Төв Америкийн цагаачид Мексикт орж ирлээ

Төв Америкийн иргэд олон тоогоор АНУ-ыг зорьж, замдаа Мексик Улсад гацаад байгаа талаар өмнө мэдээлсэн билээ.

Харин өчигдөр дүрвэгсдийн цувааны эхний хэсэг Мексик Улсын нийслэл Мехико хотод ирснийг “Reuters” агентлаг мэдээлэв. Гэмт хэргийн бүлэглэлүүд, хүчирхийлэл, санхүүгийн бэрхшээл гэх мэт шалтгааны улмаас эх орноо орхин дүрвэсэн 1000 гаруй дүрвэгч Мехико хотод ирж, спортын цогцолборт толгой хоргодож байгаа ажээ.

Мексикийн Засгийн газрын зүгээс тэднийг орогнуулах байр гаргаж өгч, эрүүл мэндийн тусламж үзүүлж, хоол хүнсээр хангаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, Мексикийн хил рүү 15 мянган цэрэг илгээх тушаал буулгасан. Дүрвэгсэд Гондурасын Сан Педро Сула хотоос хүрэлцэн ирсэн аж.

“Бид Америк мөрөөдлөө биелүүлэхийн тулд АНУ-ыг зорьж. Бид бурханд итгэдэг учраас ямар ч асуудлыг даван гарч АНУ-д хүрэх болно” гэж зургаан настай хүүгийнхээ хамт Сан Педро Сула хотоос хөдөлсөн гэж нэгэн дүрвэгч хэлжээ. Тэднээс гадна Төв Америкийн орнуудын хэдэн мянган дүрвэгч Мексикийн Веракруз, Пуэбла, Чьяпас мужид явж байгаа тухай орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters.com