Шинэчлэлийн түгжээ

Ubc.ca сайтын нийтлэлч Жулиан Диркес Монголын улс төрийн үйл явц, шинэчлэлийн талаар нийтлэл бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.

Яг одоо Монгол Улс улс төрийн хямрал, цөхрөлд ороод байна. Гэхдээ Засгийн газар, эрх баригч нам эсвэл бүр улс төрийн тогтолцооны эсрэг бүх нийтийг хамарсан хөдөлгөөн гарах шинж алга. Иргэд залхсан эсвэл эвлэрсэн учраас тэр. Хэдийгээр тийм боловч миний тооцоолж буйгаар ойрын 5-10 жилийн хугацаанд улс төр, нийгмийн байдалд хэд хэдэн ноцтой өөрчлөлт гарна. Ардчилал цаашид давамгайлна гэдэгт итгэлтэй байгаа ч гэсэн тодорхой нам, улс төрийн хүчнүүд өөр загвар ашиглахыг үгүйсгэхгүй.

Монголчууд нөхцөл байдалтайгаа нэгэнт дасан зохицсон байгаагаас үзэхэд ямар нэг үйл явдал нийгмийн түгжээг тайлж, шинэчлэлтийг эхлүүлэх бололтой. Мэдээж Засгийн газрын гишүүд хоорондоо солигдох утга учиргүй үйл явдал үүнд хамаарахгүй. Монголчууд гудамжинд гарч олон нийтийг хамарсан жагсаал хийж байсан туршлагатай ард түмэн. 1989-1990 оны өвөл гарсан Ардчилсан хувьсгал бол үүний хамгийн том жишээ. Бүх нийтийг хамарсан үүн шиг том жагсаал, цуглаан шинэчлэлийн түгжээг тайлах болов уу.

Идэвхгүй байдал

Яг одоогийн нөхцөл байдал, үүсээд буй асуудлын үр дүнд ямар нэг үйл явдал болохгүй, харин ч улам идэвхгүй байдлыг дэврээнэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуу­лийн үеэр саналын хуудсаа бөглөх­гүй өгч байсныг энд жишээ болгон дурдъя. Цөөнгүй тооны сонгогч хүлцэнгүй байдлаасаа салж чадсан нь амжилт хэдий ч нийт сонгогчдын ердөө найман хувийг бүрдүүлж байсан учир идэвхгүй байдал дахин ялалт байгуулав. Иргэд эсэргүүцлээ илүү өргөн хүрээнд өргөжүүлж (30-50 мянгаар нэмэгдүүлж) чадсан бол тодорхой өөрчлөлтийг авчирч чадах байсан. Бүх ний­тээрээ залхчихсан учраас бараг л бо­ломжгүй үзэгдлийн талаар бид ярьж байна.

Түгжээ мултрах нь

Ямар асуудал энэ залхчихсан монголчуудыг Улаанбаатар болон бусад хотод жагсаал цуглаан зохион байгуулахад хүргэх вэ.
Есдүгээр сарын эхэнд багш нар ажил хаяж, шинэчлэлийн түгжээг тайлахад нэг алхам ойртож буйг хэлсэн. Хүмүүс жагсаалаа намар зохион байгуулахаас илүүтэй хавар зохион байгуулах нь илүү үр дүнтэйг энд тэмдэглье. Удаан, хүйтэн өвөл өнгөрч хавар айлчлахтай зэрэгцэн улс төрийн жагсаал эрчимждэг билээ.

Тогоондоо буцалж байгаа асуудлууд

Эсэргүүцлийн жагсаал заавал тодорхой үйл явдлаас улбаалж гарна гэх нөхцөл үгүй. Учир нь, иргэд амьдралын үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байдал багагүй хугацаанд үргэлжилж байгаагаас эхлээд өөр бусад “тогоондоо буцалж буй асуудал” Монголд цөөнгүй бий. Эдийн засагт хямрал, уналт гэх мэт хүчтэй цохилтууд ирвэл уг асуудал өөрийн эрхгүй сөхөгдөх болно. Ядуурал нэмэгдэж, валютын ханш өсч, шатахууны үнэ, зээлийн өндөр хүү зэрэг асуудлууд иргэдийг туйлдахад хүргэж байгаа болохоор эрх баригчдад жагсаал гэсэн хариу бэлэг барьж магадгүй л юм. Нийслэл Улаанбаатар хотын стрессийн түвшин өвлийн улиралд огцом нэмэгддэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын асуудал хэдэн мянган иргэдийг нэгтгэж чадсан. Уулаар хүрээлэгдсэн л бол Монголд утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрдэг, энэ асуудал Улаанбаатар хотод бүр ч их хамаатай. Тавдугаар сараас эхлээд зуны улиралд утааны жагсаал хүчээ алдах ба энэ үед зууханд нүүрс түлэхгүй учраас тэнгэр цэлмэг харагдана. Хэрэв агаарын бохирдол ямар нэг онцлох үйл явдалтай хослох аваас нэлээд ширүүхэн жагсаал үүснэ гэж би таамаглаж байна.

Асуудлыг цэглэх үйл явдал

Миний таамаглаж буйгаар бүх нийтийг хамарсан жагсаал бүх асуудлыг цэглэх болов уу. Улаанбаатарт ийм өргөн цар хүрээг хамрах асуудал цөөнгүй байгаа.
Сонгогчдыг нийтээр нь залхаасан хамгийн том эх сурвалж бол авлига, хээл хахуулийн хэрэг учраас энэ л асуудлаас улбаалж томоохон хөдөлгөөн өрнөж магадгүй гэж би тооцоолсон. Монголчууд бараг бүгдээрээ улс төрийн удирдлагууд, улс төрд зүтгэлтнүүдээ авлигын хэрэгт орооцолдсон гэж сэжиглэдэг учраас авлигын асуудал иргэдийг бүх нийтээрээ жагсахад хүргэхгүй л болов уу. “60 тэрбумын” гэдэг шиг томоохон хэрэг гарвал тодорхой үр дүнд хүргэх магадлалтай. Эсвэл тэрнээс ч илүү жигшмээр хэрэг.
Монголчууд хүүхдийн хүчирхийлэл, аллагын хэргийг хамгийн ихээр жигшин зэвүүцдэг. Харамсалтай нь, иймэрхүү гэмт хэргийн эсрэг хариу арга хэмжээ хараахан үр дүн өгч чаддаггүй. Ерөнхийлөгч Халт­маагийн Баттулга цаазын ялыг сэргээх санал дэвшүүлсэн боловч гэмт хэргийн эсрэг шийдэл гэхээсээ илүүтэй Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүндэд гамшиг авчрахаас хэтрэхгүй. Бүр гуравдагч хөршүүдээ ч алдаж мэдэх юм. Жигшмээр гэмт хэргийн мэдээ олон нийтийг урт хугацааны нойрноос нь сэрээх бас нэгэн хүчин зүйл гэдгийг та бид ойлгож авлаа.

Үүнээс гадна  хятадуудын эсрэг  хандлага хүчээ авбал монголчуудад жагсаал хийх сэдэл төрж магадгүй. Монгол Улсад томд тооцогдох үл хөдлөх хөрөнгө буюу аливаа өмч хөрөнгө Хятадын талд шилжсэн мэдээ тарвал хүмүүс жагсах өндөр магадлалтай. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ваны айлчлалын үеэр төрийн өмчит Таван толгойн нүүрсний төслийн тодорхой хувийг Хятадын хөрөнгө оруулагчдад зарах асуудал яригдсан. Ийм мэдээнд үнэндээ хэн ч гайхахгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй. Гэхдээ миний бодлоор ирээдүйд ийм төрлийн мэдээ жагсаал өдөөх боломжтой.

Турк сургуулийн захирлыг хулгайлахаар завдсан мэдээ Улаанбаатарчуудын дунд хэр хурдан тархаж, ямар хурдан зохион байгуулалтад шилжиж байгааг бид гэрчилсэн. Үүнтэй төстэй асуудалд БНХАУ холбогдвол эсэргүүцэл хэд дахин илүү ширүүн явагдана. Хятадын хөрөнгө оруулалттай уурхай, үйлдвэрт осол гарч, түүнд нь монгол хүн хохирвол олон нийтийн эсэргүүцэл эрчимжих байх.

Дүгнэлт

Монголчуудын улс төрийн үйл явдлаас залхсан байдал нэр бүхий улстөрч, улс төрийн нам эсвэл бүр ардчиллын эсрэг чиглэсэн хөдөлгөөн өрнөхөд хүргэхгүй. Гэхдээ миний таамаглаж байгаагаар дундын зайн хугацаанд, хаврын үйл явдлуудаас үүдэн ямар нэг хөдөлгөөн үүсэх байх. Харин дараагийн нийтлэлээрээ би жагсаал цуглаан гарвал юу болох талаар дэлгэрэнгүй бичих болно.