Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар энэ сарын 10-нд эхлэх юм байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн “Тэмцээнийг гурван үе шаттай явуулдаг. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 10-11-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулна. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2019 оны нэгдүгээр сарын 5-6-нд Төрийн ордонд зохион байгуулна” гэв.

Өмнөх жилүүдэд тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог байсан. Энэ жилийн тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй гурав, эмэгтэй гурван шатарчинд дээрх цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох аж. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6830 гаруй шатарчин оролцож байжээ. Мөн энэхүү тэмцээнд БНСУ, ХБНГУ, Унгар, Шведийн Вант Улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд оролцох хүсэлтээ ирүүлс­нийг Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар мэдээлсэн юм. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч “Энэ жилийн тэмцээнд оролцож байгаа шатарчдын чансаа өндөр болсон. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гар­гасан рейтингийн жагсаал­таар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид орол­цох боломжтой” гэсэн юм.