Нүүрс тээвэрлэлтийн компаниудын төлөөлөлтэй уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар болон холбогдох албаныхан нүүрс тээвэрлэлтийн компанийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр Автотээврийн үндэсний төвийнхөн нүүрс тээвэрлэлтийн замд үүсээд байсан нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн дараалал энэ сарын 6-наас эхлэн 100-140 км-т хүрч, 6500 орчим тээврийн хэрэгслийн цуваа үүсээд байсан. Улмаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудтай хамтран дээрх асуудлыг шуурхай шийдвэрлэсэн байна. Тухайлбал, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулжээ. Мөн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын байранд жолооч нарыг байрлуулж, тэдэнд хоол хүнс, дулаан хувцас, түлш болон шаардлагатай бусад зүйлээр хангах үүрэг, чиглэл өгсөн байна. Уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан жолооч нарыг Цагаан хад-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэх ажлыг Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж, нүүрс тээвэртэй холбоотой урт болон богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт, богино болгох шийдвэр гаргасан. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцна. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна. Ойрын үед үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулах чиглэлээр Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Гэхдээ хэвийн болтол нэлээд хугацаа орно. Уурхайн үйл ажиллагаа 15 хоногт хязгаарлалттай явна гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.