Ханшийн өсөлтөөс 3.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн гэв

Нэг ам.долларын ханш 2565 төгрөгтэй тэн­цэж байна. Ханшийн өсөл­тийг эсэргүүцсэн иргэд тай­ван жагсаал хийж, Монгол­банкны ерөнхийлөг­чид шаард­лага хүргүүллээ.

Ам.дол­ларын ханш, түү­нийг дагасан шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээ­г­дэ­хүүний үнийн өсөлт иргэд, бизнес эрх­лэгч­дэд ихээхэн дарамт учруулж байгааг эсэргүүцэн шаардлага хүргүүлж байгаа аж.  Энэ тухай жагсаалд оролцсон иргэн Н.Ариун­болд “Долла­рын ханш өсчихөөд байхад Монгол­банк, Монгол Улсын Засгийн шийдвэрлэх ямар нэгэн алхам хийхгүй  байна. Гэтэл ханшийн өсөлт энгийн иргэд бидэнд маш хүн­дээр нөлөөлж байна шүү дээ. Монгол Улс нийт хэрэглээнийхээ 90 хувийг импортлодог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт долоон тэрбум орчим долларын бараа, бүтээгдэхүүн импортлосон байна. Гэвч ханшийн зөрүүнээс хамаарч дунджаар 3,5 их наяд төгрөгийн алдагдалд иргэд, аж ахуй нэгж оржээ. 3.5 их наяд төгрөгийг гурван сая иргэндээ хувааж авч үзвэл нэг иргэн өнгөрсөн хоёр жилийн дотор 1.2 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ хэмжээний алдагдалд иргэд, аж ахуй нэгжүүдийг оруулчихсан хэрнээ төр засаг хариуцлага хүлээхгүй, ямар нэгэн бодлогын шийдвэр гаргаж, нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ажиллахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс ч эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаалд нэгдэж байна” гэв.