Арилжааны банкуудад өгсөн хугацаа дуусахад нэг сар үлдлээ

ОУВС-гийн “Өргөт­гөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн активийн чанарын үнэлгээгээр арилжааны банкууд өөрийн хөрөнгийн дутагдалтай гараад байгаа. Өнгөрсөн оны төгсгөлд олон улсын аудитын “PWC” компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкны активийн чанарыг үнэ­лэхэд тав нь шалгалтад бүдэрч, 511 тэрбум төгрөг дутсан.

Банкуудын өөрийн хөрөнгө буюу иргэдийн хадгаламжид өгөх баталгаа эргэлзээ дагуулсан даруй УИХ-аас Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийг батлан хэрэгжүүлж эхэл­сэн юм. Хуулийн хугацаа 40 хүрэхгүй хоногийн дараа дуусч байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дээрх таван банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмжээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ОУВС-гийн төлөөлөгчид Монгол улсад хэрэгжүүлж буй  хөтөлбөрийнхөө зургаа дахь шатны үнэлгээг хийхдээ, банкны өөрийн хөрөнгөд эмзэг байдал оршсоор байгааг онцол­сон. Улмаар зээлийн хэт өсөлтийг хязгаарлах,   банкууд 2017 оноос эхлэн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа хүчин чармайлтаа гүйцэлдүүлэх нь нэн чухал гэдгийг зөвлөжээ.

Энэ талаар ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб хийсэн мэдэгдэлдээ, “Санхүүгийн салбарт 2017 оны сүүлээр хийсэн активын чанарын үнэлгээ эцсийн шатандаа ирлээ. Олгосон хугацаанд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаж чадаагүй банкуудад Төв банкнаас оролцох эсвэл Банкны тухай хуулийн дагуу шийдвэрлэх болно. Эрх баригчид мөн чанаргүй зээлийг илүү түргэн шийдвэрлэхэд анхаарах ёстой. Хөтөл­бөрийн зургаа дахь үнэлгээний эцэст ажлын хэсэг эрх баригчидтай хэд хэдэн арга хэмжээг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө гүйцэлдүүлэхээр тохирсон бөгөөд тэр дундаа санхүүгийн салбарт төвлөрөхөөр байна” гэжээ. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Төв банкнаас нэр бүхий арилжааны банкинд төлөөлөгчөө томилсон талаар албан бус мэдээлэл явж байгаа бол Монголбанк  “Банкуудаас нэг болон есдүгээр сард өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх төлөвлөгөө хүлээн авч, түүнийг хянаж баталгаажуулан биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна. Банкуудаас 2020 он хүртэлх бизнес төлөв­лөгөөг хүлээн авч үнэлсэн. Активын чана­рын үнэлгээтэй уял­дуу­лан 2018 оны эцэс гэхэд банкинд дутаг­даж болзошгүй өөрийн хөрөнгийн дүнг тооцоол­сон байгаа” гэдэг мэдээлэл гаргасан байна.

Харин УИХ-ын зарим гишүүний зүгээс өөр мэдэгдэл хийх болсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулиар нэр бүхий арилжааны банкинд 500 тэрбум төгрөг бэлэглэх хуулийг баталсан. Яг үнэндээ хоёрхон банктай л холбоотой асуудал байсан. Нэг нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал банк”, нөгөө нь Б.Жавхлан гишүүний хамаарал бүхий “Чингис хаан” дампуурах эрсдэлтэй байсан. “Капитал банк” гэхэд үр ашиггүй банкинд нийгмийн даатгалын шимтгэлийг байршуулснаас болоод энэ банкийг дампууруулах чиглэлийг ОУВС-гаас  өгөх гээд байсан юм. Энэ хоёр банкинд мөнгө бэлэглэх нэрээр улсын төсвөөс 500 тэрбум төгрөг авч дампууруулахгүй байя гэсэн хуулийг баталсан” хэмээсэн удаатай. Арилжааны банкны үндсэн үйл ажиллагаа бол олон нийтээс хадгаламж хэлбэрээр мөнгө татан төвлөрүүлж, түүгээрээ зээл  олгох явдал. Харин олгосон  зээл нь чанаргүйдэж, банкинд үүссэн алдагдлыг банк өөрөө нөхөж, олон нийтээс татсан хөрөнгөө буцаан төлөх чадвартай байхыг банкны өөрийн хөрөнгө гэж тодорхойлжээ. Тиймээс өөрийн хөрөнгийн хүрэлцээг тухайн банкинд итгэх итгэлийн гол үзүүлэлт ч гэж үздэг байна.  Хэрэв УИХ-аас хууль баталж, Төв банкнаас өгсөн хугацаанд арилжааны банкууд өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангаж чадахгүй бол Засгийн газарт хөрөнгө гаргаж, дутсан мөнгийг нөхөх эрх олгох нь эрх зүйн орчин бүрдчихсэн юм.

Нөгөө талаар арилжааны банкууд зохистой харилцаагаа хангаж чадсан тохиолдолд татвар төлөгчдийн халааснаас мөнгө зарлагадах шаардлага үүсэхгүй  өнгөрөх талтай.  Банкны холбооноос гаргасан энэ оны II тойм мэдээнд хэд хэдэн банк дүрмийн сангаа нэмэгдүүлсэн. Гэвч Зээлийн өсөлт эрчимж­сэний зэрэгцээ, зээлийн эрсдэлийн сан огцом нэмэгдсэн нь банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ буурах шалтгаан болс­ныг дурдсан байна. Тухайлбал, “Голомт” банк зээлийн багцаа амжилттай өсгөж чадсан боловч одоогийн өөрийн хөрөнгийн түвшинд зээлийн өсөлтөө хязгаар­лах шаардлагатай болж байна.  “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт зөрчигдсөн байдалтай байгаа бол “Чингис хаан банк”-ны хувьд зээлийн өсөлтөө хязгаарлах шаардлагатай болсон. Ерөнхийдөө II улиралд “Капитрон”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингис Хаан” банк, “Богд”, “Тээвэр хөгжлийн банк”-ууд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн. “Ариг” болон “Кредит” банкууд үлдэж буй хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлэхээр хүлээгдэж байгааг мэдээлсэн. Ингэснээр  бүх арилжааны банк Төв банкнаас  өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээ болох 12 хувийн босгыг давсан гэж тайланд дурджээ. Одоогоор Монгол Улсын нийт санхүүгийн системийн 95 хувийг банк салбар эзэлдэг. Банкны системийн нийт активийн 91 хувь нь системийн нөлөө бүхий банкуудад төвлөрч байна. Системийн нөлөө бүхий банкуудад “Худалдаа хөгжил”, ХААН, “Голомт”, “Хас”, “Улаанбаатар хотын банк” болон Төрийн банк тооцогдож байгаа юм. Түүнчлэн заасан хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадалгүй хуулийн шаардлагыг биелүүлэхгүй бол төрөөс хариуцлага, албадлагын арга хэмжээг хуульд заасны дагуу авах боломжтой.

Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдэд алдагдал, хариуцлагыг хүлээлгэж төр банкны удирдлагыг авахаас эхлээд бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах зэрэг арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай аж. Өөрөөр хэлбэл, тухайн банкны удирдлага  Монголбанкинд шилжиж, зургаан сарын хугацаанд аврах ажиллагаа зохион байгуулна. Аврах үйл ажиллагаа явуулаад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй бол хуулийн дагуу банкийг дампууруулах хүртэл арга хэмжээ авах эрх нь Төв банкинд бий болсон. Иймд арилжааны банкууд өмнөхөө хариуцлагажиж, өөрийн хөрөнгийн зохистой харьцаагаа хангахаар идэвхтэй ажиллана,  ОУВС төдийгүй УИХ-ын зүгээс итгэл хүлээлгэсэн. Банкуудын хувьцаа эзэмшигч, удирдлагууд энэ хугацаанд багтааж шинээр мөнгөн хөрөнгө оруулах, хувьцаа гаргаж шинэ хөрөнгө оруулалт татах, бүтцийн зохион байгуулалт, үйл ажиллагааны өөрчлөлт хийнэ гэж найдаж байна.

Д.ДОРЖ