Сурагчдын II улирлын амралт нэг сар үргэлжилж магадгүй

Эрүүл мэндийн яамнаас ерөнхий боловсролын сур­гуулийн сурагчдын хоёр­дугаар улирлын амрал­тыг хоёр сар болгох хүсэлт гаргасан.

 

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “ЭМЯ, БСШУСЯ хамтран өвлийн ид ачаалал, агаарын бохирдол ихтэй үеэр сурагчдын амралтыг хэрхэн зохицуулах талаар санал боловсруулж байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал эцэслэн шийдвэр нь гарч, олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэл хүргэнэ. Гэхдээ нэг зүйлийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Хүүхдүүдийг ханиад томуунаас сэргийлэх нь чухал боловч нөгөө талаар Монгол Улсад хэрэглэж ирсэн хичээлийн хуваарийн журмын дагуу онцгой тохиолдолд 21 хоногоос дээш хугацаагаар хичээл тасалдуулах заалт бий. Тэгэхээр дараа нь хичээлийг хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хоёр сар амарна гэхээр долдугаар сарын 7-ны өдөр хүрч сурагчдын амралт эхэлнэ. Наадам дөхөж амрахаар ЭЕШ-ыг зохион байгуулах ачаалал боловсролын салбарт үүснэ. Тиймээс өвчлөлийн нөхцөл байдлыг харж, ид ачааллын үед хоёр сар биш нэг сар амраах, бага ангийнханд хувилбарт зохицуулалт хийх талаар хамтран ажиллаж шийдвэр гаргах ёстой. Олон жил ажилласан багш нар хоёр сараар сурагчдын хичээлийг тасалдуулна гэдэг боловсролын түүхэнд байгаагүй үзэгдэл, ул суурьтай хандаа­рай гэдэг санал тавьж байгаа. Тиймээс үүнд нухацтай хандах хэрэгтэй. Энэ жил дэлхийн хэмжээнд томуугийн цар тахлын онцлогтой төстэй шинж тэмдгүүд илэрсэн, мөн шувуу болон гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангахыг олон улсын байгуулллагаас сэрэмжлүүлж байгаа учир үнэхээр тийм тохиолдол гарсан үед хорио цээр тогтоох байдлаар зохицуулах бололцоо хуулийн хувьд нээлттэй. Хүүхэд эрүүл байх ёстой, эрүүл байж сурч, хүмүүжнэ гэдэг уялдааг хангаж зөв шийдвэр гаргахын тулд хамтарч ажиллаж байна” гэв.