахь тоглогч болжээ. Польш эр нийт 77 тоглолтод 51 гоол оруулсан. Тэрбээр 2011 оноос хойш Аваргуудын лигт өрсөлдөж, 2014 онд “Бавари”-д нэгдэхээсээ өмнө “Боруссия Дортмунд”-д эхний 17 гоолоо оруулж байв.
Бавари Мюнхен-13 оноо
Аякс-11 оноо
Бенфика-4 оноо
Афинс-0 оноо

F хэсэг
Английн “Манчестер Сити” энэ тоглолтод оноо авбал шөвгийн 16-д өрсөлдөх болзол хангах байв. Максвел Корне хоёр ч гоол оруулж, багаа тэргүүнд гаргасан ч Английн аваргууд барьц алдсангүй. Аргентин довтлогч Серхио Агуэро 83 дахь минутад тоог тэнцүүлсэн юм. Эхний 20 минутад гурван гоол орж, тун сонирхолтой эхэлсэн тус тоглолтод “Шахтёр”-ын бразил довтлогч Тайсоны нэмэлт цагт оруулсан гоолын ачаар Украины аваргууд ялалт байгууллаа. Энэ хэсгээс “Манчестер Сити” гарах нь тодорхой болсон. Харин тэдний араас “Лион” уу, “Шахтёр” уу гэдэг нь ирэх сарын 12-нд тодорхой болно. Сонирхолтой нь тэд хоорондоо өрсөлдөх юм.
Манчестер Сити-10 оноо
Лион-7 оноо
Шахтёр-5 оноо
Хоффенхэйм-3 оноо

G хэсэг
ОХУ-ын “ЦСКА Москва” клуб талбайдаа “Виктория Плзен”-д ялагдал хүлээснээр хэсгийн сүүлийн байрт бичигдэж эхэллээ. Үнэндээ энэ тоглолт хэний ч таамаглаагүй үр дүнгээр өндөрлөсөн юм. Тус хоёр багийн хэн нь хэсэгтээ гуравдугаар байр эзлэхийг сүүлийн тоглолтоос л бид мэдэх боломжтой. Энэ хэсгийн нөгөө тоглолт аль хэдийнэ шийдэгдчихсэн тул тус хоёр баг хоёул хэсгээсээ гарах нь тодорхой болсон юм. Гарет Бэйл, Лукас Васкес нарын гоолын ачаар лигтээ тааруухан буй “Реал” хэсгээ тэргүүлж байна. Харин “Рома” хоёрдугаар байраар хасагдах шатанд үлдэв.
Реал Мадрид-12 оноо
Рома-9 оноо
Викториа Плзен-4 оноо
ЦСКА-4 оноо

Н хэсэг
“Ювентус” энэ тойрогт Криштиану Роналдугийн дамжуулалтаар Марио Манжукич энэ тоглолтын цор ганц гоолыг оруулснаар хэсгээсээ гарах нь тодорхой болсон юм. Харин тэдний өрсөлдөгч болох Испанийн “Севилъя” клубын хувьд евролигт өрсөлдөх нь ойлгомжтой болов. Тэгвэл Английн лигийн төлөөлөл “Улаан чөтгөрүүд” ч Швейцарийн “Янг Бойз”-ыг буулган авснаар хэсгээ тэргүүлэх боломжоо хадгалж үлдлээ. Ялалтын цор ганц гоол 91 дэх минутад бүртгэгджээ.
Ювентус-12 оноо
Ман.Юнайтед-10 оноо
Валенсия-5 оноо
Янг Бойз-1 оноо

Б.МӨНХЗУЛ