Г.Ганхуяг: эзэн орны тамирчинтай барилдах хамгийн хүнд байсан

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өрсөлдөн эрэгтэй багийн цорын ганц медалийг авсан “Аваргууд” академийн тамирчин Г.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны эрэгтэй медальтан болсон юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж хүрэл медалийн эзэн болсонд баяр хүргэе. Мөн эрэгтэй тамирчдаасаа анхдагч нь боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байсан.23 хүртэл насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь жилдээ зодоглож хүрэл медаль хүртлээ. Тамирчин хүн оролцож буй тэмцээн бүртээ амжилттай оролцохыг зорьдог. Энэ тэмцээнд ч бас тийм зорилготой ороод түүндээ хүрч чадлаа. Мөн энэ зорилгоо биелүүлж тэмцээн уралдаанд оролцоход залуу тамирчид бидэнд тулгардаг асуудал бол зардал байдаг. Тиймээс хамгийн түрүүнд үүнийг шийдэж, намайг дэмждэг “Булган Өгөөж” компанийн захирал Б.Мөнхтөр, МУБИС-ийн хамт олон, Б.Баяраа багш, Монголын чөлөөт бөхийн холбоо, Ховд аймгийн Булган сумын нутгийн зөвлөл гээд надад тусалдаг бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Анх 2016 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд гарч ирсэн. Ер нь хэзээнээс барилдаж эхэлсэн юм бэ?

-Дөрвөн хүүхэдтэй айлын бага нь болохоор бүр багаасаа л ах нартайгаа барилдаж ноцолддог байсан . Анх бол чөлөөт бөхөөр барилдаж эхлээгүй. Үндэсний бөх болон жүдогоор барилддаг байсан. Өсвөртөө жүдогийн аймгийн аварга, улсын аваргад ордог байлаа.

-Тэгвэл яагаад жүдогоо орхиод чөлөөт рүү урвасан юм бэ?

-2014 оны Ховд аймгийн бага олимпоор жүдогоор түрүүлнэ гэж очоод түрүүлж чадаагүй юм. Тэгсэн манай дунд сургуулийн бөхийн багш намайг чөлөөтөөр барилдаад үзвэл яасан юм бэ гэж зөвлөсөн. Чөлөөт бөх жүдог бодвол хөл авч болдог учраас надад ч бас барилдаж үзэх юмсан гэх хүсэл төрдөг юм байна. Яг тэр үед манай аймагт Б.Баяраа багш хуралд оролцохоор ирсэн байж таарлаа. Ингэж багштайгаа уулзаж танилцаад бид хоёр Баатархайрханд гарч мөргөөд багш шавь болсон. Түүнээс хойш би 2014 оны сүүлч 2015 оны эхээр Б.Баяраа багш дээр ирээд чөлөөт бөхийн бэлтгэл хийж эхэлсэн. Мөн намайг чөлөөт барилдахад нөлөөлсөн хүмүүсийн нэг бол олон улсын шилэгдмэл шүүгч А.Басхүү. Энэ хүн Ховдын бага олимпоор намайг жүдогоор барилдахыг хараад “Чи жүдо биш чөлөөт барилдахаар хүүхэд байна” гэж хэлж байсан юм.

-Тэгэхээр богино хугацаанд амжилт гаргаад эхэлжээ. 2016 онд залуучуудын улсын аваргаас хүрэл аваад 2017, 2018 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ жилийн “Монголиа Опен” тэмцээний аваргын төлөө барилдаанд нэлээд харамсалтай хожигдсон санагдаж байна?

-Тэр их харамсалтай барилдаан болсон. 7:5-аар хожиж байгаад ардаа алдаад 7:7 болсон. Тэгээд цаг дуусахад гурван секунд дутуу байхад шахуулаад 7:9-өөр хожигдсон. Хэрвээ  шахуулаагүй байсан бол онооны чанараар би хожих байсан. Барилдааны дараа нэг хэсэгтээ л харамссан байдлаасаа гарч чадахгүй явсан.

-Бөх удмаа дагадаг гэдэг шүү дээ. Танай удамд ер нь бөх бий юү?

-Би Ховд аймгийн Булган сумын уугуул. Яг манай гэр бүлд бол надаас өөр барилддаг хүн байхгүй. Удам гэвэл ээжийн талаас бий. Улсын харцага Н.Батзаяа манай ээжийн төрсөн ахын хүүхэд.

-23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хийсэн барилдаанаа ярья. Хамгийн түрүүнд нутгийн бөхтэй таарсан шүү дээ?

-Тийм. Румыны Михайл Николай гэдэг бөх байсан. Эзэн орны бөх учраас шүүлтэн дээр бага зэрэг нөлөө үзүүлэх гээд болдоггүй. Эхлээд би 4:1-ээр хожиж яваад дэвжээнээс түлхээд гаргасан. Дэвжээнээс гаргачихлаа гэж бодоод сулартал намайг шидээд дөрвөн оноо авчихсан. Үүн дээр багш челлэнж шидсэн боловч ахиад нэг оноо алдаад 4:6-гаар хожигдоод эхэлдэг юм байна. Хожигдоод эхлэхээр нягт байхыг хичээгээд цагийн төгсгөл дээр дөрвөн оноо авч хожсон. Энэ нь эхний барилдаан байсан болоод ч тэр үү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хүндэд тооцогдож байгаа юм.

-Шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1-ээр хожсон. Энэ барилдааны талаар?

-АНУ-ын бөхтэй барилдахаар гарахад шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзориг багш хараад тайван барилдаарай гэж захисан. Барилдаан эхлэхэд үүрээд хоёр оноо авсан. Дараа нь ард нь гараад хоёр оноо аваад цагийн төгсгөлд тонгороход нь дагуулж хөмрөөд хоёр оноо аваад хожсон. Үүний дараа хагас шигшээд Ираны Камран Гасемпуртад 4:0-ээр хожигдсон. Жаахан харамсалтай барилдаан болсон. Уг нь хожих бүрэн боломж байсан боловч барилдааны төлөвлөгөө зөрөөд хожигдчихсон.

-Хүрэл медалийн төлөө Туркийн бөхтэй нэлээд нягт барилдах шиг болсон?

-Барилдахаар гарахаасаа өмнө Б.Баяраа багштайгаа ярьсан. Багш хий гаргалгүй нягт барилдах хэрэгтэй шүү гэж захисан. Үүнийг бодоод л гарч барилдаад 4:1-ээр хожсон. Багшийнхаа захиснаар барилдаж медальд хүрсэн.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа ОХУ-ын Чеченьд  “Ахмат” цомын тэмцээнд залуучуудын шигшээ баг оролцоод ирлээ. Энэ тэмцээний талаар мэдээлэл өгөх үү?

-Багийн тэмцээн л дээ. Тэмцээнд Чеченийн “Ахмат” клуб, Европын шигшээ, Монгол, Азербайжан, Кыргызстан гэсэн таван баг тойргоор өрсөлдсөн. Бид эхний барилдаанаа Чеченийн “Ахмат” клубтэй хийж 1:9-өөр хожигдсон. Дараа Европын шигшээ багт мөн л 1:9-өөр ялагдсан. Гурав дахь барилдаан Азербайжаны шигшээ багтай хийсэн. Дахиад ялагдахдаа 2:8-аар дийлдлээ. Харин сүүлчийн барилдаанаа Кыргызстаны шигшээ багтай хийж 6:4-өөр ялж дөрөвдүгээр байрт орсон. Ер нь олон ялагдаад ирэхээр өрийн эрхгүй нэр хүндийн ялалт авмаар санагддаг юм билээ. Тэгээд л сүүлийн барилдаанд бүгд өөрсдийгөө дайлчилсан. Миний хувьд эхний барилдаан дээр нүд рүүгээ цохиулаад эмчийн магадалгаагаар дараагийн багийн эсрэг дэвжээнд гараагүй. Гэхдээ энэхүү тэмцээн манай багийнханд их туршлага болсон гэж бодож байна. Учир нь олимп, дэлхийн аварга Шариф Шарифов, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт Асланбек Албаров, Ахмеднаби Гварзатилов гэх мэт дэлхийн шилдгүүдтэй барилдаан хийсэн.

-Өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аваргаар шагайндаа бэртэл авсан байх аа?

-Тийм. Энэ тэмцээнд орчихоод бид клубүүдын дэлхийн цомд оролцсон. Тэр тэмцээний бэлтгэлийн барилдаан дээр шагай бэртсэн. Эхэндээ зүгээр дуугарчихлаа гэж бодоод шарлага хийлгэж байтал сүүлдээ яс нь цуурсан болж таардаг юм байна. Тэгээд энэ жилийн улсын аварга болтол бэлтгэл хийгээгүй. Улсын аваргаас гурав хоногийн өмнө шохойгоо авахуулсан. Б.Баяраа багшаас “Улсын аварга шалгаруулах тэмцээнд орох уу” гэж асуусан чинь ороод үз гээд оролцсон. Тэр нь ч зөв болж хүрэл медаль авсан. 

-Залуу тамирчны хувьд цаашдын зорилго их байгаа нь мэдээж. Хамгийн ойрын том зорилго юу байна вэ?

-Тамирчин хүн бүрийн зорьдог олимп, дэлхийн медальтан болохын төлөө бэлтгэлээ хийж байгаа. Одоо хамгийн ойрын том зорилго маань 2020 оны олимпод оролцох. Цаашлаад олимпийн аварга болохын төлөө зүтгэнэ. Ингэхийн тулд 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлэх хэрэгтэй. Тэгж байж олимпийн эрхийн оноо цуглуулах эрхтэй болно.

-Яриагаа энэ хүрээд өндөрлөе. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд зорилгодоо хүрээрэй?

-Баярлалаа. Зорилгодоо хүрэхийн төлөө хичээх болно. Нас залуу байгаа болохоор олон сайхан амжилт гаргаж багшийгаа болон чөлөөт бөхөд хайртай ард түмнээ, мөн намайг үргэлж дэмждэг ивээн тэтгэгч нар аа баярлуулна аа.

Б.МӨНХЗУЛ