Д.Хаянхярваа: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг маргааш шийдвэрлэнэ

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байсан. Ерөнхий сайд хүсэлтийг хүлээж авч Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Түүнчлэн прокурорын байгууллагаас ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлжээ. Прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Тиймээс ч өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дээр дурдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Бүлгийн хурлаас ямар шийдвэр гарав?

-Маргааш өглөө (өнөөдөр) 09:00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хороогоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаан 11:00 цагаас хуралдаж шийдвэрлэнэ. Прокуророос ирүүлсэн саналыг маргааш (өнөөдөр) үдээс хойш Бүлгийн хуралдаанаар хэлэлцэе гэж тохирлоо. Прокурорын саналыг хэлэлцээд ерөн­хийдөө лхагва гараг гэхэд шийдвэрлэх юм.

-Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд дээр ямар асуудал яригдах бол?

-Энэ асуудал дээр бид үүний өмнөх бүлгийн хурлын дараа ч хэлж байсан шүү дээ. Намын дарга, Ерөнхий сайдын зүгээс нэр бүхий хүмүүст бол зээлээ маш богино хугацаанд эргүүлэн төл, хууль хяналтын байгууллагаар шалгуул гэж байгаа.  Тэгээд хууль хяналтын байгууллагаар шалгуулаад буруутай нь тогтоогдох юм бол бид дараа дараагийн арга хэмжээгээ авна. Бусад тохиолдолд бол ямар ч байсан ёс зүйгүй асуудал гаргасан гэдэг талаасаа  ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Энэ хэвээрээ байгаа.

-ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлбөл хэнийг орлон гүйцэтгэгчээр нь ажиллуулах вэ. Энэ талаар ярилцсан уу?

-Яг чөлөөлөгдсөн тохиол­долд тухайн үүрэгт ажлыг аль нэг сайд хавсрах тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагааны журамд байдаг. Тэр дагуу нэг сайд нь хавсраад явчих байх. Одоо бол хэнийг тавихыг нь би мэдэхгүй байна.

-ЖДҮХС гэлтгүй өөр олон сан яамдын дэргэд бий. Тэдгээрт шалгалт оруулах тухай яригдсан. Энэ ажил одоо хэдэн хувьтай явж байна?

-Засгийн газар шалгалт оруулна гэж байгаа. Шалгалтууд бол эхэлсэн байх. Ер нь тэгээд энэ хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагууд сайтар шалгаж дүгнэлтүүдээ гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа.

-Зээл авсан гишүүдээс одоогийн байдлаар зээлээ төлсөн гишүүн байгаа болов уу?

-Ж.Энхбаяр гишүүн  төлсөн тухай мэдээлэл интернэтээр гарч байна. Өөр мэдээлэл надад алга.