Цөмийн хэлцлийн өмнөх цэргийн бэлтгэл

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан 500 цэрэг жижиг хэмжээний цэргийн бэлтгэл хийж эхэлсэн талаар “Reuters” агентлаг мэдээлэв.

Энэхүү бэлтгэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Хойд Солонгост хийх айлчлалтай зэрэгцэн болж буй нь ажиглагчдын анхаарлыг татаад байна. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр улсын удирдагчдын хооронд зохион байгуулагдах хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг төлөвлөх гэсэн чухал ажлуудаар Пхеньяныг зорьж буй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Ун нарын Сингапурт хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнд АНУ болон Өмнөд Солонгос Улсууд хамтран цэргийн сургуулилт хийхийг зогсоогоод байсан юм. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын яам өчигдөр хийсэн мэдэгдэлдээ өмнөд хилийн Похан хотод тэнгисийн цэргийн бэлтгэл хийж байгааг албан ёсоор баталгаажуулсан. Үүнээс үзэхэд бэлтгэлийг зогсоох асуудал өргөн хүрээг хамарсан эсэхээс хамаарч байсан бололтой.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд хоёр талын Батлан хамгаалахын сайд уулзаж, ирэх арван­хоёрдугаар сард 2019 оны цэргийн бэлтгэлийн төлөвлө­гөөг гаргахаар болсноо мэдэгдээд байсан юм.

Эх сурвалж: Reuters.com