Мах, гурилын үнэ 300-2000 төгрөгөөр өсчээ

Шатахууны үнэ болон ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ дор хаяж 300-2000 төгрөгөөр нэмэгджээ. Зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ бага багаар иргэдэд төдийлөн мэдэгдэхгүйгээр нэмэгдсээр байгаа юм. Бид хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар байгааг сурвалжлахаар “Баянзүрх” худалдааны төвийг зорилоо.

 

Монголчуудын хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ нэлээд хэмжээгээр өссөн байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар хонины ястай мах килограмм нь  6500, цул нь 7000, үхрийн ястай мах 8000, цул нь 9000, адууны ястай мах 5800, ямааны ястай мах 5800 төгрөгийн үнэтэй байв. Махны үнэ ийнхүү өссөн шалтгааныг худалдаачдаас тодруулахад “Налайх болон “Эмээлт” зах дээр борлуулдаг махыг хятадууд өндөр үнээр их хэмжээгээр авч байгаа. Тэгээд Улаанбаатар хот руу ховор орж ирдэг болсон. Бид өглөө махаа “Хүчит шонхор” захаас бөөнддөг. Махны нийлүүлэлт мэдэгдэхүйц хэмжээнд багассан. Тиймээс махны үнэ нэмэгдэж байна. Төр засгаас хятадуутай гэрээ хийгээд “2020 хүртэл мах  худалдаална” гэсэн юм шиг байна лээ. Тэгээд хятадууд хэмжээ хязгааргүй авч байгаа” гэж ярив. Энэ үеэр Баянзүрх захаас мах худалдан авч байсан Б.Мэндбаяр гуай хэлэхдээ “Гурил, будаа, элсэн чихрийн үнэ нэмэгдсэн. Мах харьцангуй нэмэгдсэн байна. Би адууны умс авсан юм. Өмнө нь 3000 төгрөг байсан. Харин одоо 5000 төгрөг болчихож. Манайхан адууны махаа гадаад руу гаргадаг юм гэсэн. Өвөө нь хөдөөний хүн. Хүүхдүүд хотод гоё гээд энд авчирсан. Агаарын бохирдлоос эхлээд сайхан зүйл огт алга” гэлээ.

Бид дараа нь гурилын үнэ сонирхов. “Алтан тариа” болон “Улаанбаатар” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1650 төгрөг, нэгдүгээр зэргийнх 950-1200 төгрөг, хоёрдугаар зэргийнх 800-1000 төгрөгийн үнэтэй байна. Харин худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”,  “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг килограмм дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байлаа. “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарж байгаа юм. “Баянзүрх” худалдааны төвийн гурил, будаа борлуулагч эмэгтэй “Сүүлийн үед гурилын үнэ нэмэгдэж ирж байгаа. “Улаанбаатар” дээд гурил дээр 100 төгрөг, нэгдүгээр зэргийнх дээр 50 төгрөг нэмэгдэж ирсэн. Харин “Алтан тариа” дээдийн дээд гурил 200, дээд нь 100 төгрөгөөр нэмэгдсэн. Будаа, элсэн чихрийн үнэ харьцангуй тогтвортой байгаа” гэж ярилаа.

“Баянзүрх” худалдааны төвд хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байлаа. Монгол төмс 600-1000, лууван 700, манжин 1500, сонгино 1500-2000, байцаа 1500, чинжүү 4000, бууцай 1000, брокли 6000 төгрөгийн үнэтэй байв. Харин “Барс худалдааны төв”-д төмс хамгийн хямд буюу 600 төгрөгөөр, хамгийн өндөр үнээр буюу 1000 төгрөгөөр “Меркури зах” худалдаалж байна.  Монгол лууванг 900-1299 төгрөгийн хооронд томоохон хүнсний захууд худалдаалж байгаа юм.

Тэгвэл хүнсний бусад бүтээгдэхүүний хувьд “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор” зах, “Бөмбөгөр” худалдааны төв, “Хархорин” зах, “Оргил” супермаркет хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар” супермаркет худалдаалж байна. Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3100-3570 төгрөгийн үнэтэй байгаа бол “Бөмбөгөр” худалдааны төв, “Хархорин” захад хамгийн хямд буюу 3100 төгрөгөөр, хамгийн өндөр үнээр буюу 3570 төгрөгөөр “Макс” супермаркет худал­даалж байна. Шар будааны дундаж үнэ 1900 төгрөг байв. Цагаан будааны үнэ долоо хоногийн өмнө 2500 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар 3500 төгрөг болжээ. ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 4090-4500 төгрөгийн үнэтэй байна. “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4090 төгрөгөөр, хамгийн өндөр үнээр буюу 4500 төгрөгөөр “Хүчит шонхор” зах худалдаалж байна. Ургамлын тос дунджаар 3453 төгрөг буюу 3200-3750 төгрөгийн үнэтэй байв. Гүрж ногоон цайны дундаж үнэ 1522 төгрөгийн дундаж үнэтэй байгаа бол элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2500-2700 төгрөгийн үнэтэй байна. “Хархорин” захад хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, хамгийн өндөр үнээр буюу 2700 төгрөгөөр “Таван эрдэнэ” зах худалдаалж байна. Фүжи алимны дундаж үнэ 4350, орос алим 6500 төгрөгийн үнэтэй байв. Өндөг дунджаар 270-320 төгрөгийн үнэтэй байлаа. Харин “Сүү” ХК-ийн нэг литр сүү 2600-2790, тараг 2500-2650 төгрөгийн үнэтэй байна. Иргэдийн ярьж байгаагаар “Талх, алим, мах, гурилын үнэ 50-500 төгрөгөөр нэмэгдсэн. Илэрхий мэдэгдэхгүйгээр зальтай аргаар нэмж байна” гэж буй. Иргэн Б.Балжинням “Би нэг их нарийн анзаарсангүй.

Гэхдээ чихэр л авлаа. Чихрийн үнэ байдгаараа л байна. Талх үнэд орсон гэж зурагтаар сонссон. Миний авдаг хэмжээнд л байх шиг байна. Би хүнсний захаас нэг их юм авдаггүй юм. Махны үнээ харчихна. Цагаан идээнийхээ үнийг харчихна. Тогооны өрөм арай үнэтэй байна уу гэж харлаа. Өөр зүйл нэг их сонирхож харсангүй. Зарим хүнсний бүтээгдэхүүн 50-500 төгрөгөөр нэмэгдсэн байхыг ч үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ газар, газар өөр үнэтэй. Жишээ нь, бараа бүтээгдэхүүний үнэ сүлжээ дэлгүүрүүдэд үнэтэй. Гэтэл хажуу талынх нь жижиг дэлгүүрүүдэд арай хямдхан байдаг. Тэгэхээр тухайн газарт наймаа хийж байгаа хүмүүс сургаар учрыг нь олоод байна уу гэж хардаг юм” хэмээн ярилаа. Өчигдрийн байдлаар шатахуун түгээх станцуудаар “Дизель түлш”-ний үнэ 2350-2385 төгрөг байв. Харин “Аи-76, 80” шатахуун 1780-1850 төгрөг,  “Аи-92, 93” шатахуун 1970-1985 төгрөг,  “Аи-95” шатахуун 2300-2345 төгрөгийн үнэтэй байлаа. “Газ”  1300 төгрөгийн үнэтэй байв. Харин  ам.долларын ханш 2586 төгрөг байлаа.

У.САРАНГЭРЭЛ