Дэлхийн шилдэг хаалгач Петер Шмейхель Монголд ирнэ

Дэлхийн хөлбөмбөгт өөрийн нэрийг мөн­хөлсөн домогт тог­логчдыг хөлбөмбөг сонир­хогчидтойгоо уулзуулах ажлыг Монголын хөлбөмбөгийн холбоо уламжлал болгож, энэ жил дахин нэг тоглогчийг эх орондоо урьжээ.


Тэр нь Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, “Дэлхийн шилдэг хаалгач”-ийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхель юм. Алдарт хаалгач манай улсад ирэхдээ ирэх сарын 12-нд зохион байгуулагдах “Алтан бөмбөг” Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулах арга хэмжээнд оролцож шагнал гардуулна. Түүнчлэн үнэнч фанатуудтайгаа чөлөөт уулзалт, ярилцлага хийх ажээ. Түүний хувьд 2014 онд гаргасан Олон улсын хөлбөмбөгийн холбооны домогт 100 тоглогчийн жагсаалтад бичигдэж байсан юм. Тэрбээр “Манчестер Юнайтед” багийн хамт Английн премьер лигт зургаа, аваргуудын лигт нэг түрүүлсэн. Үүнээс гадна Данийн шигшээ багтайгаа 1992 онд Европын аварга болж байв. Шмейхель 1992, 1993 онд дэлхийн шилдэг хаалгач, 1992, 1993, 1998 онд Европын шилдэг хаалгачийн шагналт хүртсэн нэгэн. Түүний тухай товчхон танилцуулахад, Петер Шмейхель 1963 оны арваннэгдүгээр сарын 18-нд Данид төрсөн бөгөөд өдгөө 55 настай. Мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа төрсөн хотынхоо “Херо” багаас эхэлсэн бөгөөд тус багтаа 64 тоглолтод оролцохдоо хаалгандаа нэг ч гоол алдаагүй байна. Тэгвэл 1991 оноос дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн олон үзэгчтэй, хамгийн өрсөлдөөнтэй лиг гэгдэх Английн премьер лигт анх удаа хөл тавихдаа “Манчестер Юнайтед”-ын эгнээнд нэгджээ. Түүнээс хойш Португалийн “Спортинг”, Английн “Астон Вилла”, хамгийн сүүлд “Манчестер Сити”-д тоглосноор их спортын тамирчны замналдаа цэг тавьсан юм.

Б.МӨНХЗУЛ