Н.Номтойбаяр: Зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж ойлголоо

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудалд холбогдсон Засгийн газрын гишүүдийг шалгуулах талаар Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл өчигдөр тус албан бичгийн хариуг нийслэлийн Прокурорын газраас өгсөн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Нийслэлийн Прокурорын газарт нэр бүхий гишүүдийн зүгээс тавьсан албан бичгийг хариуг өглөө. Бид анх ЖДҮХС-гийн хэрэгт нэр холбогдоод байгаа сайд нартай холбоотой мэдээллийг албан бичигт хавсаргаж Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд явуулсан. Өнөөдөр хариуг нь ирүүлж байна. Үүнд 211 аж ахуйн нэгжид 100 орчим тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосныг шалгаж байгаа гэсэн байна” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Албан бичигт 211 аж ахуйн нэгжид зээл олгоход улс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж оролцсон, өөрийн хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгуулсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж дуусаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна. Үүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад буюу эрүүгийн хэрэг үүссэн үед мэдээлэл өгөх боломжгүй гэж заасан байдаг. Тэгэхээр зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа учраас дээрх хуулийн 29.3 дахь заалтыг үндэслэн мэдээлэл өгөх боломжгүй гэж ойлгогдохоор байна” гэсэн юм.