Сайд Н.Цэрэнбат Засгийн газрын харьяа 29 сангийн дөрөвтэй нь нэр холбогдов

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат эмнэлэг, сургууль, цэцэрлэгт зориулах байсан нэг сая ам.долларын зарцуулалтыг өөрчилсөн.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүү­лэх сан болон Тариа­лан эрх­лэлтийг дэмжих сан, Мал хам­гаалах сангаас ашиг сонирхлын зөрчилтэй мөнгө гаргуулсан дуулиан тасраагүй байтал яам­ныхаа харьяа Байгаль орчин, уур амьсга­лын сангийн нэг сая ам.долла­рын зориулалтыг өөрчил­сөн гэх мэдээлэл тархлаа. Тус сангийн Удирах зөвлө­лийн даргаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрөө ажилладаг. Харин зарцуулалтыг нь өөрчилсөн хөрөнгийн учрыг тодруул­бал, Монгол Улстай найр­саг харилцаатай Арабын Нэгдсэн Эмират Улсаас энэ оны зургадугаар сарын 5-нд нэг сая ам.долларыг буцалтгүй тусламж болгон шилжүүлжээ.

Ингэхдээ агаар, орчны бохирдлыг шийдэхэд зарцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад хаягласан захидалдаа дурдсан бөгөөд нэн шаардлагатай сургууль, цэцэрлэгийг эко цахилгаан халаагуураар хангахад зориулна хэмээн тодотгосон байна. Өөрөөр хэлбэл, агаар, орчны бохирдлыг бууруулахад шууд зарцуулагдах зорилготой мөнгө байж л дээ. Гэвч БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн эрх мэдлийн хүрээнд зориулалтыг эрс өөрчилж, өнгөрсөн есдүгээр сарын 3-нд  А/322 тоот тушаал гаргахдаа, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах” төсөл болгон нэрийг нь өөрчилсөн байна. Улмаар тушаал гаргасныхаа маргааш нь буюу есдүгээр сарын 4-нд нэг сая ам.доллар буюу 2.4 тэрбум төгрөгийг зарцуулах төлөвлөгөө гаргахад  ердөө 817 саяыг нь агаарын бохирдлын эсрэг дэвшилтэт технологи, цахилгаан халаагуур нэвтрүүлэхэд төсөвлөж, үлдсэн 1.6 тэрбум төгрөгийнх нь зориулалтыг өөрчилсөн байна. Тухайлбал,  иргэдэд экологийн боловсрол олгоход 345 сая, орон нутгийн байгууллагад автомашин нийлүүлэхэд 35 сая, ажилтан, зөвлөх, хурал, семинар, төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардалд 98 сая төгрөг гэх мэтээр хуваарилжээ. Үүнийгээ БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл бус сайдаар томилогдсон даруйдаа дагуулж очин томилсон, өөрийн багийн хүн болох Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Цогтсайханаар батлуулсан гэх мэдээлэл ч байгаа юм.  Ийнхүү БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат АНЭУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгийг гурван хоногийн дотор хуваарилсан бөгөөд ихэнхийг нь Увс аймагт зоожээ. Зарлалтын эхлэл болгож, яамны харьяа хоёр ч байгууллагаар мөнгө гаргаж эхэлсэн бөгөөд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн УИХ-д сонгогдсон тойрог Увс аймгийг сонгосон гэхээр түүний 26 компанитай ч холбогдож болзошгүй аж. Гэтэл энэ үйл явдлаас нэг сарын дараа Засгийн газарт уг асуудлыг танилцуулсан байдаг. Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “БОАЖЯ-ны хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, цөлжилтийг бууруулах”-д чиглэсэн үйл ажиллагааг АНЭУ-ын Байгаль орчны яамны “Уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалах сангаас дэмжин ажиллахаар тохирсон талаар танилцуулав” гэжээ. Ингэж АНЭУ-аас агаар орчны бохирдлыг бууруулах, тэр дундаа эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд зориулах байсныг өөрчлөн шийдвэр гаргуулчихсан байгаа юм. Тус хуралдаанаас буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Н.Цэрэнбат сайдад даалгасан байна. Хэдийнэ төлөвлөгөө нь гарч, мөнгийг нь зарцуулаад эхэлчихсэн байхад Засгийн газар үүрэг өгөөд сууж байжээ. Тиймээс АНЭУ-аас манайд бэлэглэсэн нэг сая ам.долларын зарцуулалтыг Сангийн яам болон аудитынхан хянаж, шалгаж эхэлсэн байна. Ер нь тэгээд Засгийн газрын хуралдаанаар орсон гэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, цаашлаад танхимаараа ч ороогдож мэдэх юм. 

Үүний өмнө сайд Н.Цэрэнбаттай холбоотой тендер, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн баримтууд дэлгэгдсэн. Тухайлбал, Н.Цэрэнбат сайдын Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдсан “Булган буудайн түрүү” компани Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зургаан удаагийн үйлдлээр 128 сая 969 мянган төгрөг авсан байна. Эдгээр нь түүнийг сайдаар томилогдсон цагаас хойш болсон нь бас сонин. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хувь нийлүүлсэн “Булган буудайн түрүү” ХХК-ийн эзэмшигч Шагдарсүрэнгийн Мөнхбаяр гэж хүн бий. Тэгвэл энэ хүний нэр дээрх “Намуудэвжих” гэх компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр жил дараалан зээл авч байсан нь нийтийн анхаарлыг татсан. Өөрөөр хэлбэл, “Булган буудайн түрүү” болон “Намуудэвжих” компаниуд нэг гэсэн үг. Улмаар “Намуудэвжих” компани Геологи уул уурхайн судалгаа хийх, гадаад барилгын материалын судалгаа хийх зэрэг үндсэн чиглэлтэй мөртлөө сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, үнэний ферм байгуулах нэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр жил дараалан зээл авсан байдаг. Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань суманд 2017 онд үхрийн ферм байгуулах нэрээр нэг тэрбум төгрөгийн зээлээ дэмжүүлжээ. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны зургадугаар сарын 14-нд 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ мөнгөөр  Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үнээний ферм байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулна гэсэн боловч ямар ч ажил хийсэн баримт байхгүй юм байна. Үүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2018 оны аравдугаар сарын 11-нд 150 сая 849 мянган төгрөг авч, 2018 оны зургадугаар сарын 8-нд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зарласан 423 сая 270 мянган төгрөгийн өртөгтэй Үйлдвэр техникийн борлуулалтын албаны урсгал засварын тендерт ялсан, 2017 оны аравнэгдүгээр сарын 15-ны А125 тоот тушаалаар “Намуудэвжих” ХХК-д нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгөх тушаал гарсан зэрэг төрийн сангуудтай холбогдож буй урт түүхтэй аж.  Мөн “Хар­хираан хөгжил” компани  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны есдүгээр сарын 28-нд нэг тэрбум төгрөг авсан талаар дуулиан дэгдээд байгаа. Тус компани УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хөрөнгө оруулгын мэдүүлэгт 100 хувь мэдлийн гэж тусгажээ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тоот тушаалаар 2018 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл хүүгүй зээлийн гэрээ байгуулж, 600 сая төгрөгийг Мал хамгаалах сангаас авсан байна. Үүнээс үзэхэд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд үндсэн таван яамны нэгийг удирдаж байгаа Н.Цэрэнбат Засгийн газрын харьяа 29 сангийн дөрөвтэй нь лав холбогдож байна. Ийм учраас л түүнийг сайдаар томилогдсон жил гаруйн хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт   нэг ч дорвитой ажил хийгдээгүй юм болов уу.

Л.ТУЛГА