АСЕМ-д үрсэн 395.7 тэрбум төгрөгөөр 200 гаруй цэцэрлэг барих боломжтой байлаа

Ер нь бол тоон мэдээл­лийг баримттай, тэр дундаа мэргэжлийн байгууллагынх нь дүгнэлттэй нь хамт олон нийтэд хүргэх нь дээр л дээ. Тиймээс илүү үг нуршилгүй Үндэсний аудитын газрын АСЕМ-тай холбоотой дүгнэлтээс “АСЕМ-ийн үйл ажиллагаанд улс, нийслэлийн төсвөөс төсөвлөн зарцуулсан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих санхүүгийн хяналтыг холбогдох эрхийн актад орхигдуулснаас “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн хөрөнгө хяналтгүй зарцуулагдсан байна” гэдэг дүгнэлтийг шууд хүргэе.

Тэгвэл задаргаа нь ямар байна вэ. Өмнөх дугаарт мэдээллэсэнчлэн тодорхой тоон баримтыг хүргэхээс өмнө хяналтгүй зарцуулагдсан гэх 395.7 тэрбум төгрөгөөр 150 хүүхдийн ор бүхий 200 цэцэрлэг барьж болох байсныг тодотгоё.

Энэ нь нийтдээ 3000 хүүхэд айх аюулгүй амар жимэр, ээж аавыгаа ажлыг нь хийлгээд хичээллэж, сургуулилж, унтаж амрах боломжтой байжээ гэсэн үг. Мөн Улаанбаатар хотын удирдлагуудын төсөвлөж байгаачлан 50 дэд сервис төвийг гэр хороололд өлхөн барьж болох байж. Харамсалтай нь, энэ мөнгө АСЕМ нэрийн дор өнөөдөр тодорхой бус зарлагын олон гүйлгээг баримт төдийхнөөр үлдээсэн байх юм. Гэхдээ тэр бүх баримтыг Аудитын үндэсний газраас хагас дутуу, шууд гэрээ байгуулсан, АСЕМ болсны дараа зориудаар гэнэтийн баримт бүрдүүлсэн, үр ашиггүй зарцуулсан гэх мэтээр тайлбарлаж буй. Иймд тэдгээрийн жишээ болгон дараах баримтыг хүргэе.

Баримт 1 буюу АСЕМ Вилла

Энэ хотхоныг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний багийнхан зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалт хэмээн үзэж, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Зөвхөн тус хотхон ч бус зочид буудлын зориулалтаар 17 компанид 233.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байх бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж байгууллагын ердөө найм нь л Үндэсний аудитын газрын аудитын шалгалтад хамрагдсан байх жишээний. Өөрөөр хэлбэл, бусдынх нь зээлийн зарцуулалт хэрхэсэн нь тодорхой бус. Мөн АСЕМ Вилла хотхоны эргэн тойронд 150 сая төгрөгөөр 580 ширхэг мод суулгасан гэсэн нь бүртгэлд ороогүйн дээр нэг мод тус бүрийн үнэ 258 мянган төгрөгт хүрсэн гэсэн үг.

АСЕМ-д үрсэн 395.7 тэрбум төгрөгөөр 200 гаруй цэцэрлэг барих боломжтой байлаа

Энэ компани уг цогцолбор хотхонд буусан зочдод зориулан зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, АСЕМ-ийн БАА-ын дарга Д.Ганхуягтай байгуулсан байх бөгөөд дөрвөн удаагийн 3,437.6 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Гэтэл гэрээг дүгнэсэн акт, гүйцэтгэлийн тайлан байхгүйн дээр уг гэрээний мөнгөн дүнгийн 35 хувьд нь буюу 860 сая төгрөгийг гэрээгүйгээр, чухам ямар ажил хийсэн нь тогтоох баримт олдоогүй байна.

Баримт 3 буюу “Монголхотхон”

Мөн л уг цогцолборт “Монголхотхон” байгуулах ажлыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуяг “Урлаг түншлэл” Төрийн бус байгууллагатай байгуулсан. Гэрээний мөнгөн дүн 436.6 сая төгрөг ч үүнийхээ ердөө л 218.5 сая төгрөгтэй нь дүйцэх ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэсэн бол үлдэгдэл санхүүжилтийнх нь гүйцэтгэлийн тайлан мөн л сох дутсан байх жишээний.

Баримт 4 буюу Хандив

Уг арга хэмжээнд зориулж, БНХАУ, БНСУ-аас 20.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн тусламжаар ирсэн бол Сингапур, Тайланд, Бельги улсад тусламжаар үнэ төлбөргүй сургалтанд оролцсон, 1.8 тэрбум төгрөгийн мөнгөн болон бусад хэлбэрийн хандивыг иргэн, хуулийн этгээдээс хандивласан байдаг. Гэтэл зөвхөн Хятадаас ирүүлсэн буцалтгүй тусламжийн хөрөнгийг ажлын хэсэг томилон хүлээн аваагүйн дээр тэдгээрээс зохих байгууллагын шийдвэргүйгээр тараасан байгаа юм.
Жишээ нь, Хятадаас буцалтгүй туслам­жаар олгосон зочид буудлын тавилга, тоног төхөөрөмжийг үнийн дүнгийн 50 хувиар нь борлуулах, ингэхдээ 30 хувийг нь бэлнээр төлүүлсэн байгаа юм. Энэ ажлыг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр хариуцсан.

Баримт 5 буюу хүрз, хайч

АСЕМ Вилла хотхонд мод суулгац, суулгахад онц шаардлагатай гэж үзсэн зөвхөн хүрз, хайчны зардалд нийтдээ 76.8 сая төгрөг төсөвлөж, зарцуулсан.

Баримт 6 буюу “Саунд ов Монголиа”

Уг компанитай салбар хуралдааны байрын тохижолт, тоног төхөөрөмжийн үйлчилгээний чиглэлээр 271.3 сая төгрөгийн гэрээ байгуулсан байх бөгөөд Гадаад харилцааны яаманд гэрээ, үнийн саналаас өөр баримт бичиг байхгүй байсны дээр сүүлд аудитын шалгалтын явцад тус компани баримт бүрдүүлж өгсөн. Гэсэн нь уг баримт нь тус компанийн 2016 оны нийт гүйцэтгэсэн ажлын баримт байсан байна. Өөрөөр хэлбэл, АСЕМ-ийн үеийн үйл ажиллагааных нь зардлыг нотлох баримт эсэхийг ялгахад бэрхшээлтэй байжээ.

Баримт 7 буюу “Гэр хотхон”

Шангри-Ла зочид буудлын хажууд байгуулсан “Гэр хотхон”-нд зориулж 156.4 сая болон 197.5 сая төгрөгийн үнийн дүнтэй хоёр гэрээ байгуулсан байх ч АСЕМ-ын БАА-д дээрх гэрээний дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан акт, танилцуулга байхгүйн дээр ажлын гүйцэтгэлийн тайлан, холбогдох баримт бичиг байхгүй байжээ. Мөн “Гэр хотхон”-д зориулж авсан материал хөрөнгийг уг гэрээг хариуцагч “Эрсү” компани Гадаад харилцааны яаманд эргүүлэн олгоогүйн дээр гэрээнд энэ тухай заалт байхгүй гэдэг тайлбар хийжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Гадаад харилцааны яамнаас гэрээнийхээ зүйл заалтад хяналт тавьж ажиллаагүй гэдгийг нь нотолж буй хэрэг ээ.

Баримт 8 буюу БАНК

Энэ сэдэв дээр “АСЕМ”-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг зээлийн олголт, ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихаар гэрээнд оруулсан ч арилжааны банкууд уг тайлангаа гэрээ ёсоор сар бүр өгөхөд Хөгжлийн банк анхаарал хандуулаагүй” гэдэг өгүүлбэрийг энд зориуд тодруулая.  
Үүнийг батлах мэт аудитын явцад ХААН, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Голомт банк, Төрийн банкнаас зээлдэгч нарын зээлийн ашиглалтын талаар мэдээлэл авахаар 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хандахад Голомт, Улаанбаатар хотын банкнаас бусад нь мэдээлэл ирүүлээгүй байх жишээний.

Баримт 9 буюу “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн сан”

Энэ төрийн бус байгууллага нь сайн дурынхныг бүртгэх, сонгон шалгаруулах, сургалтад хамруулах үүрэг хүлээж 518 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Гэсэн ч аудитын явцад дээрх хөрөнгийн зарцуулалтыг гэрээний дагуу тайлагнаагүйгээс анхан шатны баримтыг хөөн тулгах боломжгүй болж үлдсэн.

Баримт 10 буюу Цай, кофе

“Монголын зочлох үйлчилгээний холбоо” Төрийн бус байгууллага 29.2 сая төгрөгийн мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээт ажлын 35.3 хувь нь завсарлагааны цай кофед зарцуулагдсан.

Баримт 11 буюу Л.Пүрэвсүрэн

Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнгийн зочид буудлын нэг хоногийн зардал 5000 ам.доллар байх бөгөөд харин туслахынх нь нэг өдрийн буудлын зардал 200-400 мянган төгрөгөөр бодогдсон байх жишээний. Гэхдээ бодит байдал дээр сайдын буудлын зардал 1500 ам.доллар болсон байжээ.

Баримт 12 буюу “Нью Терравокс”

Уг компани дээд хэмжээний уулзалтын дагалдах хуралдуунууд, ахлах албан тушаалтнуудын уулзалт, хаалтын нэгдсэн хуралдаанд зориулсан тоног төхөөрөмж, түрээслэхээр 536.7 сая төгрөгийн есөн гэрээг байгуулсан ч гэрээний дагуу хийгдсэн ажлын талаар Гадаад харилцааны яаманд тайлагнаагүйн дээр аудитын явцад гүйцэтгэлийн тайлан гаргаж өгсөн нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй.

Баримт 13 буюу Шангри-Ла Хэвлэлийн төв

Зочид буудалд байгуулагдсан хэвлэлийн төвд зориулан 1076.6 сая төгрөгийн гэрээг “Эвэнт энд Конветион сервис” компанитай байгуулсан ч аудитын явцад уг гэрээний мөнгөн дүнгийн 24.8 хувийн гүйцэтгэлд нь гэрээний биелэлтийн акт үйлдэгдээгүй байжээ.

Энэ мэтээр түүвэрлэн хүргэхэд АСЕМ нэрийн дор ор мөргүй санхүүжилтэд мөнгө зарцуулж, зарлага гаргах зохиомол аргачлал тооцоолсон олон баримт дэлгэгдэнэ. Үүнд нөгөө л дээр хэлсэнчлэн тухайн үед Засгийн газрыг удирдаж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, хөлгүй их зардлын хөлд Монголыг түйвээсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч хариуцлага хүлээх ёстой. Гол нь, Үндэсний аудитын газрын удирдлагууд энэ асуудалд өөрсдийн биеэр дахин тайлбар өгөх вэ. Хэвлэсэн дүгнэлт нь ширээн дээр байхтай зэрэгцэн үнэн баримтыг нотолж, үг хэлбэл яасан юм бэ.