Парламентад суудалгүй намууд Ерөнхий сайдыг дэмжинэ гэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр парламентад суудалгүй 14 намын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Иргэний зориг, ногоон нам, Уламжлалын нэгдсэн нам, Эмэгтэйчүүдийн үндэсний нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ардчилсан хөдөлгөөний нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын хүний төлөө намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон юм.

Энэ үеэр намуудын удирдлагууд Ерөнхий сайдад сонордуулга гардуулсан бөгөөд үүнд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрны хүртээмжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, гадаад өрийг бууруулах зэрэг олон асуудал нийгмийн өмнө тулгамдаж буйг дурджээ. Улмаар Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх цаг болсон гэдгийг онцолж байлаа.

Үүнээс гадна намуудын удирдлагууд Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын зэрэгцээ Ерөнхий сайдын эхлүүлсэн шинэчлэлийн ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Тухайлбал, МУНН-ын дарга Б.Батболд “Төрд их цэвэрлэгээ хийж, тогтолцооны хямралыг засах гэж байгааг 100 хувь дэмжиж байна. Хийж байгаа өөрчлөлт, шинэчлэлийг нийгмийн захиалга гэж үзэж байна. Итгэл байгаа учир ард түмэн маш их дэмжиж байгаа шүү. Засгийн газрыг огцруулбал үндэстний талцал, хагарал, үймээн самууны эх болох аюултай” гэсэн бол ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Төрөө цэвэрлэх, нам дамжсан бүлэглэлтэй тэмцэж байгааг дэмжиж байна. Асуудал Засгийн газарт бус, УИХ, УИХ-ын гишүүдэд байна. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой” гэсэн юм. Мөн Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Д.Сүхжаргалмаа “Нийгэм шударга ёсыг хүсч байгаа. Иргэдийн хүлээж байгаа их хүлээлтийг биелүүлээрэй” гэв.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентад суудалгүй намуудын удирдлагууд шударга ёсыг бий болгохыг дэмжиж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр “МАН бол Монголын ууган нам. Энэ намын язгуур эрх ашиг бол ард түмний эрх ашгийг хамгаалах юм. Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө ажиллах нь энэ намын үүрэг. Энэ үүргээ биелүүлж чадахгүй бол МАН ард түмний биш хувь хүний эсхүл аль нэг олигархийн нам болно. Надад Монгол Улсын хөгжил дэвшил, шударга нийгмийн төлөө тэмцэх эсвэл цөөн хэдэн хүний албан тушаалыг хамгаалж суух гэсэн хоёр зам байна. Би эхнийхийг нь сонгосон. Засч, залруулах зүйл маш их бий. Засгийн газрын хувь заяа удахгүй шийдэгдэнэ. Засгийн газар тогтвортой ажиллаж, эхэлсэн ажлаа дуусгаасай, улс төрийн шинэчлэлээ бүрэн хэрэгжүүлээсэй гэж ард түмэн хүсч байгаа. Тиймээс УИХ Засгийн газар түмний хүсэл зоригийг зөвөөр олж харна гэдэгт итгэж байна. Та бүхнээс ирүүлж буй сонордуулгатай санал нэг байна. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. Одоогийн Үндсэн хууль бол Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг цогцлоох үүргээ биелүүлсэн. Гэхдээ цаг үеэ дагаад өөрчлөх нь зөв. Ардчилсан нийгмийн амин сүнс бол зөвшилцөл юм. Тиймээс МАН-ын даргын хувьд бусад улс төрийн намуудтай хамтран ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмэн, эрдэмтэн, судлаачидтай ярилцах, зөвшилцөх нь зөв гэж үзэж байна. УИХ-д суудалтай цөөн хэдэн нам Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь чухал үүрэгтэй” гэсэн юм.

Б.ЦЭНД