Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн Цэц Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн юм. Улмаар хуулийн зарим заалтыг энэ сарын 21-нээс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Цэцийн дүгнэлтийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Эл асуудлыг нягтлан судлах зайлшгүй шаардлагатай тул энэ сарын 30-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулах санал гаргаж байна. Энэ хугацаанд дээрх хуулийн нэр томьёоны талаар болон хуулийг батлах үеийн хуралдааны тэмдэглэл зэргийг нягтлах шаардлагатай байна” гэсэн юм. Үүний дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуралдааныг хойшлуулахаар боллоо.