Хотын гэрэлтүүлгийг гурав дахин нэмнэ

Хотын захиргаанаас дэвшүүлсэн “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аян хэрэгжиж эхэллээ. Аяны хүрээнд Улаанбаатар хотын гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг гурав дахин нэмэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчлөх юм.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орон сууцны хороолол доторх туслах зам, гэр хорооллын гудамжинд байгаа гэрлийн шон, гэрэлтүүлгийг бүртгэж, ирэх сарын 1-ний дотор гэрэлтэй болгох бөгөөд гэрэлтүүлгийн асах цагийн хуваарь харилцан адилгүй байдлыг өөрчлөх гэнэ. Тухайлбал, өвлийн цагт эрт харанхуй болоход төв замын гэрэлтүүлэг нэгдсэн байдлаар асдаг ч алслагдсан дүүргийн зам, гудамж талбайн гэрэлтүүлэг асах хуваарь харилцан адилгүй байгаа юм. Тиймээс асах хуваарийг нэгтгэн батлуулах, хяналт тавих үүргийг холбогдох албаныханд өгчээ. Одоогоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 90 мянган гэрэлтүүлэг байх ёстойгоос 61070 гэрэлтүүлгийн шон асч байгаа юм. Гэрэлтүүлэг бүрэн асахгүй байгаа нэг шалтгаан нь улсын болон гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр зам тавихдаа гэрэлтүүлгийг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлснээр баталгаат хугацаанд нь гэрэлтүүлгийг хариуцах эзэнгүй болдогтой холбоотой аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн бүрэн асалт, ашиглалт, үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж байна. Мөн  Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлж, гэрэлтүүлэггүй гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайн талаарх мэдээллийг иргэдээс авч яаралтай, шуурхай арга хэмжээ авна” гэлээ.