Х.Баттулга: Монгол үндэстний ижилсэл, уг мөн чанар нь өв уламжлал, хэл соёлдоо бий

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Уран зургийн галерейд боллоо. 2011 оноос уламжлал болгон долоо дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм.

Монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсаас 22, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас гурав, Бүгд Найрамдах Халимаг улсаас хоёр, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20, Бүгд Найрамдах Франц Улсаас нэг нийт 48 уран бүтээлч оролцсон аж. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулсан юм. Тэрбээр “Монголчууд Хүннү гүрнээс хойших бүхий л түүхийн туршид 10 гаран бичиг хэрэглэж ирсний дотроос хамгийн урт удаан хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг нь монгол бичиг юм. Хэдийгээр эртний согд бичгээс эх авч зохиогдсон ч энэ бол бүрэн монголжсон, монгол ахуй, сэтгэлгээг нэвт шингээсэн монгол соёл мөн. Монгол бичгийн элементүүдийг мал амьтны бие эрхтний нэрсээр буюу шүд, гэдэс, нуруу, сүүл, эвэр, шилбэ гэх зэргээр нэрлэдэг нь малч монгол ахуй, уламжлалтай шууд холбоотойг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ.

Монгол бичиг нь хөгжлийн явцад 1204 оноос худам монгол, 1648 оноос тод монгол гэсэн хоёр хэлбэрийг үүсгэсэн байдаг. Өнөөгийн бид бол худам монгол бичгийн өв уламжлал, соёлыг үргэлжлүүлэн дэвжээж яваа юм. Монгол бичгийг орчин цагийн хэрэглээнд идэвхтэй байлгахын тулд миний бие 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан. Энэхүү зарлигт монгол бичгийн цахим кодын асуудлыг шуурхай шийдвэрлэж батлуулах, монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, элсэлтийн шалгалтад заавал авч буй монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох, монгол бичгийн улсын сорилгыг албан ёсоор зохион байгуулах зэрэг асуудлаар зарим байгууллагад үүрэг чиглэл өгч, олон нийтэд уриалсан билээ. Монгол үндэстний ижилсэл, ялгарал, уг мөн чанар нь өв уламжлал, хэл соёлдоо л буй. Тийм учраас түүх соёлоо үеэс үед дамжуулах үндсэн хэрэгсэл, тээгч болсон үндэсний хэл бичгээ судлах, дэлгэрүүлэн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь монгол хүн бүрийн үүрэг байх ёстой” гэсэн юм.

Энэ жилийн “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Т.Жамьяансүрэнгийн “Мөнх тэнгэрийн бичиг” типографийн бүтээл хүртсэн бол тусгай шагналыг Өвөр Монголын Өөртөө Засах Орноос оролцсон С.Цэнгэлийн монгол бичиг, тод, вагиндра үсэг гэсэн монголчуудын түүхэндээ зохион хэрэглэж ирсэн гурван бичиг үсгээр туурвисан “Билэг барамид” бүтээлд олгов. Уг үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл үнэ төлбөргүй гарна.