Мэдээлэл, ардчиллын амлалтын төлөөх эрхэм хүсэл

Одоогоос 70 жилийн тэртээ Парис хотноо баталж байсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалтай нийцүүлсэн Мэдээлэл, ардчиллын амлалтыг ардчилсан улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэн, гарын үсэг зуруулах улс төрийн үйл явцыг яаравчлуулах ажлаа бид ирэх жилд хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ санаачилгыг хэрэгжүүлэхэд, Нобель, Сахаровын шагналтнууд, шинэ технологийн мэргэжилтнүүд, олон улсын байгууллагуудын хуучин удирдлагууд, хуульчид, сэтгүүлчид хамтын сэтгэлээр нэгдэн ажиллаж байна. Бидний байгуулсан Олон улсын мэдээлэл, ардчиллын комисс нь 18 орны 25 нэр хүндтэй эрхмүүдээс бүрдэх бөгөөд Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын санаачилгын хүрээнд уулзацгаахдаа нэгэн тунхаглалын эхийг бэлтгэсэн юм. Энэхүү тунхаглал нь түүхийн чухал мөчүүдэд үзэл бодлын эрх чөлөө болон мэдээлэлд ардчилсан баталгаа болно гэж үзэж байгаа билээ.

Бүх тивийн эв эеийг эрхэмлэгч төрийн тэргүүдэд хандаж иргэдийг ул суурьтай шийдвэр гаргахад нь нөлөөлдөг олон нийтийн нээлттэй мэтгэлцээн, ардчилсан загварыг хөхиүлэн дэмжих чиглэлээр дорвитой алхам хийхийг бид шавдуулж байна. Даян дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн орон зай нь хүн төрөлхтний нийтлэг баялаг юм. Өөрөөр хэлбэл, олон ургалч зарчим, эрх чөлөө, шударга ёс, хүлцэнгүй байдал хийгээд мэдлэг, шалтгааны идеализмыг хүндэтгэхийн зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх болон үзэл бодолтой байх эрх чөлөөг эдлүүлэхэд тусалдаг гэдэг утгаар нь үүнийг заавал хамгаалах ёстой. Үүний тулд арваннэгдүгээр сарын 11-нд буюу Парис хотноо болох Энх тайвны форумын үеэр цуглах олон улсын улс төрийн удирдагчдын зүгээс өөрсдийн үүрэг амлалтаа илэрхийлэхийг бид хүсэж байна.

Хэвлэл, хэвлэл мэдээлэлд дэх улс төрийн хяналт, мэдээ мэдээллийг хувийнхаа ашиг сонирхлын төлөө эзэмших, эдийн засгийн аргаар чанартай сэтгүүл зүйг ганхуулах, сэтгүүлчдийн эсрэг халдлага, хүчирхийлэл болон ардчилсан хяналтаас гадуурх бизнесийн салбарынхны тэлж буй нөлөөлөл зэрэг нь эрх чөлөө, иргэний зөвшилцөл, энх тайванд нүүрлэж буй бодит аюул юм.

Мэдээлэл олж авах эрх нь хүн гэдэг утгаараа бидний биологийн, сэтгэл зүйн, нийгмийн, улс төрийн, эдийн засгийн чадавхыг хөгжүүлэх үндэс байдаг. Тухайн мэдээллийг чөлөөтэй олж авч, боловсруулж, түгээсэн тохиолдолд л итгэж болно. Ингэхдээ зөвхөн үнэнд үйлчлэх үүргээ дагаж, олон ургалч үзэл бодол болон баримтыг бүрдүүлэх зохистой аргыг дагасан байх ёстой.

Мэдээлэл, ардчиллын тухай тунхаглал нь мэдээлэл харилцаа холбооны орон зайд бүтцийн үүрэг гүйцэтгэдэг хуулийн этгээдүүдийг тунхаглан баталгаажуулах болно. Тодруулбал, цахим платформууд зэрэг техникийн аргачлал, сонголт болон хэм хэмжээний бүтэц загвар үүсгэдэг хуулийн этгээдүүдийг үүгээр хэлэх бөгөөд тэдгээр нь бүгд суурь зарчмуудыг заавал хүндэтгэх ёстой. Чухамдаа тэдгээр хуулийн этгээд нь үзэл бодлоо илэрхийлэх болон үзэл бодолтой байх эрх чөлөөний стандартуудыг сахих ба тэдний үйл явц нь улс төрийн, үзэл санааны болон шашны төвийг сахих байдлыг заавал хүндэтгэнэ. Мөн олон ургалч үзлийг баталгаажуулах төдийгүй ил тод байдал, редакцийн хараат бус байдал, баталгаажуулах аргачлалын хэрэглээ, сэтгүүл зүйн ёс зүйн дүрмийг даган мөрдөх зэрэг шалгуурут үндэслэсэн найдвартай мэдээллийг хөхиүлэн дэмжих механизмыг бий болгох ёстой. Үүгээр зогсохгүй бүтцийн үүрэг гүйцэтгэдэг эдгээр хуулийн этгээд нь өөрсдийн нөлөөлж буй, нөлөөлөлд дархлаатай хэнд ч урьдчилан мэдэгдэхүйц байхын зэрэгцээ үзлэг шалгалтад ил тод байх ёстой.

Энэхүү мэдээлэл харилцаа холбооны орон зайд сэтгүүл зүйн олон нийтийн үүрэг нь нийгмийн сайн сайхны төлөөх “итгэлт гуравдагч тал” байх ба хүн бүрийг нийгэмд бүрэн дүүрэн оролцоход нь боломж олгох явдал юм. Энэ бол сэтгүүлчдийн бодит байдлыг боломжит хамгийн өргөн, гүнзгий уялдаатай байдлаар мэдээлэх үүрэг юм. Ингэхдээ дан ганц үйл явдлыг тайлбарлахаасаа илүүтэй ярвигтай нөхцөл байдал, өөрчлөлтүүд, хүмүүний аливаа үйлдлийн эерэг болон сөрөг талыг тусгаж, чухал болон чухал бусыг ялган зааглах үүрэгтэй билээ. Ямар байр суурьтай хүн хийж буйгаасаа үл хамаарч сэтгүүлчдийн аюулгүй байдал, эрх чөлөө, хараат бус мэдээ, мэдээлэл, сэтгүүл зүйн ёс зүйг хүндэтгэх нь сэтгүүл зүйн практикийн зайлшгүй нөхцөл юм.

Мэдээлэл, ардчиллын тунхаглалыг хэрэгжүүлэхийн тулд Цаг уурын өөрчлөлтийн талаарх засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн бүлэгтэй адил мэдээлэл, ардчиллаар мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүдийн бүлгийг байгуулах нь зүйтэй гэдэгт бид итгэж байна. Орчин цагийн сорилтуудад хариу үзүүлэх, өөрсдийн нийтлэг ирээдүйгээ тааварлахаас эхлээд хойч үеийнхний ашиг сонирхол, эрхэд анхаарлаа хандуулж, тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжихийн тулд энэ бүлгийн ажлын зорилго нь мэдээлэл харилцаа холбооны орон зайд  бүтцийн үүрэг гүйцэтгэж буй хэн бүхний үүрэг, эгэх хариуцлагыг баталгаажуулахын төлөө байх болно.

Ширин Эбади, Кристоф Делуар, Авдоу Диуф, Анн-Мэри Липински, Нави Пиллая Мариа Ресса, Амартъя Сен, Жосеф Стиглиц, Марио Варгас Лоса болон Мэдээлэл, ардчиллын комиссын бусад бүх гишүүн хамтран бичив.