З.Нарантуяа: 2019 оны төсөвт нэмж тодотгох зүйл цөөнгүй бий

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, хурлын дараа тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Цаашдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой Засгийн газрын зохион байгуулалттай хийсэн энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол бид дараагийн алхам руу хүссэн, хүсээгүй орно.

Засгийн газар сайд нар болоод УИХ-ын гишүүдтэйгээ зохион байгуулалттайгаар үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой байсан ЖДҮХС-гийн мөнгийг хуйвалдан авсан гэдэг нь нэгэнт нийгэмд ойлгомжтой болсон. Ийм үйл явдал УИХ болоод Засгийн газарын түүхэнд гарч байгаагүй. Тиймээс Ардчилсан намын бүлгийн шаардлага хэвээрээ байгаа. Зохион байгуулалттайгаар зээл авсан сайдууд, УИХ-ын гишүүдтэй  зайлшгүй хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцсоны дараа бид хуралдаандаа оролцоно гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Өнгөрсөн долоо хоногт АН-ын намын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. Ингэхдээ мөн УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр батлагдсан. Эрх баригчид УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сахилга хариуцлагыг хангаж энэ намрын чуулганд ажиллана гэсэн амлалтаасаа дахиад буцлаа. Зарим байхгүй байгаа гишүүдийн кнопыг дарсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны төсөв олонхийн оролцоогүй батлагдсан гэдэг нь хурлын процесс өөрөө нотолж байгаа” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2019 оны төсвийн тухай нэмж тодотгох хэд хэдэн зүйл байна. Нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу төсвийн бодлого. Зөрүү 1.9 их наяд төгрөгийнхөө санхүүжилтийг гадаадын зээлээр буюу өрөөр 1.3 тэрбум гадаад зээлийн их үүсвэрээс санхүүжүүлэх гэж буй нь яасан ч байж болохгүй зүйл. Тиймээс Ерөнхийлөгч 2019 оны төсөв хориг тавих байх. Хоригийн хүрээнд 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй. Засгийн газрын дотоод хэрэглээ гээд 270 гаруй тэрбум төгрөгийн хэмнэж болох зардлыг хасах зэрэг тодорхой саналуудыг хэлж байгаа. 700 гаруй тэрбум төгрөгөөр халамж, тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байна. Гэтэл нөгөө талдаа ажлын байрыг, бодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа санхүүжилт алга. 47 тэрбум төгрөгийг нэлээн хэл ам болж байж тавих гээд сууж байна. ЖДҮХС-тай холбоотой хөдөлмөр эрхлэлтийг, тариалан эрхлэлтийг, хөдөө аж ахуйг дэмжих, батлан даалтыг сан гээд маш олон төрлийн сангуудаар иргэдийг ажлын байртай болгох ёстой. Гэтэл “134600 хүнд халамж тараагаад амьдралыг нь сайжруулчихна” гээд  яриад сууж байгаа Засгийн газартай байж болохгүй. Эдгээр олон сангийн зардлыг үр ашигтай байлгахын төлөө мөнгө  тараадаг тогтолцоог нь шинэчлэх хэрэгтэй” гэсэн юм.