Беларусь Улсын 50 сая еврогийн зээлээр ОБЕГ-т гал унтраах машин нийлүүлэхээр төлөвлөжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.

Ингэхдээ хоёр улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулахаар төслийг хамтран боловсруулсан талаар дурдлаа. Уг зээлийн нөхцөл нь жилийн 0.78-1.9 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь долоон жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь хоёр жил байх юм байна. Зээлийн хүүгийн хувьд УИХ-аас зөвшөөрөл авч, хэлэлцээрийг батлагдах үеийн хувь хэмжээнээс хамаарч тогтоох аж. Улмаар ОУВС-ийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь бөгөөд Монгол Улсын өрийн удирдлагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарах юм байна. Дээрх хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байгааг Сангийн дэд сайд танилцуулгадаа дурдлаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд Беларусь Улс хотын тээврийн асуудлаа амжилттай шийдсэн туршлагатай учир энэ чиглэлд хамтран ажиллах бололцоо бий эсэхийг лавлаж байлаа. Энэ үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Өнгөрсөн хугацаанд ОБЕГ Польш Улсаас тодорхой тооны тоног төхөөрөмж авсан. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн анги шинээр байгуулагдсан бөгөөд энэ салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага бий” гэв. Харин Байнгын хорооны дарга Д.Дамба-очир хөнгөлөлттэй зээлийн хугацааг 28-30 жил болгох зэргээр зээлийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр дахин яриа хэлцэл хийхийг зөвлөлөө. Тэрбээр үргэлжлүүлэн “Засгийн газрын асуудал яригдаж буйтай холбоотойгоор гишүүд Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байна. Хуралдаанд оролцож байсан гишүүд хэлэлцүүлгийн явцад хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Ирц хүрэхгүй байна. Иймд хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах нь зүйтэй” гэлээ. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд эзгүй байгаа учир Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх боломжгүй болсон учир Байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм.

Б.ЦЭНД-АЮУШ