Л.Мягмарсүрэн: Хар тамхины ургамал түүж байгаа иргэдэд тавих хяналт алга

Энэ оны хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 91 хэрэгт 201 хүн холбогджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хэргээр буюу 78.4 хувиар өссөн байх юм. Өөрөөр хэлбэл, холбогдогч 68 хүнээр буюу 51.1 хувиар өссөн гэсэн үг.

Ихэвчлэн 18-35 насны хүмүүс энэ төрлийн хэрэгт холбогдсон байгаа нь түгшүүр биш гэж үү. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар “Энэ төрлийн донтогчийн олонх нь эрэгтэй  байдаг ч мансууруулах бодистой хамааралтай шалгагдаж буй эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам өсч байгаа нь харамсалтай” гэж байна. Энэ асуудлаар СЭМҮТ-ын Донтох эмгэг судлалын клиникийн эмч Л.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Хар тамхинд донтогчдын тоо ижил ирэх тусам нэмэгдсэн судалгаа байна. Танайд хандаж байгаа донтогчдын тухайд ихэвчлэн ямар төрлийн бодис хэрэглэсэн байдаг вэ?

-Хар тамхи, мансууруулах төрлийн эмгэгт долоон бүлэг, нэг бүлэгт 32 зүйлийн өвчин эмгэг багтдаг. Тухайлбал, мансууруулах бодисыг тодорхой хугацаанд хэрэглэсний дараа, магадгүй анхны удаагийн хэрэглээгээр ч хараат байдалд орж болдог, бие организмын хараат байдалд ордог, тухайн хүний зан төрхөд өөрчлөлт өгдөг хэрэглээ байдаг. Ийм хэрэглээ үүсэж эхэлбэл донтох эмгэг гэж үздэг. Архины шарталтаас 60 дахин хүчтэй хараат байдал үүсгэдэг. Хар тамхи хүний биеийн бүх эрхтнийг гэмтээдэг. Манайхаас тусламж, эмчилгээ авч байгаа, бидэнд хандаж байгаа өвчтнүүдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг бодис нь олсны ургамал буюу “каннабис”. Хоёрдугаарт, сэргээшийн төрлийн бодисууд байна. Дараагийнх нь ихэвчлэн өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг трамдол, морфин, геройн байна. Хүүхдүүдийн хувьд дээрх сэтгэц идэвхит бодисыг хэрэглэх нь бага ч дэгдэмхий, ууршимтгай бодис хэрэглэх нь элбэг байгаа нь харамсалтай. Дэгдэмхий, ууршимтгай бодис гэдэгт газ, шатахуун, шар цавуу зэрэг багтана. Биед үзүүлэх сөрөг нөлөө, дасал үүсгэх хугацаа зэргээрээ бүгд өөр өөр шинж тэмдэг үзүүлдэг. Энэ бүхнийг нийтэд нь хар тамхи гээд хэрэглээд, нэрлээд байна.

-Сэтгэц идэвхит бодис гэдгийг тодруулж өгөөч?

-Хар тамхи гэх нэршил нь сэтгэцэд нөлөөлж байгаа бодисын зөвхөн нэг хэсэг. Сэтгэцэд нөлөөлж донтолт үүсгэдэг олон төрлийн бодис, эм бэлдмэл байна. Үүнийг бүхэлд нь сэтгэц идэвхит бодис гэж нэрлэдэг. Тэгвэл сэтгэц идэвхит бодисыг тодорхой хугацаанд, тодорхой давтамжтайгаар хэрэглээд байвал тухайн бодисоос хараат байдал үүсдэг. Эхлээд сэтгэл зүйн хувьд, дараа нь бие махбодийн хувьд. Хүнийг сэтгэц, бие махбодиор нь хараат болгодог ийм бодисуудыг сэтгэц идэвхит бодис гэдэг. Сэтгэц идэвхит бодисыг дотор нь хуулиар хориглосон, хориглоогүй гэж хувааж байна. Хуулиар хориглоогүй бодист юу ордог вэ гэхээр, ихэвчлэн архи, тамхи. Хэрэглээд байвал хараат байдал үүсдэг ч хуулиар хориогүй. Хуулиар хориглосон бодис гэдэгт бидний хар яриагаар хэлээд байгаа хар тамхины төрлийг багтааж байгаа юм. Үүнд маш олон төрлийн бодис орно.

-Донтогчдын тоо сүүлийн гурван жилийн байдлаар нэлээд өссөн судалгаа байна. СЭМҮТ-ийн хувьд ачаалал хэр байдаг вэ?

-Манайх 30 ортой тасагтай. Нэг ээлжиндээ 30 хүн аваад 10 орчим хоног хэвтүүлээд гаргадаг. Архиныхыг бодвол сэтгэц идэвхит бодисын төрөлд донтогчдын эмчилгээ удаан. Хэвтэн эмчлүүлэгчид тасрахгүй байна гэдэг талаасаа харвал энэ төрлийн эмгэгтэй, донтогчид ихсээд байна гэж хэлж болно. Гэхдээ хуулиар хориглочихсон, ялтай байдаг болохоор архины хамааралтай донтогчдыг бодвол бидэнд нээлттэй хандаад, эмчилгээ аваад байх нь хумигдмал. Бүүр гарцаагүй байдалд ороод, тухайн бодисын гүн хордлогод орчихоод, солиорлын байдалтай болсон үедээ манайд ирдэг. Сүүлийн  үед энэ төрлийн бодист донтогчид ихсээд байгааг илтгэх бас нэг үзүүлэлт нь хэрэглэж, хадгалж байгаад цагдаад баригдаад манайд ирж байгаа хүмүүсийн тоо олширч байгаагаас харагдана. Ийм замаар бидэн дээр ирж байгаа хүн олон байна.

-Донтогчид олшроод байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-“Каннабис”-ын хэрэглээ ихэсч байгаа нь өсвөр насныхан бие биенээ даган дуурайна.  Уруу татах байдлаар хэрэглээд байна. Хоёрдугаарт, энэ төрлийн өвс Монголд ургадаг. Энэ ургамлыг түүж байгаа иргэдэд тавих хяналт алга.

-Хар тамхи хэрэглэгчид улам залуужиж байна гэсэн сэтгэл сэрдхийлгэм судалгааг бид мэднэ. Өсвөр насныхныг энэ аюулаас яаж хамгаалах вэ?

-Арвуулаа сууж байгаад биенээ даган дууриаж татаж үзээд бүгд донтдоггүй. Амархан автах, донтох сэтгэлзүйн хэв маягтай хүмүүс  гэж бий. Тийм хүмүүс донтоод бие биенээ дагаж дуурайна. Мөн ар гэрийн хараа хяналтгүй байдал, ажилгүйдэл, мэдээлэл авах нээлттэй сувгууд гэх мэтээс үүдсэн хамаарал, донтолт их байна. АCE гэж шинэ төрлийн нэлээд өртөг өндөртэй бодис хэрэглээнд нэвтэрчихсэн, хүмүүс авч хэрэглээд донтчихсон байна. Энэ төрлийн донтогчид ихэвчлэн мөнгөтэй, санхүүгийн хувьд боломжтой хүмүүс байдаг. Бас нэг сэтгэл зовоосон донтолтын нэг хэлбэр нь морфины хэрэглээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, өвчин намдаах төрлийн эм бэлдмэлээс хүмүүс хараат болж байна. Морфиныг манайхан мэднэ. Хүнд гэмтэл, бэртэл авсан, хавдартай хүмүүс өвчин намдаах зорилгоор, эмчийн хяналтад хэрэглэдэг. Гэвч хэрэглэх явцдаа донтоод эмчийн хараа хяналтаас гадуур хэрэглэдэг тохиолдол элбэг болсон. Энэ төрлийн бодист донтогчдын шарталт нэлээд гүн явагддаг учраас эмнэлгээс өөр газарт хандах боломжгүй байдаг.

-Хар тамхинд нэгэнт донтсон бол эмчилгээгүй гэсэн мэдээлэл бий. Гэтэл эмчилгээ хийж байна гэдгийг эмнэлгийнхэн хэлдэг. Аль мэдээлэлд нь итгэх вэ?

-Уг нь эмчлэгддэггүй биш, эмчлэгддэг өвчин гэж үздэг. Гэхдээ эмчилгээ нь урт удаан хугацаа шаарддаг. Сэтгэл заслын эмчилгээ их чухал. Зан үйлийн өөрчлөлт орчихсон байдаг учраас энэ бүхнийг нь шийдэж, засч байж тухайн бодисыг хэрэглэхгүй болдог учраас урт хугацаанд, хөрөнгө мөнгө хаяж байж эмчилдэг. Түүнээс мэс засал шиг хоёр цаг, ганц хоёр долоо хоноод эдгэчихдэггүй. Эмч ч мөн урт хугацаанд өвчтөнтэй харилцаатай байх, хяналт, шаардлага тавих хэрэгтэй болдог. Ер нь донтолтын төрлийн өвчинд цогц эмчилгээ хийж байж үр дүнд хүрдэг. Нэгдүгээрт, хордлого тайлах эмчилгээ буюу шарталт тайлах эмчилгээ зайлшгүй хийдэг. Дараа нь сэтгэл зүйн эмчилгээг удаан хугацаанд хийх шаардлагатай.  Дор хаяж нэг сар, хэдэн ч жилээр сэтгэл заслын эмчилгээ үргэлжилж байна. Гэхдээ өнөөдрийн тухайд монголд ийм удаан хугацааны эмчилгээ хийх нөхцөл боломж алга.

-Гаднын орнууд энэ төрлийн хүмүүст ямар эмчилгээ хийдэг юм бол?

-Дэлхий нийтэд урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ гэж бий. Манай хойд хөрш Орос гэхэд л дөрвөн сар ба түүнээс дээш хугацаанд энэ төрлийн эмчилгээг хийж байна. Манайд одоогоор нэг хүн дээр ийм хугацаанд ажиллах нөхцөл байхгүй учраас байгаа нөхцөлдөө тааруулаад ажиллаж байна. Манайд өдрийн эмчилгээний тасаг гэж бий ч архинд донтогчдыг эмчлэх программаар эмчилгээ явагдаж байна.

-Сэтгэлзүй донтолтод дасаад байгаагийн учир нь юунд байдаг юм бол?

-Тухайн бодисыг нэг хэрэглэж үзээд таашаал авна. Тухайн мэдрэмжийг дахин дахин авмаар санагддаг. Сэтгэл санаа хямарсан, гутарсан үедээ тухайн бодисыг хэрэглэчихмээр ч юм шиг болдог учраас сэтгэл зүйн хувьд хараат болж эхэлж байгаа юм. Дараа нь, бие махбодийн хувьд хараат болдог. Тухайн бодисыг хэрэглэсэн үед хөөрч баясах, сэтгэл санаа нь сайхан болдог хэрнээ бодисын үйлчилгээ гарангуут эсрэгээрээ гутрах, амьдрал утгагүй, үхмээр санагдах, бие нь өвдөх, яс янгинах зэргээр нэхэж эхэлдэг. Энэ өвчин зовиурыг мэдрэхгүйн тулд дахин хэрэглэдэг. Ингээд дараа дараагийн өөрчлөлтүүд орж эхэлдэг. Зан харилцаа нь өөр болж уур уцаартай, бухимдуу болно.

-Хар тамхинд донтогчдын тоог нэмэхгүй, үр хүүхдээ хамгаалах найдвартай арга бий юү?

-Өсвөр насныхан бол дийлэнх нь бусдад уруу татагддаг учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулмаар байна. Хэнтэй, хаашаа, ямар хугацаагаар явж байгааг мэддэг байх нь чухал. Долоо хоногт хэдэн төгрөг хэрэглэж байгааг нь анзаар. Мөнгө төгрөгөө юунд үрээд байгааг нь шалга. Ийм байдлаар хүүхдээ хамгаалахгүй бол хүүхэд сониуч байдлаасаа болж донтогч болж байгаа нь хамгийн харамсалтай. Эцэг, эхчүүд хүүхдээ ажиглаад тухайн бодисыг хэдэн ч удаа хэрэглэсэн нь хамаагүй, хууль бус мансууруулах төрлийн “юм” хэрэглээд байна гэж сэжиглэсэн л бол бидэн дээр ирээд зөвлөгөө аваад шинжилгээ өгч болно. Шээсний шинжилгээг нь үзээд хэрэглэсэн, хэрэглээгүйг нь гаргана. Сэжиг төрсөн л бол СЭМҮТ-д ханд.

-Эмчилгээ авсан ч дахин хэрэглээд ирж байгаа хүн хэр олон байна вэ?

-Байлгүй яахав. Дахин дахин ирнэ. Аравхан хоногийн эмчилгээнд гардаггүй учраас давтан ирнэ. Хэн идэвхтэй эмчилгээндээ хамрагдаж, хэн эмчийнхээ заавраар уйгагүй өөртэйгөө ажиллаж байна, тэр хүний эмчилгээ үр дүнд хүрдэг. Удаан хугацааны сэтгэл зүйн эмчилгээ л хэрэгтэй байдаг учраас тэр. Одоогоор эмчилгээ авсан донтогчдыг урт хугацаанд хянадаг тогтолцоо манайд даанч алга. Эмч өвчтөн хоёр утасны дугаараа солилцоод утсаар зөвлөгөө өгөх байдлаар л сэтгэл заслын эмчилгээ явагдаж байгаа юм. Гэтэл хөгжингүй орнуудад эмчилгээ яаж явагдаж байна гэхээр хэвтээд гарч байгаа хүмүүсийг хяналтдаа аваад тодорхой нийгмийн харилцааны эрхийг нь хязгаарладаг. Эмчилгээний программ нь дууссаны дараа нийгмийн харилцаанд орох эрхүүд нь сэргээдэг зарчмаар явж байна. Манайд ийм боломж байхгүй.

-Албадан эмчилгээ хийдэг үү?

-Албадан эмчилгээг Шүүхийн шийдвэрээр хийдэг. Түүнээс албадан эмчлэх орчин, нөхцөл мөн л өнөөдрийн байдлаар алга.

-Танайд хандаад эмчлүүлье гэвэл төлбөртэй байдаг уу?

-Төлбөртэй эмчилгээ хийгддэг. Өдрийн 20-30 мянган төгрөг төлнө. Архины хамааралтай өвчтнүүд ихэвчлэн арав хоноод гардаг бол донтох эмгэгтэй өвчтнүүд урт хугацааны эмчилгээ авна. Арав хоног хангалтгүй байдаг учраас дунджаар 20 хоног хэвтэн эмчлүүлдэг.

-Тухайлбал, ямар эмчилгээ хийгддэг вэ?

-Дэгдэмхий, ууршимтгай бодисын хувьд шарталтын шинж нь өөр. Тухайлбал, морфины шарталт гүн учраас эмчилгээний явцад шууд хасч болдоггүй учраас арай өөр эмчилгээ хийнэ. Өвс, сэргээшийн төрлийн донтогчдод шарталт төдийлөн гүн биш байдаг учраас сэтгэл заслын эмчилгээг тасралтгүй хийж байх хэрэгтэй болдог. Өөр өөр.

-Хар тамхинд донтсоноор тухайн хүний сэтгэцэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Зарим нэг хүнд сэтгэл зүйн хямрал, өөрчлөлт илэрч байхад нөгөө хэсэг хүнд бие махбодийн хувьд хүнд байдал илэрдэг. Дэгдэмхий, ууршимтгай бодисууд бол тархины эсийн хэмжээнд богино хугацаанд тэнэгрэл үүсгэдэг. Жишээлбэл, шатахуун, газ үнэрлэдэг хүмүүсийн мэдрэлийн эс гэмтчихдэг. Тэгэхээр үүнийг нэлээд хэрэглэдэг хүүхдүүд сэтгэцийн хувьд өөрчлөлт орчихсон байдаг. Өвс, сэргээш бодис хэрэглэсэн хүний хувьд сэтгэл заслын эмчилгээг урт хугацаанд хийх шаардлагатай гээд хор хөнөөл нь өөр өөр.

-Хар тамхины эмчилгээний орчинд Монгол Улс ямар ажил хийгээсэй гэж та боддог вэ?

-“Албадан эмчилгээний төв” байгуулах хэрэгтэй. Энэ төрлийн бодисыг хэрэглээд донтогч болчихоод эмнэлэгт хандаж чадалгүй шууд шорон руу ял аваад явж байгаа донтогчид ч бий шүү дээ. Мэдээж ял эдэлж байгаа учраас тэр хүмүүст зориулсан сэтгэлзүйн эмчилгээ хийгддэггүй. Тэгэхээр шоронгоос тухайн бодисоо хэрэглэх магадлал өндөр гэсэн үг. Тэгэхээр энэ төрлийн донтогчдыг шоронд байх хугацаанд нь сэтгэл заслынх нь эмчилгээг хийгээд гаргадаг байвал гарч ирээд эрүүл амьдралын хэв маягт дасан зохицох нь хурдан байна. Олон улсынх нь жишиг ч тийм. Сүүлийн үед донтогчид залуужиж байгаа нь сэтгэл зовоож байна. Тэд сайн дураараа ч ирж байна. Зарим нь гэмт хэрэгт холбогдчихоод ч ирж байна. Донтогчид өсвөр насны залуучууд байгаа нь харамсалтай. Мөн “Бүлгийн сэтгэл заслын эмчилгээ”-г нэвтрүүлж чадвал хамгийн үр дүнтэй санагддаг. Гэтэл манайд бүлгийн сэтгэл заслын эмчилгээ хийх орчин нөхцөл алга. Гэтэл манай хойд хөрш ОХУ-д энэ төрлийн эмчилгээ үнэхээр Монголдоо нэвтрүүлчихмээр цогц санагдсан.